Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан

  • 2026-02-27
  • Н.Анхбаяр
  • 198

­­­­­­­­­Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” уриатай өнөөдөр /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд хуралдлаа.

Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II ­­­хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлсэн байна. Бага хурлын гишүүдийн 40% нь эмэгтэйчүүд байна.

Бага хурлын гишүүдийн хамгийн ахмад нь Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн ­­­­­­дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон, хамгийн залуу нь 24 настай Д.Баасандорж нар хуралд оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэлийг сонсоно. Мөн намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулна.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан ихээхэн онцлогтой бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдааныг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулна. Мөн Улс төрийн намын тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын үндсэн дүрмийн хүрээнд “Маргаан хянан шалгах журам”-ыг бага хурлаар батлуулж мөрдөхөөр болно.

Бодлогын хороодууд:

“Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
Хот байгуулалтын бодлогын хороо
Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
Эрүүл мэндийн бодлогын хороо
Технологи, инновацийн бодлогын хороо
Хүний эрхийн бодлогын хороо

МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН II ХУРАЛДААН ДОЛООН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг танилцууллаа.

Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын цаг үеийн мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэсний дараа Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороодын салбар хуралдаанууд зохион байгуулагдах юм.

Н.УЧРАЛ: АЛДАА, ОНООГОО Ч ШУДАРГААР ДҮГНЭХ НЬ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЗАМЫН ЗӨВ ЭХЛЭЛ, ЗӨВ ГАРАА БОЛНО.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдааны эхэнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” сэдэвт улс төрийн илтгэл тавилаа.

Тэрбээр “Эрх чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм. Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна” хэмээв.

Мөн “Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно” гэлээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” гэдэгт:

1. Эдийн засгийн чөлөөлөлт

2. Эрх зүйн чөлөөлөлт

3. Ногоон хөгжлийн чөлөөлөлт

4. Авлигын эсрэг чөлөөлөлт гэж хэллээ.

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал

Авлига дугуй засварчнаас нэхдэг галын дүгнэлтээс эхлээд салбар бүрд шат бүхэнд идээ бээр нь бугшсан нийгмийн хорт хавдар болжээ.

Авлига Монголыг идэж байна.

Авлига Ардын намыг идэж байна.

Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

1. Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан,

2. Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,

3. Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,

4. Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна.

Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй.

Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя.

Авлигын эсрэг чөлөөлөлтийг ардын нам өөрөөсөө эхэлнэ.

Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ.

Ардын нам эрх чөлөөг хамгаалж түмнийхээ сэтгэлд, иргэдийнхээ итгэлд дахин төрнө.

Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг алагчлалгүй ивээх болтугай!

Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЗӨВ ЧИГЛЭЛ, ЗӨВ ГОЛДИРОЛДОО ОРЖ БАЙНА.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар илтгэл тавилаа.

Г. Занданшатар:  “Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тоо бол баримт. Энэ тоон үзүүлэлтийг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Хөдөө аж ахуй салбар эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Мөн Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг бүрдүүллээ. Иймд  Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна гэж үзэж болно. Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байгааг онцлон тэмдэглэлээ. Сүүлийн үед 90 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээг тогтоолоо. 2025 оны эхний хагаст нийт экспортын орлого 5,4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15,7 тэрбум ам.доллар болж 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3,8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. Дараагийн шатанд нэмүү өртөгийг шингээж, экспортын хэмжээ нэмэгдүүлэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг харууллаа” хэмээлээ.

Бас нэг сайн мэдээ бол валютын нөөц долоон тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оноос 1,5 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон тэмдэглэв.

Цаашид ” Манай Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготой цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөө иргэн бүртээ хүртээсэн Засгийн газар байхын тулд бодлогын шат дараалсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлнэ” гэж хэллээ.

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Я.СОДБААТАР МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙН ТАЛААР ИЛТГЭЛ ТАВИВ.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүн, судалгаа, мониторинг хийсэн аргачлал” сэдэвтэй илтгэл тавилаа.

Сүүлийн 30 жилийн нийгэм, эдийн засгийн өсөлт, 2016 оноос өмнөх эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Ардын намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, одоогийн байдал, цаашид анхаарал асуудал зэрэг сэдвийг онцоллоо.МАН-ынн мөрийн хөтөлбөрийг олон улсын MARPOR аргачлал болон LLM хиймэл оюунд суурилан бодлогын 11 хорооны оролцоотойгоор анх удаа үнэлсэн тухайгаа илтгэлдээ дурдлаа.

МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН САЛБАР ХУРАЛДААНУУД ХУРАЛДЛАА.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаан ихээхэн онцлогтой болж байгаа бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдаануудаа зохион байгуулж байна.

