МАН-ын XXXI их хурал “Эв нэгдэл-Шийдэл- Хөгжил” уриан дор Буянт -Ухаа цогцолборт боллоо.
- 2025-11-15
- Н.Анхбаяр
- 104






Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2025.11.15/ эхэллээ. Энэ удаагийн Их хуралд аймаг, нийслэл, есөн дүүргийн Монгол Ардын Намын гишүүдийн төлөөлөл болсон 2247 төлөөлөгч оролцож байна.
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил ” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Энэ удаагийн хуралдаанд 21 аймаг, есөн дүүргийн Монгол Ардын намын 2247 төлөөлөгч оролцохоор сонгогдож мандат авчээ.
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаа.
“Эв нэгдэл-шийдэл-хөгжил ” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлсэн Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын үйл ажиллагааг Монгол Ардын Намын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар нээж, төлөөлөгчдөд хурлын дарга, тэргүүлэгчдийг танилцуулж батлууллаа.
Монгол Ардын Намын Үндсэн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг үндэслэн 31 дүгээр Их хурлын даргалагчаар Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал, орлогч даргаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анаргуль, Хэнтий аймгийн Биндэр сумын намын хорооны дарга, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан, Сүхбаатар аймгийн Халзан сумын ИТХ-ын төлөөлөгч, Монгол Улсын гавьяат малчин Ж.Мөнхсүрэн, Социал демократ ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, Нийслэлийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нарыг сонгож, баталлаа.




Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
Монгол Ардын Намын үндсэн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5.9 дэх заалтыг үндэслэн Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын Мандатын комиссын гишүүдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгож баталлаа. Комиссын даргаар Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Нарийн бичгийн даргаар Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Баттүшиг, гишүүдээр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан,Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга М.Цэнд-Аюуш нар сонгогдлоо.

Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын Мандатын комиссын дарга, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа. Монгол Ардын Нам өнөөдрийн байдлаар 314.961 гишүүнтэй бөгөөд энэ удаагийн Их хуралд сонгогдсон нэг төлөөлөгч намын 140 гишүүнийг төлөөлж байгаа юм. Монгол Улсын засаг захиргааны 2212 нэгжид Монгол Ардын Намын 2810 анхан, дунд шатны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 338 сум, тосгон, нийслэлийн 204 хорооны намын хороо, 21 аймгийн төвийн сумын намын үүрүүд тус бүрээс нэг эрэгтэй, нэг эмэгтэй төлөөлөгч сонгогдон иржээ. Нийт төлөөлөгчдийн 57.9 хувь нь анх удаа Их хуралд сонгогдон оролцож байгаа бол 17.4 хувь нь хоёр, 10.1 хувь нь гурав, 6.7 хувь нь дөрөв, 4.9 хувь нь тав дахь удаагаа сонгогдсон байна. Их хурлын төлөөлөгчдийн 916 буюу 40.1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаагаараа онцлогтой. 104 жилийн түүхэнд хамгийн олон төлөөлөгчтэй, тэр дундаа хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй Их хурал болж байна. Их хурлын төлөөлөгчдийн насны ангиллыг авч үзвэл 292 буюу 13 хувь нь 21-35, 914 буюу 40.7 хувь нь 36-45, 794 буюу 35.3 хувь нь 46-60, 247 буюу 11 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байгаа нь намын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл бүрэн хангагдсаны илэрхийлэл бөгөөд нийт төлөөлөгчдийн дундаж нас 46 байгаа юм. Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн ахмад нь Монгол Ардын Намын дарга асан 100 насыг зооглож байгаа Гомбожавын Очирбат, Монгол Улсын гавьяат багш, 85 настай Доржийн Амар нар байгаа бол хамгийн залуу төлөөлөгч Дорноговь аймгийн СДМОХ-ны тэргүүн 21 настай Батсүхийн Билгүүн байна.





Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна

Тус хуралд “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын нам” тайлан илтгэлийг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.
Түүхэндээ хамгийн олон буюу 2247 төлөөлөгч оролцож байгаа тус Их хурлын эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын Нам тайлан, илтгэл” тавилаа.
Илтгэлдээ Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Ардын намын үйл хэрэг ямагт хамт явж ирсэн гэдгийг онцлон тодотгож, цаашид Монгол Ардын нам ойрын жилүүдэд дараах гурван бодлогод онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа мэдэгдлээ.
Нэгдүгээрт, “Хүмүүн капитал хөгжлийн үндэс” бодлого. Тодруулбал, Монгол хүн эндэгдэлгүй төрж, эрүүл өсөж, чанартай боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц дээд боловсролыг дотоод, гадаадад эзэмшиж, хөдөлмөрийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэх ажил, мэргэжилтэй болж чанартай, аз жаргалтай амьдрах ёстой гэдгийг онцоллоо. Тэрбээр “Эх орныхоо өнцөг булан бүрд амьдран суугаа Монголын ард түмэн зөвхөн амьд явах эрхтэй бус сэтгэл хангалуун ирээдүйдээ итгэлтэй сурч, хөдөлмөрлөх, ажиллаж амьдрах эрхтэй. Монгол төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол айл өрх байх ёстой гэж манай нам үзэж ирсэн. Монгол Улсын хөгжил дэвшлийн үндэс нь эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй, ажил орлоготой, өрсөлдөх чадвартай Монгол хүн байна. Монгол Ардын нам зүүн төвийн социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна. Манай нам нийгмийн чинээлэг, дундаж давхаргыг нийт хүн амын дийлэнх олонх болгох зорилт дэвшүүлж ирсэн. Энэ зорилт цаашдаа өргөжин дэвшиж, хөгжих ёстой” хэмээлээ.
Хоёрдугаарт, “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх” бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Энэ тухайд тэрбээр Монгол Улсын хөгжлийн гарц үйлдвэржилт бөгөөд аж үйлдвэржсэн улс гадаад улс орноос хараат бус байж эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэх боломж бүрддэг. Тиймээс аж үйлдвэр хөгжиж байгаа улс оронд ажлын байр бий болж, шинэ техник технологи нэвтэрч, үндэсний бүтээмж сайжирдаг гэдгийг онцоллоо.
Гуравдугаарт, “Хиймэл оюун ухаан-дижитал шилжилт, хөгжлийн ирээдүй” бодлогыг танилцуулав. Ойрын ирээдүйд хиймэл оюун ухааны дэвшил эрс өөрчлөлтийг авч ирж, эдийн засгийн бүтэц, хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөх нь гарцаагүй тул өртөг шингэсэн үйлдвэрлэлийн сүлжээнд ач холбогдол бүхий байр суурь өгөх нь улс орнуудын чухал зорилт болон дэвшигдэж буйг дурдав. Тэрбээр “Бодлогын шийдлийн төвд хүний эрх, шударга ёс, хүртээмж, ил тод байдлын шийдэл байх ёстойг дурдлаа. Мөн боловсрол, эрүүл мэнд, байгаль хамгаалал, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбарт хиймэл оюун ухааныг ухаалгаар нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлж, судалгаа хөгжүүлэлтэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Ингэснээр төрийн үйлчилгээ илүү чанартай, илүү хүртээмжтэй, илүү үр дүнтэй болно” хэмээн онцлов.

Дараагаар нь Монгол Ардын Намын дарга асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр, “Та бид хамтдаа 2024 оны УИХ-ын сонгуульд бүсчилж томсгосон тойрог, холимог тогтолцоогоор өрсөлдөж, 126 гишүүнтэй анхны парламентад олонхийн суудал авч, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон 100 жилийн түүхтэй Монгол Ардын Намаа нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар хамтдаа түүчээлж чадлаа.
Энэ нь 2024 онд дэлхийн 70 гаруй улсад улс төрийн сонгууль болсноос ардчилсан тогтолцоотой улсад эрх баригч нам ялалт байгуулсан цорын ганц тохиолдол бол Монгол Ардын Намын ялалт байсан. Тийм учраас 2024 оны сонгууль олон улсад туйлын өрсөлдөөн өндөр болсны тод илэрхийлэл юм.

Мөн орон нутгийн 14 аймагт ялалт байгуулж, нийслэл Улаанбаатар хотод үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалт бол ард түмний сонголт бөгөөд намын 30 дугаар их хурлаас сонгогдсон намын удирдлага, бага хурал, Удирдах зөвлөл, намын анхан шатны байгууллагын бодит үр дүн, намын Их хурлаас дэвшүүлсэн хэрэгжүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэн ард түмний итгэл юм” хэмээн онцлов.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 21 жилийн хугацаанд талцан маргасан Гашуунсухайт-Ганц модны төмөр замын боомтын хил холболтын асуудал эцэслэн шийдвэрлэж, 1964 оноос хойш судалгааг нь эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээ эцэслэн батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1997 онд анхны судалгаа нь хийгдсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийг УИХ-аар батлуулан хэлэлцүүлж, гурав дахь хөрш оронтой “Оюутолгой”-н төслөөс хойш байгуулсан хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж чадсан билээ.
Боомтын сэргэлтийн хүрээнд Замын Үүд-Боомтын хүчин чадал дөрөв дахин, Гашуунсухайт боомтын хүчин чадал хоёр дахин, Алтанбулаг боомтын хүчин чадал дөрөв дахин, Сүхбаатар-Боршоо боомтын хүчин чадал 3.5 дахин нэмэгдсэнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээндээ дурдлаа.
Тэрбээр “Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой. Тийм ч учраас Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. Монгол Ардын Нам эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна.
Цаг хугацаа өнгөрөх тусах бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт би итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье. Би бүх талаар дэмжиж ажиллах болно” хэмээв.


Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Их хурлын төлөөлөгчдөд хандан хэлсэн үгийнхээ эхэнд ачааны хүндийг үүрч, энэ намын ялалтын төлөө, энэ намын нэр дэвшигчийг ялуулахын төлөө гутлынхаа улыг эргэтэл зүтгэж ирсэн намын анхан шатны төлөөлөгчдөд талархал илэрхийлээд анхан шатныхан ийм олуулаа цугласанд баяртай байгаагаа тодотгов. “Та бид, намын их хурлаараа үзэл санаа, удирдлага зохион байгуулалт, улс орныхоо язгуур эрх ашигтай холбоотой олон асуудлыг нээлттэй шүүн хэлэлцэж, ухаан бодлоо уралдуулан, харилцан ойлголцолд хүрч, нэгдэн нягтарч ирсэн түүхтэй” хэмээн онцоллоо. Би 18 настайдаа МАН-д элссэн. Тэр үеэс хойш 27 жилийн хугацаанд энэ нам, улс орныхоо төлөө үнэт зүйлдээ үнэнч байж, тууштай зүтгэж ирсэн. Намын аппаратад найман жил, Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил нийт 16 жил ажиллах хугацаандаа та бүхэнтэйгээ хамт УИХ-ын 2016, 2020, 2024 оны гурван удаагийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн ялалтуудыг байгуулсан бахархам цаг хугацааг эргэн санахад таатай байна гээд энэ бүх хугацаанд МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлал, үргэлжүүлэн шинэчлэх үйл хэргийн төлөөх их итгэл үнэмшил минь хэзээ ч өөрчлөгдөөгүй. Монголын Улсынхаа хөгжил, тогтвортой ирээдүйг та бүхэнтэйгээ хамтдаа бүтээх миний итгэл үнэмшил хэчнээн бэрхшээл, сорилттой тулгарсан ч хэзээ ч мохоогүй, цаашид ч улам бүр хурцлагдсаар байх болно хэмээн Их хурлын төлөөлөгчдөд илэрхийллээ. Үгийнхээ төгсгөлд тэрбээр “Бид олон ялалтыг үргэлж судалгаа, туршлага, төлөвлөгөөтэй хослуулан хийж ирсэн. Ирэх сонгуулиудыг ч тооцоотой, нийгмийн хүлээлт, бодит судалгааны үр дүнд тулгуурлан хийх ёстой. 2025 онд хийсэн судалгаагаар МАН-ын рейтинг тогтмол буурч байгааг анхааруулга болгон хүлээн авч, шинэ стратегиа шуурхай боловсруулах цаг ирсэн. Өнөөдөр шинээр сонгогдох МАН-ын дарга УИХ-ын сонгуульд гурав дараалан ялсан ялалтын буухиаг үргэлжлүүлэн, дөрөв дэх дараалсан ялалтыг байгуулж, намын эв нэгдэл, хөгжил шинэчлэл хийгээд улс орныхоо хөгжлийн төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэж байна” гэлээ. “Энэ цаг үед уламжлалт ойлголтын “нам” биш, харин үр дүнд суурилсан, нээлттэй, оролцоотой, тэгш боломжийг хангаж чаддаг, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ. Бид энэ суурийг өмнөх жилүүдэд хамтдаа тавьсан. Харин одоо уг загварыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, үе шаттайгаар бүтээх цаг ирсэн гэж үзэж байна” гээд МАН-ын даргаар сонгогдох хүний хийх ёстой найман зорилтыг танилцууллаа. Нэгдүгээрт,
-Нэгдүгээрт, МАН илүү бодитой, үр дүнд суурилсан бодлогоор ажиллах ёстой
-Хоёрдугаарт, Намын бага хурал, удирдах дээд байгууллагад анхан шатны төлөөллөөс сонгон оруулж ажиллуулах ёстой
-Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүх шатны намын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиас доошгүй болгон бодитой нэмэгдүүлэх шаардлагатай
-Дөрөвдүгээрт, залуус, эмэгтэйчүүд болон нийгмийн олон бүлгүүдийг улс төрд системтэй бэлтгэх институцийг дахин байгуулах ёстой
-Тавдугаарт, намын удирдах тогтолцоонд мерит зарчмыг бүрэн нэвтрүүлэх ёстой. Томилгоо, үнэлгээ, шийдвэр гаргалт үзэмж бус, гүйцэтгэл үр дүнд тулгуурлах ёстой
-Зургадугаарт, судалгаанд тулгуурласан бодлого, мэтгэлцээний соёлтой нам болох зорилтоо орхигдуулж болохгүй
-Долдугаарт, хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлж, намыг жинхэнэ мэргэжлийн институц болгох учиртай
-Наймдугаарт, Сонгуулийн ялалт – судалгаа, тооцоо, төлөвлөгөөнд тулгуурлах ёстой


