УЛСЫН ИХ ХУРЛЫН НЭГДСЭН ЧУУЛГАНААР МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛОО./ 2026 оны 3-р сарын 30/

  • 2026-04-01
  • Н.Анхбаяр
  • 83

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Монгол Ардын намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын 40 гаруй гишүүн асуулт асууж, түүнээс хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь дэмжиж, “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг  батлав.

Монгол Ардын намын дарга Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Тэрбээр “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо. Мөн дээрх бодлогыг боловсруулахдаа хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан үзсэнээ дэлгэрэнгүй тайлбарлав.

 

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал:

Миний тэргүүлэх Засгийн газар ид шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй.

Үнэнийг үнэнээр нь хэлнэ.

Гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийнэ.

Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, хожим хойно хийгээгүй үйлдлийнхээ төлөө харамсахгүйн төлөө ачаагаа үүрнэ.

“ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам – Дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ.

Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн их оролцооноос чөлөөлөх ажил юм.

Эрх чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм.

Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм.

Эрх чөлөөтэй нийгэм эрүүл нээлттэй, иргэндээ итгэдэг төр илүү хүчтэй.

Төр оршихуйн баталгаа нь түмэн олны итгэл, улс төрийн намын амжилтын үндэс нь ард түмний дэмжлэг юм.

Суудал шийдэл ярьдаг бус асуудал шийдэл ярьдаг, сандал ширээ булаалддаг бус санал шийдлээ уралдуулдаг бүтээлч Монголыг хамтдаа бүтээцгээе.

Эрх чөлөөний наран Монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай.