УИХ-ын гишүүн, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Ж. Батжаргалтай Нийслэлийн Намын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүд ТТО-нд уулзалт хийв.
- 2025-12-02
- Н.Анхбаяр
- 100


Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн төвийн дүүргүүдийн гишүүн, дэмжигч ахмадуудад зориулсан ээлжит уулзалтаа өнөөдөр /2025.12.02/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.
МАН-ын Социал Демократ Ахмадын холбооноос улс төр, нийгэм, эдийн засаг, намын үйл ажиллагаатай холбоотой бодит мэдээллийг цаг тухайд нь ахмадуудад хүргэх зорилгоор УИХ, Засгийн газрын гишүүд, намын удирдах албаны гишүүдийг оролцуулсан арга хэмжжэг 14 хоног тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалт 19 дэх нь болж байна. Энэ удаад УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал оролцож бүлгийн бүтэц, үйл ажиллагаа, парламентаар хэлэлцэн шийдвэрлэсэн бодлого, шийдвэр, ахмадуудад товч танилцууллаа.
УИХ-ын 126 гишүүний 68 суудлыг Монгол Ардын нам авч олонхыг бүрдүүлж буй улс төрийн хүчний хувьд бүлэг дотроо тус бүртээ тухайлсан асуудал хариуцсан дөрвөн дэд даргатайгаар ажиллаж байна.️


Ирэх оны улсын төсвийн онцлог, 2026-2030 оны үндсэн чиглэлийн талаар улсын төсвийг парламентаар хуулийн хугацаанд баталсан бөгөөд Засгийн газраас ирэх оныг боловсролын жил болгон зарласантай холбогдуулан энэ салбарт түлхүү анхаарсан гэдгийг бүлгийн дарга онцлоо. Тухайлбал, багш нарын цалинг ирэх онд хоёр үе шаттай нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрыг шинээр барихад зарцуулах хөрөнгийг төсөвт суулгасан байна. Үүнээс гадна эмч нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид гээд нийгмийн бүхий л салбарын төлөөлөл болон Монгол улсад тулгамдаж буй асуудалд эрх баригч хүчний хувьд УИХ дахь МАН -ын намын бүлгээс ямар асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа талаар ярьсан юм. Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 31,930.0 тэрбум төгрөг, нийт зарлага 32,980.0 тэрбум төгрөг, урсгал зардал 24,901.9 тэрбум төгрөг байхаар баталсан байна.

Монгол Ардын нам дотоод ардчилал, хариуцлага, сахилга өндөр байх ёстой, мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд намын санхүүжилтийг шилэн байлгах, үүгээр дамжуулан авлига, ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн үүднээс саяхан болж өнгөрсөн намын 31 дүгээр Их хурлаар намын дүрэмд томоохон өөрчлөлт оруулсныг бүлгийн дарга Ж.Батжаргал дурдав.
Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Гишүүн төвтэй E4” стратегийг хэрэгжүүлэхийн тулд бодлого, дүрэм, журам, хууль, эрх зүйн орчныг тодорхой, ойлгомжтой болгох, чөдөр тушаа болж буй зүйлүүдийг эргэж харах, сайжруулах зүйлс байгаа тул УИХ дахь намын бүлэг энэ чиглэлд идэвхтэй ажиллана хэмээн бүлгийн удирдлага хэллээ.
Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл асуулт, санал хүсэлтээ хэлэв. Тэтгэврийг нэмүүлэхээр шаардлага тавьж буй ахмадуудтай 126 гишүүний төлөөлөл уулзсан эсэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, намын нэр хүндийг дээшлүүлэхэд УИХ-ын гишүүдийн зүгээс анхаарал татсан санал, хүсэлт, шаардлагыг дамжуулан хэлж байлаа. Уулзалтад МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар оролцов.
Намын дэргэдэх ахмадын холбооноос өмнө нь санаачилга гаргаж, УИХ-ын даргын захирамжаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тэтгэвэр, тэтгэмжийн талаар тодорхой шийдэл гаргах ажлын хэсэг, мөн дэд хэсгийг ч байгуулан ажиллаж байгаа. Цаашид ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг төрийн бодлого болгоход УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн анхаарлыг чиглүүлэн ажиллана гэдгээ бүлгийн дарга Ж.Батжаргал ахмадуудад хэллээ.





