2026 онд Нийслэл Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Социал Демократ ахмадуудтай уулзалт хийлээ.
- 2026-01-06
- Н.Анхбаяр
- 221

Өнөөдөр 2026.01.06 -нд Тусгаар тогтнолын ордонд МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ зориулан улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өрнөж буй үйл явцын мэдээллийг цаг тухайд нь бодитоор хүргэхээр зохион байгуулдаг уулзалт болж өнгөрлөө. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд энэхүү уулзалтаа 20 удаа хийсэн бөгөөд энэ удаагийнх 2026 оны анхных бөгөөд СДАХ-ны нийслэлийн дүүргүүдийн 800 гаруй гишүүн, дэмжигч оролцсон юм. Тэдэнд хотод өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.
Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын багийн хэрэгжүүлж буй Улаанбаатарын тулгамдсан асуудал болох автозамын түгжрэл, агаарын бохирдол хоёрыг багасгах, цаашлаад бүрэн шийдвэрлэхийн тулд дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, орон сууц, ногоон хөгжилд бодит өөрчлөлт авчирч, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн томоохон төслүүдийнхээ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолж дурдав.
Засгийн газраас өнгөрсөн 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор хотын хэмжээнд 16 мега төслөөс 10-ыг нь гэрээ хийж эхлүүлжээ. Эдгээр төслүүд нь нийслэлийн төсвийн санхүүжилтээр болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа аж.
Гэр хорооллыг дахин төлөвлөх байдлаар Улаанбаатарт ирэх жилүүдэд ойролцоогоор нийт 40 мянга орчим айлын орон сууц ашиглалтад оруулах юм байна. Мөн хотын түгжрэлийг бууруулахын тулд Туулын хурдны замыг бүтээн байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулсан уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С. Мөнгөнчимэг цугласан ахмадуудын санал, хүсэлтийг хүлээн авч уулзалтад оролцлоо.
Тэрбээр намын дэргэдэх төрийн бус байгууллагуудыг хариуцдаг Нарийн бичгийн дарга бөгөөд урд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Сангийн дэд сайдаар тус тус ажиллаж байсны дээр тэтгэвэр, тэтгэмж, асаргаа сувилгаа зэрэг ахмадуудын голчлон тавьдаг асуулт, санал, хүсэлт зэргийг сонсож, хүлээн авч шийдвэрлэх чиглэлд идэвхтэй ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.