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ
Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ. Тус илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээнд “Эрхэм хүндэт Монгол Ардын намын гишүүд ээ, МАН-ын 31 дүгээр Их хурлын эрхэм төлөөлөгч, журмын нөхөд та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Ардын нам бол XX зуунд харийн дарлалаас ард түмнээ чөлөөлж, туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулж, Бүгд Найрамдах засаглалаа тунхаглан зарлаж, улс орныхоо аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүн ардаа соён гэгээрүүлж, НҮБ-ын гишүүн орон болгосон улс төрийн ууган хүчин билээ.
Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм. Монгол Ардын нам өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйл, дүрэм журамтай, ахмад-дунд-залуу үеийн алтан хэлхээн дээр оршин байж улс орныхоо өмнө тулгарсан бүхий л сорилтыг оновчтой бодлого зөв шийдвэрээр даван туулж, улс орон ард түмнийхээ хөгжил дэвшлийг манлайлан удирдаж ирсэн бахдам түүхтэй. Тиймээс ард түмэн Монгол Ардын намд өндөр итгэл хариуцлага хүлээлгэж, ард түмнийхээ аж амьдрал, улс орныхоо хувь заяа, хөгжил дэвшлийг хариуцуулсаар ирсэн билээ.
Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойр байх тусмаа хүчирхэгжин бэхжиж, алсрах тусмаа уруудан бөхдөг жамтайг та бүхэн огт мартах учиргүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйтэй итгэлтэй сэтгэл хангалуун амьдардаг жамтай. Ийм нийгмийг бүрдүүлэхийг Монголын ард түмэн хүсэмжилж, шахан шаардаж байна. Иймээс аливаа улс төрийн хүчин төр улсдаа хүчин зүтгэж буй хүн бүхэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төр түмнийхээ төлөө үнэнч шударгаар хүчин зүтгэх учиртайг цохон тэмдэглэж байна. Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй.
Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн геополитик, геостратегийн зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд ч улс орны эдийн засаг, улс орны амьдралд хүндээр тусаж байна. Энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эв нэгдэл юм. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан билээ.
Энэ билэг сургаалийг ямагт санаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь монголчууд бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно. Иймд ууган хүчин МАН хуулийг дээдэлж, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ард түмний итгэл найдварыг дааж, алдаа оноогоо засаж, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Монголын өнцөг булан бүрээс ирсэн эрхэм хүндэт төлөөлөгч та бүхний хэлэлцэж буй асуудал, гаргасан шийдвэрийг монголчууд чих тавин хүлээж, дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж буйг онцлохыг хүсэж байна. Тиймээс Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улс эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэл дүүрэн байна. Цаашид төр засгийн бодлогод шударга ёсыг эрхэмлэж, улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээхэд чиглэх учиртай. Үүнд улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам онцгой анхаарч, манлайлан ажиллах ёстой.
Монголчууд бид нэг Монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, эвээ зангидан улсынхаа төлөө хүчээ нэгтгэн ажиллах ёстой. Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Их хурлын төлөөлөгч, эрхэм журмын нөхөддөө аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай” хэмээжээ.


