“Оюутолгойгоос хүртэх Монголын үр өгөөж” сэдвээр Тусгаар тогтнолын ордонд уулзалт боллоо.
- 2026-02-04
- Н.Анхбаяр
- 123
“ОЮУТОЛГОЙГООС ХҮРТЭХ МОНГОЛЫН ҮР ӨГӨӨЖ” СЭДВЭЭР СОЦИАЛ ДЕМОКРАТ АХМАДУУДАД УИХ-ын ГИШҮҮН О.БАТНАЙРАМДАЛ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хорооны даргаар ажилласан О.Батнайрамдал Тусгаар тогтнолын ордонд /2026.02.03/ болсон ахмадуудын уулзалтад оролцлоо.
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэд зориулан зохион байгуулсан энэхүү уулзалтад ирсэн ахмадуудад “Оюутолгой” төслөөс хүртэх Монголын үр өгөөжийн талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулсан шалтгаан, түр хорооноос Оюутолгойн талаар явуулсан нээлттэй сонсгол, “Онтрэ” ХХК-тай холбоотой гэрээ хэлэлцээрийн талаар тайлбарлав.
Мөн “Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай хяналт шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард гаргасан УИХ-ын 120 дугаар тогтоолд ямар зүйл заалт тусгасан тухайд ахмадуудад мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын Үндсэн хууль болон одоо дагаж мөрдөж байгаа хуульд нийцүүлэн Оюутолгойн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд ээлтэй байхаар төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох, илүү сайжруулах боломжтой гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн О.Батнайрамдал онцлов.
Уулзалтыг СДАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр удирдан явуулж, ахмадуудын төлөөлөл санал бодлоо хэллээ. Тэд Оюутолгойн орд ямагт монголчуудын эрх ашигт нийцсэн, үр дүнтэй гэрээ хэлэлцээртэй, өгөөж нь олон жил үргэлжлэх учиртай гэж байлаа.




