МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүлэгчдийн 2023 оны 10 дугаар сарын 14 өдрийн өргөтгөсөн хурлаар батлав.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДЭРГЭДЭХ СОЦИАЛ ДЕМОКРАТ АХМАДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ
Нэгдүгээр зүйл.
Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрэм нь Монгол Улсын үндсэн хууль, иргэний хууль, Төрийн Бус Байгууллагын тухай хууль, МАН-ын үндсэн дүрмийн хүрээнд Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, ажиллах зарчим, зохион байгуулалт, эрх үүргийг тодорхойлно.
1.2. Монгол Ардын Намын дэргэдэх социал демократ Ахмадын холбоо нь /цаашид холбоо гэх/ социал демократ үзэл баримтлал бүхий намын ахмад гишүүд, дэмжигчдийг эгнээндээ сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг Төрийн бус, хуулийн этгээд мөн. Холбоо нь гадаад дотоод харилцаандаа, социал демократ /social democrat elders/ SDE/ гэсэн нэр хэрэглэнэ.
1.3. Холбоо нь өөрийн зорилго, дүрэм, ажил үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Ардын Намын Их хурлаар баталсан Мөрийн хөтөлбөр, зорилго, үзэл баримтлалд тулгуурлан Намын дэргэдэх бусад холбоод болон Монголын Ахмадын Холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.
1.4 Холбоо нь социал демократ үзэл баримтлалыг мөрдлөг болгож, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чандлан мөрдөж, Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд дотоод ардчиллын зарчмыг баримтлан ажиллана.
Хоёрдугаар зүйл.
Ахмадын холбооны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.1. Монгол Ардын Намын үе үеийн ахмад, дунд, залуу үеийнхний эв нэгдэл, эх орон, тусгаар тогтнол, энх тайванч бодлого, ард түмний эрх чөлөө, амьдралын сайн сайхны төлөө социал демократ үзэл баримтлалыг мөрдлөг болгон сурталчлан таниулж, өвлүүлэн үлдээхэд туслах.
2.2. Монгол Ардын Намаас дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа дунд болон урт хугацааны бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Ахмад үеийнхний оролцоог нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх.
2.3. Намын Их хурлуудаас дэвшүүлсэн бодлого, зорилт, шийдвэрийг ард иргэд, залуучуудад өргөн сурталчлах.
2.4. Намын үйл хэргийн төлөө ажил үйлс, амьдралаа зориулж ирсэн ахмад үеийнхээ төлөө Монгол Ардын Намаас анхаарал халамж тавих явдалд санаачлагч байж, идэвхтэй ажиллах.
2.5. Төр, нийгэм, намын ахмад зүтгэлтэн, хөдөлмөр бүтээлийн алдар цуутан, нэрт эрдэмтэд, урлаг соёл, спортын алдартан болон намын гишүүдийн насны тэгш ойгоор хөдөлмөрийн алдрыг нь түгээн сурталчлах, тэмдэглэх, урамшуулах, шагнал хүртээх, тэдний туурвиж бүтээсэн ном, зохиол, оюуны үнэт бүтээлийг хэвлэх, нийтлэх, борлуулахад туслалцаа үзүүлэх.
2.6. Ахмадуудын урлаг, спортын тоглолт, уралдаан тэмцээн зохион байгуулах, урамшуулах, нийтэд сурталчлах.
2.7. Намын ахмад гишүүдийг Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сонгогчдод сурталчлахад идэвхтэй оролцуулах.
2.8. Монгол Ардын Намын ахмад гишүүд, залуучуудын нөхөрсөг уулзалт, ойлголцох ярилцлага, зөвлөгөөн, сургалт, сэдэвт аялал хамтран зохион байгуулах, энэхүү арга хэмжээнд намын дэргэдэх Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.
2.9. Ахмад үеийн эрүүл мэндийг хамгаалах, амралт сувилалд явуулах, ажлын байр бий болгох, ахуй амьдралд нь туслах арга хэмжээг холбогдох байгууллагуудад хандан тавьж, тэдэнтэй хамтран ажиллах.
2.10. Намын эгнээг залуучуудаар өргөтгөх, тэдэнд намын гишүүний эрх, үүргээ биелүүлэхэд нь туслаж зөвлөх. Улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын тулгамдсан асуудлаар намын ахмад үеийнхний дүгнэлт, санаа бодлыг илэрхийлсэн уриалга, илгээлт, мэдэгдэл, захидал хэлбэрээр холбогдох байгууллага, олон нийтийн анхаарлыг хандуулах, хэвлэн нийтлүүлэх.
2.11. Залуу боловсон хүчнийг шилж сонгохтой холбогдсон асуудлаар санал, зөвлөмж боловсруулан намын байгууллагад тавьж байх.
2.12. Нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлаарх төрийн бодлого, үйл ажиллагааны талаар намын ахмад үе, дэмжигчид, эрдэмтэн мэргэдийн дүгнэлт санал, санаачлагыг намын байгууллагад уламжилж, цаашид баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нь идэвхтэй оролцох.
2.13. Намын хэвлэл мэдээлэл, нийтлэлийн бодлогод дэм үзүүлж байх, “Монголын үнэн” сонинг захиалуулах, борлуулах ажилд туслах.
2.14. Холбооны дүрмээр тодорхойлогдсон зорилго, ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх.
2.15. Холбооны ажлын дотоод, гадаад харилцааг өргөтгөхөөр олон улсын ахмадын ижил төстэй байгууллага, холбоодтой ажил хэргийн холбоо тогтоох, хамтран ажиллах.
Гуравдугаар зүйл
3.1. Холбооны бүтэц, зохион байгуулалт
3.1.1. Холбоо нь Монгол Ардын Намын Социал демократ Ахмадын холбоо нэртэй байна.
3.1.2. Холбоо нь Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн МАН-ын байгууллагын дэргэд салбар холбоотой байна.
3.1.3. Холбоо нь Тэргүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, ажлын албатай байна.
3.2. Ахмадын холбооны Чуулган
3.2.1. Холбооны Чуулган нь / цаашид Чуулган гэх / тус холбооны эрх барих дээд байгууллага мөн.
3.2.2. Чуулган нь 4 жилд 1-2 удаа хуралдана.
3.2.3. Чуулган дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
а. Холбооны тайланг хэлэлцэх.
б. Холбооны Хяналтын албаны тайланг хэлэлцэх.
в. Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл, дүрмийг хэлэлцэн батлах, нэмэлт өөрчлөлт оруулах.
г. Холбооны Тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох / ил санал хураалтаар /.
д. Холбооны Хяналтын албаны гишүүдийг сонгох / ил санал хураалтаар /.
е. Чуулган хуралдуулах, тов, хэлэлцүүлэх асуудлыг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тогтоох.
ж. МАН-ын Их, Бага хурал болон Монгол Ардын Намын Удирдах зөвлөлд орох ахмад гишүүдийн төлөөллийн тоог МАН-ын удирдлагатай зөвшилцөж шийдвэрлэх.
з. Ээлжит бус Чуулганыг Ахмадын холбооны Тэргүүний саналаар, эсвэл тэргүүлэгчдийн 50-иас дээш хувийн хүсэлтээр хуралдах.
и. Чуулганы анхдугаар хуралдаанаар Холбооны Тэргүүнийг Монгол Ардын Намын даргатай зөвшилцөж сонгох бөгөөд чуулганд оруулж батлуулна.
3.2.4. Чуулганыг Холбооны Тэргүүн даргалж, хуралдуулна.
3.2.5. Холбооноос бүсчилсэн Чуулган зохион байгуулж болох бөгөөд шийдвэрийг холбооны Тэргүүлэгчдийн 3/2-ын шийдвэрээр гаргана.
3.2.6. Аливаа Чуулганы төлөөлөгчдийн 50-иас дээш хувь нь оролцсон тохиолдолд чуулганыг хүчинтэй гэж үзнэ.
3.3. Ахмадын Холбооны Тэргүүн
Холбооны Тэргүүний эрх, үүрэг
3.3.1 Чуулганы хооронд Холбооны үйл ажиллагааг удирдан зохицуулах.
3.3.2 Холбооны өмнөөс Монгол Ардын Намын Удирдах зөвлөлд төлөөллөөр орж нам, төр, олон нийт, аж ахуйн хийгээд гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүстэй харилцах, гэрээ байгуулах, итгэмжлэл, томилолт олгох, тушаал шийдвэр гаргах.
3.3.3 Тэргүүлэгчдийг сонгох асуудлаар Чуулганд санал оруулан хэлэлцүүлж батлуулах.
3.3.4 Тэргүүлэгчдийн хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн даргын асуудлаар санал оруулж, батлуулах.