Энэ салбар хуралдаануудад  чиглэл тус бүрт эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд чиглүүлэгч, панелистууд асуулт, хариулт, санал шүүмжлэл өрнүүлж байна. Тэд бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулах ёстой.

Бодлогын хороодын нэрс, хорооны дарга:

1. “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл,
2. Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах,
3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц
4. Хот байгуулалтын бодлогын хорооны даргаар Ж.Алдаржавхлан,
5. Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин,
6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны даргаар Ц.Сандаг-Очир,
7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат,
8. Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун,
9. Эрүүл мэндийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа,
10. Технологи, инновацийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Анар,
11. Хүний эрхийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нар ажиллаж байна.

Бодлогын хороодын салбар хуралдааны модератор, панелистуудыг танилцуулж байна.

БОДЛОГЫН ХОРООД САНАЛ, ЗӨВЛӨМЖӨӨ БАГА ХУРЛЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан үргэлжилж, Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын 11 хорооны салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжтэй танилцлаа.

Тухайлбал, Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Саранчулуун эхлээд индэрт танилцуулгаа хийв. Тэрбээр, монгол хүний эрүүл насжилт, хөгжлийн онцлогтой иргэдийн гэрээс гарч чаддаггүй шалтгаан, тэднийг хөдөлмөр эрхлэх боломжтой тогтолцоотой болох зэргийг хөндөж ярив.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдааны эхэнд тавьсан илтгэлүүдийг дохионы хэлмэрчтэй дамжуулсан нь ихээхэн хүртээмжтэй шийдэл болсныг Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Саранчулуун онцолж байв.

Мөн Хүний эрхийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал манай улсад хүүхэд хамгааллын тогтолцоо учир дутагдалтайг дурдав.

Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны салбар хуралдааны үеэр боловсролд тулгарч буй асуудлыг багцаар нь ярих шаардлагатай, суралцагчийн ёс зүй, багшийн хөгжлийг оролцогчид түлхүү хөндөж ярилцсан талаар тус хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах танилцууллаа.

Хот байгуулалтын бодлогын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Б.Уянга намын мөрийн хөтөлбөрт тусгасан 20 минутын хот төсөл, шинэ Хархорум хотын төслийг эрчимжүүлэх, иргэдийн хүсдэг ипотек, эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчин ээлтэй орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар салбар хуралдааны үеэр ярилцжээ.

Технологи, инновацийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Анар иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэдэг, цахим хэрэглээнд оновчтой шийдэл болсон и-монголиа дараагийн шатыг хэрэгжүүлэхийг танилцуулгадаа дурдав.

“Гишүүн төвтэй нам E-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Монгол Ардын намын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” ая иргэдэд богино хугацаанд хүрч, ард түмнийг дэмжлэгийг авч байна, тэд эдийн засгийн эрх чөлөөг, эрчим хүчний эрх чөлөөг, улс төрийн эрх чөлөөг хүсэж байна гэж онцлон ярив.

Мөн Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга П.Норовсамбуу, Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжөө Бага хурлын гишүүдэд танилцуулав.

Бодлогын хороодын салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг тусгасан тогтоолыг Бага хурлаас батлах юм. Бага хурлаас гаргах тогтоолуудыг эцсийн найруулгад бэлтгэх редакцийн комиссыг намын даргын ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар ахалж ажиллалаа.

МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН II ХУРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар гурван тогтоол баталснаар өндөрлөв. Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нар ажиллалаа.

Хуралдааны эхний хэсэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” сэдэвт улс төрийн илтгэл, Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн тайлан мэдээлэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, мониторингийн судалгааны талаар илтгэл танилцуулсан юм.

Хуралдааны дараагийн хэсэгт Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүртээ салбар хуралдаан зохион байгуулж, санал, зөвлөмжөө Бага хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар намын бүх түвшинд хэрэгжүүлэх “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.  Дараа нь Монгол Ардын намын дарга Н.Учрал  “Намын гишүүдийн идэвх оролцоог дүгнэх, оноожуулах журам”-ыг Бага хурлын гишүүдэд танилцуулж хэлэлцэн баталлаа.

Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий Хорооны “Маргаан хянан шийдвэрлэх журам”-ыг тус хорооны дарга Т.Мөнхтөр Бага хурлын гишүүдэд танилцуулж батлууллаа.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Бага хурлын II хуралдааныг хааж хэлсэн үгэндээ: Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын хороод цаашид илүү идэвхтэй, олон гишүүнийг хамруулсан, өргөн хүрээнд ажиллахыг уриалж, бодлого ярьсан ажил хэрэгч Бага хурал болсныг онцлон тэмдэглэлээ.

Хуралдааны даргаар ажилласан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Ө.Золбаяр нар Бага хурлын II хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийлээ.