УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын сайд Э. Бат-Амгалан нийслэлийн СДАХ-ны гишүүд, дэмжигчидтэй ТТО-нд уулзалт хийлээ.

  • 2025-12-16
  • Н.Анхбаяр
  • 327

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын сайд Э. Бат-Амгалантай нийслэлийн СДАХ-ны гишүүд, дэмжигчид ТТО -нд уулзалт хийлээ.

УИХ-ын гишүүн Монгол улсын Засгийн газрын гишүүн Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын сайд Э. Бат-Амгалан өнөөдөр Тусгаар Тогтнолын ордонд нийслэлийн  Социал Деиократ Ахмадын холбооны гишүүд дэмжигчдийн  уулзалтад хүрэлцэн ирэв.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Монгол Улсын Засгийн газраас орон сууцжуулалт, хот байгуулалт, төлөвлөлтийн талаар баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар пресентази үзүүлж илтгэл тавилаа. Энэхүү 14 хоногт зохиогддог 20-р уулзалтад МАН-ын дэргэдэх СДАХ-ны нийслэлийн дүүргүүдийн 800 гаруй гишүүн, дэмжигчид  оролцож УИХ-ын гишүүн,  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрийн бодлогоор Улаанбаатарт хэрэгжиж буй орон сууцны төслүүдтэй түүний илтгэлээр танилцлаа.

Тодруулбал, Баянхошуу, Шар хад, Сэлбэ, Баянголын ам, Ханын материал, Ногоон нуур, Солонго 1 ба 2 хороолол, “Залуус-1” зэрэг нийт 10 байршилд төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2028 он гэхэд 27.310 айлыг орон сууцад оруулахаар төлөвлөжээ. Төслүүд одоогоор төлөвлөгөөний дагуу явж байгаа, энэ 2025 онд 1228 айл орон сууцанд  орж байна. Иргэд эдгээр орон сууцуудыг  түрээслэх, түрээслээд өмчлөх, газраар солих зэрэг олон хэлбэрээр хамрагдаж байгаа юм.

Олон хүн орон сууцад орох хүсэлтэй байдаг ч нэг метр.кв-ын үнэ нэмэгдсээр байгаа шалтгааныг сайд Э.Бат-Амгалан сайд  тайлбарлахдаа: “Цаашид орон сууцны нэг метр.кв-ын үнэ өссөөр байх тул төрөөс Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль гаргахаар Засгийн газар, УИХ-ын төвшинд ажлын хэсгүүд байгуулж ажиллаж байна. Төр орон сууцжуулах бодлогоо барьж, газрыг нь гаргаж өгнө, дэд бүтцийг татаж өгнө, банкнаасаа эх үүсвэр авна, барилгын дундаж компаниудыг сонгон шалгаруулж тендерт оролцуулна. Манай барилгын компаниудын хүчин чадал сайжирсан. Гол нь чанартай барилга барьж төрд нийлүүлэх ёстой, тэндээсээ төр дараагийн төслүүдээ босгох зарчмаар ажиллахыг онцоллоо. Энэ нь Солонгос, Сингапур, Казахстан улсад явуулдаг 80-90 хувийн төрийн оролцоотой ажиллаж болдог тогтолцоо юм” гэлээ.

Дээрх улсад  дурдагдсан  “Орон сууцжуулалтын тухай” анхдагч хууль, “Орон сууцны санхүүжилтийн банкны тухай”  гэсэн хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажлын хэсгүүд ажиллаж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 130 мянган өрхөд 11 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Дээрх хоёр хуулийн төсөл эцэслэн батлагдвал орон сууцны үнэ буурна гэж тооцож байгаагаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэллээ.

Мөн хот, хөдөөгүй хүний таатай амьдрах орчныг цогц байгуулахын  тулд барилгын салбарт цэвэрлэх байгууламж, бохирын шугам, инженерчлэлийн шугам сүлжээ, барилгын материал, цемент, арматурын үйлдвэр, импортын материалын чанар, стандартыг хянах лаборатори чухал гэдгийг сайд онцоллоо.

 Төр,  төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр олон улсын түнш байгууллагуудын тусламжтайгаар нийслэлийн хуучны угсармал 1048 орон сууцны 375-ынх нь гадна дулаалгыг шийдсэн  зэрэг салбарынхаа ахицтай яваа ажлуудаасаа ахмадуудад танилцууллаа.

Ахмадуудын хувьд газар чөлөөлөх явц удаашралтай, байрандаа ороход зураг төслөөсөө зөрсөн байдаг, байрны чанар муугаас иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль, өмгөөлөл хэрэгтэй болдог зэрэг асуудлыг хөндөж байлаа. Ахмадуудын асуусан асуултанд сайд хариулт өгч үлдсэн асуултын хариултыг яамны газар хэлтсийн дарга нар цаг алдалгүй асуусан иргэд бүрт  утсаар хариулт өгөхөөр боллоо. Энэ уулзалтад  Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, сайдын зөвлөх И.Баттөгс, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.