3.3.5 Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргын ажиллах эрх үүрэг, журмыг боловсруулан Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, ажилд нь хяналт тавих.
3.4. Ахмадын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын эрх, үүрэг
3.4.1. Ахмадын холбооны дүрэм Чуулганы шийдвэр болон тэргүүлэгчдийн хурлын тогтоол шийдвэр, Ахмадын холбооны Тэргүүний зөвлөмж чиглэлийг хэрэгжүүлж, Ахмадын холбооны өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэх.
3.4.2. Ахмадын холбооны ажлын албыг удирдаж, үйл ажиллагааныхаа үр дүнг жил бүр тэргүүлэгчдийн хуралд тайлагнах.
3.4.3. Аймаг, нийслэл, дүүргийн Ахмадын холбоодыг ажлын арга зүйн удирдлагаар хангаж ажиллах.
3.5. Холбооны тэргүүлэгчид тэдгээрийн эрх, үүрэг
3.5.1 Холбооны Тэргүүлэгчид 67 хүртэл гишүүнтэй байж болно. Аймаг, нийслэлийн холбоодын дарга нар холбооны тэргүүлэгч гишүүн байна.
3.5.2. Тэргүүлэгчдийн 3/1-ийг дараагийн чуулганаар шинэчлэн сонгоно.
3.5.3. Тэргүүлэгчдийн 30-аас доошгүй хүртэлх хувьд нь эмэгтэйчүүдийн төлөөллийг сонгох бодлого баримтлана.
3.5.4. Чуулганы хооронд Тэргүүлэгчдийн орон гарсан тохиолдолд Холбооны Тэргүүн нөхөн сонгох санал гаргаж, Тэргүүлэгчдээр холбооны дүрэмд нийцүүлэн шийдүүлнэ. Тэргүүлэгчдэд чуулганы хуралдааны төлөөлөгчид болон холбооны Тэргүүлэгчид нэр дэвшүүлж болно.
3.5.5. Холбооны жил, улирлын ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батална.
3.5.6. Холбооны Тэргүүний саналаар Тэргүүлэгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын мэдээллийг сонсож хэлэлцэнэ.
3.5.7. Цаг үеийн асуудлаар тогтоол гаргана.
3.5.8. Аймаг, нийслэлийн намын хорооны дэргэдэх Ахмадын холбоодын ажлыг удирдамжаар хангах, тэдгээрийн даргыг сонгоход тухайн шатны намын байгууллагатай зөвшилцөнө.
3.5.9. Холбоо нь Улс орны хөгжлийн бодлого боловсруулах эрдэмтэд, судлаачдын зөвлөл байгуулан ажиллуулж болно.
Дөрөвдүгээр зүйл
Аймаг, нийслэлийн Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбоо
4.1. Аймаг, нийслэлийн Ахмадын чуулганыг 2 жил тутамд 1 удаа хийж, аймаг, нийслэлийн анхан шатны байгууллагын ахмадын холбооны ажлыг дүгнэж, тайлангаа Холбоонд хүргүүлнэ. Шаардлагатай үед Тэргүүлэгчдийн 3/2-ын саналаар ээлжит бус Чуулган хуралдуулж болно.
4.2. Тэргүүлэгчдий 1/3-ийг дараагийн чуулганаар шинэчлэн сонгоно.
4.3. Аймаг, нийслэлийн Ахмадын холбооны Чуулган дараах эрх эдэлнэ.
4.3.1 Нийслэлийн Намын хорооны дэргэдэх Ахмадын холбооны дарга, анхан
шатны салбар хороодын даргыг илээр сонгоно.
4.3.2. Анхан шатны ахмадын хорооны тэргүүлэгчид нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.3.3. Чуулганаар салбар хороодын 2 жилд хийсэн ажлын тайланг хэлэлцэж,
цаашдын зорилт, бодлогыг Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөр,
хөгжлийн бодлогод түшиглэн боловсруулж батална.
4.3.4. Хяналтын тоонд багтаан Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны Чуулганд төлөөлөгч сонгон батална.
Тавдугаар зүйл
Сум, дүүргийн Монгол Ардын Намын анхан шатны байгууллагын дэргэдэх Ахмадын салбар хороо
5.1. Монгол Ардын Намын сум, дүүргийн анхан шатны намын хороо, үүрийн дэргэд Ахмадын салбар хороотой байна.
