УИХ-ын гишүүн, МАН-ын “Гишүүн төвтэй нам Е-4 стратегийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга Н. Батсүмбэрэл СДАХ-ны ахмадуудтай уулзлаа.

  • 2026-03-17
  • Н.Анхбаяр
  • 196

 

УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга, МАН-ын “Гишүүн төвтэй нам Е-4 стратегийг хөгжүүлэх хорооны дарга Н.Батсүмбэрэл Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.03.17/ болсон “Гишүүн төвтэй нам Е-4 стратеги-Ахмадын оролцоо” уулзалтад оролцлоо.

Н. Батсүмбэрэл Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх “Гишүүн төвтэй нам Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороог удирдан ажилладаг бөгөөд уулзалтад ирсэн СДАХ-ны ахмадуудад УИХ-ын өнгөрсөн 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцсэн асуудлууд, өчигдөр эхэлсэн 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийг танилцуулж, намын даргын дэвшүүлж буй бодлого, зорилт хөтөлбөрөөр илтгэлээ тавилаа.

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн ахмад гишүүд, дэмжигчдэд зориулан зохион байгуулсан 26 дахь уулзалтад тус холбооны тэргүүн Б.Гомбо, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун, “Гишүүн төвтэй нам Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар Чингэлтэй дүүргийн намын хорооны дэргэдэх СДАХ– ны дарга С.Буянхишиг нар оролцлоо.

УИХ-ын энэ хаврын чуулганаар нийт 60 төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд нэг нь Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэдгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцууллаа.

Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, ёс зүйн дүрмийг ноцтой удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татах талаар тусгасаныг хэллээ.  УИХ-ын гишүүдээс хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр 37 хуулийн төсөл, Засгийн газрын зүгээс 22 хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд  өнөөдрөөс байнгын хороодоор хэлэлцүүлж эхлээд байна.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан саяхан болж намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” концепцыг танилцуулж хэлэлцүүлсэн билээ. МАН-ын гишүүдийн  бүх түвшинд хэрэгжүүлэх “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хэлэлцэн баталсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ахмадуудад танилцууллаа.

Уулзалтад нийт 600 гаруй Социал Демократ Ахмадын холбооны гишүүд дэмжигчид оролцож түүнээс  14 ахмадуудын төлөөлөл асуулт асууж, санал хүсэлтээ уламжиллаа.  Тэд хэлэхдээ төрийн түшээдийн сахилга бат, хариуцлага, ёс зүй, намын гишүүдийн эв нэгдэлд шүүмжлэлтэй хандаж байснаа нуусангүй.  Эх оронч үзэл санааг бүх шатанд төлөвшүүлэх, төр засгаас халамж, тэтгэмж, урамшууллын бодлогыг хавтгайруулах бус иргэдийг өөрсдөө амьдрах, суралцах, хөгжих, бүтээх аргад суралцуулах, түүнийг нь дэмжиж ажиллах нь зүйтэй гэх саналуудыг хэлж байлаа.