УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал 2026 оны 1-р сарын 21-нд ТТО-нд 851 идэвхтэн сонгуультан намын ахмадуудтай уулзалт хийв.

  • 2026-01-21
  • Н.Анхбаяр
  • 328

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал анхны томоохон хэмжээний уулзалтаа нийслэлийн төвийн бүсийн долоон дүүргийн Социал Демократ Ахмадын Холбооны гишүүд, дэмжигчидтэй намын төв байр Тусгаар тогтнолын ордонд оны өмнө уулзаж байсан бол өнөөдөр /2026.01.21/ намын дэргэдэх СДАХ болон Монголын Ахмадын холбооны нийслэлийн есөн дүүргийн намын идэвхтэн сонгуультан ахмадуудуудтай уулзах уулзалтад оролцлоо. Монгол Ардын намын дарга Н.Учрал  ажил, амьдралын туршлагатай ахмадуудаа сонсож, дунд үе нь ачаа үүрч, залуусаа дайчлан ажиллах учиртай гэсэн байр суурийг ахмадуудад илэрхийлж санал бодлоо хуваалцаж илтгэл тавилаа. Энэхүү уулзалтад нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны ахмадын холбооны удирдах албаны 1349 ахмадуудаас  851 нь оролцлоо. Мөн уулзалтад намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцсон юм.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдрахын тулд чөдөр тушаа болдог зарим дүрэм журмыг төрөөс чөлөөлөх санаачилга өрнүүлж буйгаа ахмадуудад танилцууллаа. Тэрбээр парламентын төвшинд хийж эхэлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим зүйлийнхээ талаар “Тэтгэврийг жил бүр хэдэн хувиар нэмсэн ч үнийн өсөлттэй зэрэгцээд ямар ч үр дүнгүй болж байна. Иймд өмнө нь өөрийн санаачилсан тэтгэврийн шинэчлэлийг дуусгахын төлөө ажиллана. Тодруулбал, хувийн тэтгэврийн сан, төрийн тэтгэврийн сан аль алинаас нь тэтгэвэр авдаг тогтолцоо руу алхам алхмаар явах учиртай. Мөн татварын багц хуулийг гаргана. Төрийн хүнд сурталтай тэмцэнэ. Орон нутагт эрх мэдлийг төвлөрүүлнэ. Банкны салбарт хийж буй ажлуудаа үргэлжлүүлнэ. Уул уурхайн ордын үр өгөөжүүдийг тодорхой болгоно. Олон жил болж буй Уул уурхайн салбарын ил тод байдлын тухай хуулийг гаргана. Хүнд суртал, дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Хүний эрхийг хангах, нийгэмд хурцадмал асуудал болоод буй хүүхдийн хүчирхийллийн асуудалд онцгой анхаарч ажиллахаас гадна  эрчим хүчний асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ” гэж хэллээ.Ахмадуудын төлөөлөл Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралаас асуулт асууж, мөн санал хүсэлтээ биечлэн болон бичгээр уламжилсан юм. Тэд төр засгийн боловсон хүчний бодлого дордсон, иргэдийн 1072 хувьцааг цаашид хэрхэх вэ, ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацааг сунгах, тэтгэвэр өвлөгдөх эсэх, ахмадуудад олгох хөнгөлөлттэй үнэтэй орон сууцны хөтөлбөр, УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, ёс зүй, эгүүлэн татах, хариуцлага тооцох механизм, төрийн албаны хүнд суртал, орон тооны давхардал, намын нэр хүндийг тогтвортой хадгалах зэрэг зүйлийг хөндөж байв.