МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны сар шинийн мэндчилгээ, уулзалт

  • 2026-02-21
  • Н.Анхбаяр
  • 319

МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол улсын нийт буянт буурлууд ахмад настнуудаа!

Эрхэм хүндэт МАН-ын ахмад гишүүдээ!

Монголын уламжлалт цагаан сар бол манай ард түмний шинэ жилийн баяр, хүн бүр нас нэмэх, урин хавартай золгосны баяр.

Цагаан сараар өтгөс буурлуудынхаа алтан сургаал, амин захиасыг дээдлэн сонсож, өвөг дээдэс, өндөр настантайгаа золгодог сайхан уламжлалтай. Иймд ураг төрлөөрөө учран золгож, удам судраа хэлэлцэж, аливаа саар бүхнээ хуучин жилдээ орхиж, айлчлан ирж буй шинэ ондоо сэтгэл ариун, итгэл дүүрэн, энх амгалан, элбэг дэлбэг, буян заяа тэгш дүүрэн байхыг бэлгэдэн ерөөдөг билээ.

Ирж буй “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон Монгол улсын нийт хүн ам 3 сая 545 мянгад хүрлээ. Монгол улсын нийт ахмад настан  одоогийн байдлаар 427 мянга 674 хүн байна.

МАН-ын  цахим бүртгэлтэй гишүүдийн гуравны нэгий г манай намын ахмад гишүүд  эзэлж байгаа бөгөөд улс төрийн амьдралд  ахмад гишүүд маань жинтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн.  МАН-ын ахмад гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой эрх нь зөрчигдсөн асуудлууд  дээр намынхаа нийт ахмад гишүүдийнхээ санаа бодол, хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. УИХ-д орж хэлэлцэгдэж байгаа хуулиудтай холбогдуулан ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэвэрийн зөрөөг арилгах, хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх зэрэг тэднийг  хөндсөн олон талт асуудалд манай холбоо намын ахмад гишүүдийнхээ эрх ашгийн төлөө тууштай хамтран ажиллах болно.

Мянга мянган жилийн түүхтэй нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийг тээж яваа буурлууддаа өвлийг өнтэй давж, урин хавартай урамтай золгохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилдээ энх амгалан, элбэг хангалуун, тэгш дүүрэн амьдрахыг хүсэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо

Өнөөдөр 2026 оны 2-р сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийг “Их тэнгэр”-ийн харшид хүлээн авч сар шинийн золголт хийж хүндэтгэл үзүүллээ. Н. Учрал:

Ахмадууд маань бидний үзэл санааны тулгуур, хариуцлагын жин, эв нэгдлийн зангилаа билээ.

Өнөөдрийн бидний хийж буй алхам бүрийн цаана ахмадуудын туулсан зам, гаргасан шийдвэр, үүрсэн ачаа бий.

Өнгөрснөө хүндэтгэж, өнөөдрөө зөв авч явж, ирээдүйгээ итгэлтэй бүтээх нь бидний үүрэг юм.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Залгамж үе нь замаасаа гажихгүй, зарчмаасаа ухрахгүй, итгэл алдахгүй, эх орныхоо төлөө зүтгэх болно гэлээ.