УИХ-ын даргаар Сандагийн Бямбацогтыг хуралдаанд оролцсон 114 гишүүнээс 87 буюу 76.3 хувийн саналаар дэмжиж томиллоо.

  • 2026-04-03
  • Н.Анхбаяр
  • 12

УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ:

САХИЛГА, ДЭГ ЖУРМЫГ БЭХЖҮҮЛЖ, ХАРИУЦЛАГАТАЙ, ЁС ЗҮЙТЭЙ ПАРЛАМЕНТЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ АЖИЛЛАНА.

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.04.03/-ийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын даргаар Сандагийн Бямбацогтыг хуралдаанд оролцсон 114 гишүүнээс 87 буюу 76.3 хувийн саналаар дэмжиж томиллоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт “Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй байр суурийг баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн сахиулахад оршино.

Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй.

Манай улс олон намын тогтолцоотой, олон намын оролцоотой парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх нь зүйн хэрэг. Харин тэрхүү ялгаатай байр суурийг хуулийн гадуур шийдэх тоглолт хийх ёсгүй. Энэ бол парламентат ёсны мөн чанарт нийцэхгүй.

Тиймээс хууль ёсыг чанд сахих, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллана” гэв.