5.2. Салбар хороо нь сум, дүүрэг хороодод Монгол Ардын Намын анхан шатны үүр, хороодыг түшиглэн байгуулагдаж, энэхүү дүрмийн дагуу ажиллана.
5.3. Анхан шатны Ахмадын хороо нь дээрх шатны Ахмадын хорооны удирдамжаар ажиллана.
Зургаадугаар зүйл
Холбооны хяналтын алба
6.1. Холбооны хяналтын алба нь / Цаашид хяналтын алба гэх / өөрийн хяналтын сонгуульт байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, тогтоомж, холбооны дүрмийн хүрээнд үйл ажлаа явуулна.
6.2. Холбооны хяналтын алба нь 5 хүртэлх гишүүдтэй байна. Хяналтын алба нь сонгуульт байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, тогтоомж, холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
6.3. Хяналтын алба нь дарга, гишүүдтэй байна.
6.4. Хяналтын алба нь дараах үүргийг хэрэгжүүлнэ.
6.4.1 Холбооны дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгаж танилцана.
6.4.2. Холбооны сан хөрөнгийн ашиглалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавина.
6.4.3. Тухайн холбооны чуулганд тайлангаа тавьж, хэлэлцүүлнэ.
Долоодугаар зүйл
Холбооны шийдвэр хүчин төгөлдөр болох нь
7.1. Холбооны чуулган Тэргүүлэгчдийн хурлын ирц, хурлаас гарах тогтоол нь ердийн, олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
Наймдугаар зүйл
Холбооны гишүүнчлэл
8.1. Холбоо нь энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаанд нь оролцох хүсэлтэй Монгол Ардын Намын гишүүн, дэмжигч 60 наснаас дээш эрэгтэй, 55 наснаас дээш эмэгтэй иргэдээс бүрдэнэ.
8.2. Гишүүд, дэмжигчид нь Монгол Ардын Намын анхан шатны үүр, хороодод заавал бүртгэлтэй байна.
8.3. Холбоо нь гишүүнээр элсэх өргөдөл, анкетийг бичгээр болон цахимаар бүрдүүлсэн байна.
8.4. Холбоо нь гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийг бүртгэж авсан ахмадын анхан шатны хороотой байж болно.
8.5. Холбооны гишүүдийн эрх үүрэг нь энэ дүрэм, Монгол Ардын Намын дүрэм (эрмэлзэх зүйлээр)-д нийцсэн байна.
8.6. Гишүүд нь намын бүх шатны сонгуульт ажилд сонгох, сонгогдох эрхтэй.
8.7. Холбоогоо аж ахуй, санхүүгийн хувьд бэхжүүлэх хэрэгт идэвх, санаачилгатай оролцоно.
Есдүгээр зүйл
Ахмадын холбооны сан хөрөнгө, аж ахуй
9.1. Холбооны сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
9.1.1. Монгол Ардын Намаас Ахмадын холбооны үйл ажиллагаанд зориулан олгосон тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хөрөнгө санхүүжилт.
9.1.2. Гишүүдийн хураамж, ахмадын холбооны үйл ажиллагааг дэмжигч байгууллага, хамт олон, хувь хүний хандив, тусламж, санхүүгийн бусад эх үүсвэр.
9.1.3. Холбооны дүрэм, бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, хуулиар хориглоогүй үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого.
9.2. МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүлэгч гишүүн жилд 120,000 / нэг зуун хорин мянган /, аймаг нийслэлийн холбооны тэргүүлэгч гишүүн 60,000 / жаран мянга /, сум, дүүргийн хорооны тэргүүлэгч 30,000 / гучин мянга / төгрөгийн хураамж төлж, дэмжлэг үзүүлнэ. Гишүүд дэмжигчдийн татвар хураамж, хандив тусламжийг тухайн шатны холбоод үйл ажиллагаандаа зарцуулна.
9.3. Жилийн хураамжаа төлөөгүй бол тухайн холбоо, хорооны тэргүүлэгчээс чөлөөлөгдсөнд тооцно.
Аравдугаар зүйл
Ахмадын холбооны бэлгэдэл
10.1. Ахмадын холбоо нь Монгол Ардын Намын бэлгэдэл хэрэглэх ба өөрийн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
Арван нэгдүгээр зүйл
Ахмадын холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах
11.1. Ахмадын холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Холбооны Чуулганаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.
МАН-ын дэргэдэх Ахмадын Холбоо