2026 оны 4-р сарын 14-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Тусгаар Тогтнолын ордонд ахмад настны нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар илтгэл тавилаа.

  • 2026-04-14
  • Н.Анхбаяр
  • 211

 

2026 оны 4-р сарын 14-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Тусгаар Тогтнолын ордонд ахмад настны нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар илтгэл тавилаа.Ахмадын холбооноос зохион явуулдаг ээлжит 26 дхаь уулзалтад Социал Демократ Ахмадын холбооны нийслэлийн дүүргийн ахмад гишүүд оролцлоо.

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэд зориулан зохион байгуулсан ээлжит уулзалтад намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны нийгмийн хамгааллын асуудлууд, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажиллагаа, нийгмийн даатгалын статистик үзүүлэлтүүд дээр тайлбарлаж илтгэл тавилаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, 5000 өрхийг ядуурлаас гаргах үндэсний санаачилга, тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх, хуримтлалыг өвлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндлөө. Ингэснээр 115 мянган ажилгүй иргэнийг ажилтай, орлоготой болгох, олон хүүхэдтэй байх хүн ам зүйн бодлогыг дэмжин   хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг анхаарч ажиллахаа илэрхийлэв. Ахмадуудын тэтгэврийг итгэлцүүрээр шинэчлэн зөрүүг арилгахаас гадна тэтгэврийн хуримтлалыг өвлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж хэллээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй ахмадуудын асуултад тайлбар өгөхдөө “Тэтгэврийн тогтолцоонд тулгамдаад буй зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол улсын Засгийн газрын 238 -р тогтоолд  ахмад настны тэтгэвэрийг тооцох итгэлцүүрийг  буруу тооцсоноос одоогийн байдлаар итгэлцүүрийн зөрүүгээс шалтгаалан бага тэтгэвэр авч буй 130 гаруй мянган ахмад настан байгааг онцолж энэ гажуудлыг засахын тулд итгэлцүүрийг шинчлэн тогтоох шаардлагатайг хэлсэнийг ахмадууд баяртайгаар хүлээн авч дэмжсэн юм.

Өнөөдрийн байдлаар дундаж тэтгэврийн хэмжээ 930.2 мянган төгрөг байгаа бөгөөд ахмадуудын зүгээс тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа бөгөөд тэтгэвэрийн нэмэгдлийг хэрэгжүүлэхэд дор хаяж улсын төсөвт 4.6 их наяд төгрөг шаардлагатайг салбарын сайд хэллээ.  Иймд  улсын төсвийг хэлэлцэн батлах эрх УИХ-д хадгалагддаг учраас энэ асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд улсын төсвийн боломж, нөхцөлтэй уялдуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдүүлэх, халамжийн сангаас ахмад настанд олгож буй санхүүжилт, хөнгөлөлт, тусламж, насны хишиг, асаргааны тэтгэмж зэрэг төрийн бодлого хэрэгжиж буйг тайлбарлалаа. Эдгээрээс амралт, рашаан сувиллын хөнгөлөлтөд ахмадууд хамгийн өндөр хувиар хамрагддаг бөгөөд энэ жил 52 амралт, сувиллын газартай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байна.

Уулзалтад 678 ахмадууд оролцож 21 хүн асуулт асууж сайдаас хариулт авлаа. Ахмадуудын зүгээс санал хүсэлт, асуулт тавихдаа тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинээр тогтоох шаардлагатай гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь тэтгэвэр, цалин хөлсийг нэмэхээсээ илүүтэй шатахуун, мах, гурилын үнийг төрөөс барьж тогтоох нь зүйтэй гэдгээ  илэрхийлж байсан юм. Ахмадуудын асуулт асууж байсан хүмүүсээс тус яаманд ажиллаж байсан өндөр настан Н.Аюуш тэтгэвэрийн тулгамдсан асуудлаар мэргэжлийн асуулт тавьж, зөвлөмж өгсөн нь уулзалтанд оролцогсодын анхаарлыг татлаа.

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны ахмад настан Н.Аюуш:

Би бол Гэр бүл,хөдөлмөр,нийгмийн хамгаалалын яамнаас тэтгэвэрт гарсан, тэтгэвэрийн асуудал хариуцаж байсан газрын дарга  өндөр настан хүн байна. Өнөөдөр яригдаж байгаа сэдэв дотроос сайдын хэлсэн итгэлцүүрийг өөрчлөх,  шударга ёсыг тогтооно гэсэн асуудал дээр их ач холбогдол өгч байна. Гэхдээ таны 2 сая 400 мянган төгрөг болгож хязгаарлаж   өөрчлөнө гэдэг бол шударга ёсыг тогтоож чадахгүй. Зөвхөн ёроолоос нь  жаахан л өсгөж байгаа хэрэг. Ийм хоёрын хооронд нэмсэнээс бараг хийгээгүй нь дээр шүү дээ. Сайд аа, хамгийн сүүлийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болсон учраас хязгаарлах дүн чинь 7 сая 920 мянган төгрөг болж байна.. Энэ дүнгээ авч үлдээд бусад бүх актуудыг нь хүчингүй болгохгүй бол цаашид шударга ёсны төлөө гэж  яриад ч хэрэггүй. Энэ бол маш ноцтой аюултай асуудал шүү. Тэгээд 1 сая 404 мянга, 1 сая 920 мянга, 2 сая 400 мянга, 3 сая 200 мянга, 4 сая 200 мянга, 5 сая 500 мянга, 6 сая 600 мянган төгрөг гэсэн тоонууд чинь бүгдээрээ хүчингүй болсон эрхийн актын тоонууд шүү дээ. Тэр хүчингүй болсон эрхийн актуудыг хязгаарласан хүмүүсдээ ямар хариуцлага  хүлээлгэсэн бэ? Ямар хариуцлага тооцсон бэ? гэж таниас асуумаар байна.  Нөгөө талаасаа доод тэтгэвэрийг 1 сая 500 мянга болгоно гээд шаардлага тавиад байгаа хүмүүст мэргэжлийн хүний үүднээс сануулах зүйл байна. Яагаад гэвэл сайд та түрүүн хэлсэн. Төлсөн шимтгэлээр тэтгэвэрийг олгож байгаа гэсэн. Тэгэхлээр шимтгэл төлж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянга байгаа шүү дээ. Гэтэл тэтгэвэрийн доод хэмжээ чинь 769 мянган төгрөгөөр тооцож байгаа. Энд ярьсан асуудлуудаа Ерөнхий сайдад танилцуулах гэж байгаа юм байна. Тэгэхлээр 2 сая 400 мянган төгрөг гэж  танилцуулвал буруу болно шүү. Яагаад гэвэл үүний цаана өчнөөн олон хууль зөрчсөн олон хязгаарлалтууд бий.  Би үүнийг бүгдийг нь одоо дурьдах боломжгүй байна. Энэ асуудал дээр чинь маш олон зөрчил байгаа. Үүнийг мэргэжилтнүүд нь сайддаа хэлж өгсөн үү?  Мөн дахиад нэг том зөрчил хэлэхэд, энд цэргийнхэн сууж байна.Нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хязгаарт цэргийн албан хаагчдын тэтгэвэр ямар хамааралтай юм бэ? Ийм  наад захын хууль зөрчсөн бүдүүлэг зүйл хийгдсэн байна. Тэр бүгдийгээ засах хэрэгтэй болж байна.Надад нарийвчилж бичсэн мэдээлэл байгаа. Үүнийгээ аваачиж өгнө. Та намайг холбогдох хүмүүстэйгээ хамтран уулзуулж,  энэ талаар  ойлголтоо гүнзгийрүүлээд авах хэрэгтэй  байна гэж хүсэж байна.