Дөрөв дэх өдрөө МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан 16 цагт эхэллээ.

  • 2025-11-18
  • Н.Анхбаяр
  • 99

Монгол Ардын намын Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хуралдааны даргаар намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Уянга, М.Мандхай нар сонгогдон ажиллалаа.
Монгол Ардын намын Бага хурлын анхдугаар хуралдаанаар зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр тогтоолоо баталлаа. Хуралдааны эхэнд Баримт бичиг боловсруулах редакцын комиссын даргаар намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон комиссын бусад гишүүнийг сонгов.
Дараа нь Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцууллаа.  Намын  орон тооны Нарийн бичгийн даргад Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарын нэрийг дэвшүүллээ. Орон тооны бус Нарийн бичгийн даргад Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарын нэрийнг дэвшүүлэв. Намын Удирдах зөвлөлийн гишүүнд 39 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тэдний 40 хувьд нь эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаасан байна.
Монгол Ардын намын Бага хурлын анхдугаар хуралдаан үргэлжилж, гишүүд дээрх нэр дэвшигчдээс асуулт асууж, саналаа хэллээ.

-Монгол Ардын намын Бага хурлын анхдугаар хуралдаанаар зохион байгуулалттай холбоотой гурван асуудал хэлэлцэв.

1. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох

2.МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

3. МАН-ын нарийн бичгийн дарга нарыг (орон тооны,орон тооны бус) сонгох асуудлыг хэлэлцэв.

МАН-ын XXXI их хурлаар сонгогдсон бага хурлын 597 төлөөлөгчид өнөөдөр анхны бага хурлаа хийсэн юм.Тус хуралд МАН-ын дарга Н.Учрал Я.Содбаатарыг “генсек”-ээр үргэлжлүүлэн ажиллуулах тухай саналаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд санал болгож, дэмжигдэж батлагдлаа. Я. Содбаатар нь  1974 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, ШУА-ийн харьяа Технологийн дээд сургууль /одоогийн Улаанбаатар Их Сургууль/-ийг физикч-инженер мэргэжлээр, Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистрантур, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн докторантурыг тус тус дүүргэсэн. Физикч-инженер мэргэжилтэй, түүхийн ухааны доктор. ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр 2016-2020 сонгогдон ажилласан бөгөөд одоо ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.

1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
1999-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2005-2008 онд Үйлдвэр худалдааны яамны дэд сайд,
2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, Улсын ерөнхий байцаагч,
2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга,
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд,
2021-2024 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд 2024 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн нэрс:

 

Я.Содбаатар /Ерөнхий нарийн бичгийн дарга/

Г.Занданшатар /Монгол Улсын Ерөнхий сайд/

Ж.Бат-Эрдэнэ /УИХ-ын дэд дарга/

Ж.Батжаргал /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/

С.Бямбацогт / УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга/

А.Үйлстөгөлдөр /ЕТГ-ын дарга/

Х.Нямбаатар /Нийслэлийн Засаг дарга/

Х.Булгантуяа /УИХ-ын гишүүн/

Бүс хариуцсан:

Н.Наранбаатар / УИХ-ын гишүүн, говийн бүс/

Ч.Ундрам / УИХ-ын гишүүн, төвийн бүс/

Л. Энх-Амгалан /УИХ-ын гишүүн, хойд бүс/

Б.Батцэцэг /ГХ-ны сайд хангайн бүс/

У.Отгонбаяр /УИХ-ын гишүүн, зүүн бүс/

З.Мэндсайхан /УИХ-ын гишүүн, баруун бүс/

Э.Бат-Амгалан /БХБОС-ын сайд, Улаанбаатар бүс/

 

Нарийн бичгийн дарга нар:

 

16.Н.Энхбаатар / Нарийн бичгийн дарга/

17.Б.Пүрэвдагва /Нарийн бичгийн дарга/

18.Ө.Золбаяр /Нарийн бичгийн дарга/

19.С.Мөнгөнчимэг / Нарийн бичгийн дарга/

20.М.Цэлмүүн /Нарийн бичгийн дарга/

21.Д.Сумьяабазар /Нийслэл хариуцсан орон тооны бус нарийн бичгийн дарга/

22.Д.Мөнхсайхан /Орон нутаг хариуцсан орон тооны бус нарийн бичгийн дарга, Баянхонгор аймгийн Засаг дарга/

23.Б.Чойжилсүрэн /Дотоод асуудал хариуцсан орон тооны бус нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайд/

 

УИХ-ын гишүүд, НИТХ, ТББ-ын төлөөлөл:

 

24. Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн асан/

25. Ж.Энхбаяр  /УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд/

26. Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/

27. Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/

28. Б.Уянга /УИХ-ын гишүүн/

29. Ч.Номин /УИХ-ын гишүүн/

30. М.Мандхай /УИХ-ын гишүүн/

31. Д.Үүрийнтуяа /УИХ-ын гишүүн/

32. Б.Хэрлэн /УИХ-ын гишүүн/

33. Э.Батшугар /УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд/

34. Б.Ану-Үжин / НИТХ-ын төлөөлөгч/

35.Б.Жавзандорж /СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч/

36.Б.Батцэцэг / СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга/

37. Ц.Цогзолмаа /УИХ-ын гишүүн асан/

38. М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн асан/

39. А.Энхзул /Ерөнхий сайдын зөвлөх/

 

МАН-ын Удирдах зөвлөлд дээрх бага хурлын гишүүдийг сонгосноос гадна дээрх танилцуулагдсан нарийн бичгийн дарга нарыг сонгож баталлаа.

Намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталлаа.
Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон юм.