Г.Занданшатар: “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна
Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, ирэх таван жилд хэрэгжүүлэх ““Шинэ итгэл – Эрс шинэтгэл” хөтөлбөрөө танилцууллаа. Тэрээр “Эх орныхоо өнцөг булан бүрээс 317 мянган гишүүдээ төлөөлөн улсынхаа, намынхаа ирээдүйн төлөөх сэтгэл итгэл, хүсэл эрмэлзлийг нь тээж ирсэн эрхэм хүндэт Төлөөлөгчид та бүхэндээ гүн талархал илэрхийлж баяр хүргэе. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, хөгжлийн хөдөлгөгч хүч, тулах багана болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 39-р Их хурлын мэндийг өргөн дэвшүүлье.
Ази тивийн анхны улс төрийн хүчин — Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, хөгжүүлэн бэхжүүлсэн, Монгол төр, Монгол улсыг цогцлоон байгуулсан үе үеийн эх орончид, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн эрэлхэг баатрууд, хөгжлийн их бүтээн байгуулалтын эзэд өвөг дээдсийнхээ алдар гавьяаг алдаршуулж, гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсъя.
Улс төрийн ууган хүчнийг бүх цаг үед манлайлан удирдаж, Монгол Улсыг урагшлуулан хөгжүүлэх нэн хариуцлагыг үүрч ирсэн үе үеийн Манай намын дарга нар, удирдлагууд, идэвхтэн сонгуультан, намын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.
Монгол Ардын намын гишүүд, эрхэм төлөөлөгчид та бүхэн МАН-ын нэр хүнд, нандин чанар, үйл хэргийг тээгчид, хамгаалагчид төдийгүй шинэ ялалт руу манлайлагчид юм. МАН-ын тулгуур нь та нар, МАН-ын туг нь ч та нар юм.
Ийм ч учраас та бид өнөөдөр бид намынхаа ирээдүйн ялалтын төлөө Монгол Улсынхаа ирээдүйд хүлээж буй түүхэн хариуцлагын өмнө хамтдаа хуран цуглараад бна. Энэ бол таны, миний, бидний хамтын үүрэг. Энэ бол хамтын тангараг юм.
Шударга ёс, эрх чөлөө, эв санааны нэгдэл гэсэн намын үзэл санааны зарчмыг удирдлага болгон ажилласнаар манай Засгийн газар богино хугацаанд түүхэн амжилтуудыг бүтээж байгааг эрхэм журмын нөхөддөө бахархалтайгаар мэдээлэхэд таатай байна.
Зарим бодит үр дүнг та бүхэндээ тайлагнан илтгэе.
Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ огцом унаж, экспорт хумигдаж, төсвийн орлого тасарч, валютын нөөц багасч, төгрөгийн ханш сулран, инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт 2.4 хувьд хүрч саарсан — эдийн засгийн бодит эрсдэлтэй үнэнтэй нүүр тулсан. Иймд ЗГ байгуулагдсан өдрөө л эргэлзэж тээнэглзэлгүй шуурхай шийдвэр гаргасан, 2025 оны төсвийн үрэлгэн зардлыг танаж, төсвийн зарлагыг түүхэндээ анх удаа 2.2 их наядаар бууруулах “Хэмнэлтийн тодотгол” ын хуулийг өргөн барьж батлуулсан . Энэ бол зүгээр нэг тоо биш, төр өөртөө хатуу шаардлага тавьсан бодит үйлдэл байлаа.
Хэрэв тодотгол хийгээгүй бол инфляц 15 хувь хүрэх, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасалдах, төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.долларт хүрэх бодит эрсдэл нүүрлэсэн байлаа.
Энэ бүхэн нь эдийн засгийг хямрал руу хөтөлж ядууралд нэрвэгдэх, ажлын байр бизнес хумигдах бодит эрсдлийг нөхцөлдүүлж байлаа
Тиймээс шинэ Засгийн газар энэ хүнд сорилтыг даван туулахдаа ачааны хүндийг ард түмэн, аж ахуйн нэгжид үүрүүлэх бус, төр өөрөө бүсээ чангалсан.
Үр дүнд нь үнийн өсөлт саарч, инфляц тогтворжиж, эдийн засгийн өсөлт 2.4 хувиас 5.6 хувь болж, бараг хоёр дахин нэмэгдлээ.
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоож, ердөө гурван сарын дотор олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт богино хугацаанд сэргэж, орлого, ашиг бодитоор нэмэгдлээ. Үр дүнд нь нийт экспорт даган сэргэж, валютын нөөц түүхэн дээд түвшин буюу 5.9 тэрбум ам.долларт хүрлээ.
Монголбанкнаас Хятадын ардын банкинд төлөх өр төлбөрийг 845 сая ам.доллароор бууруулж, жил бүр гадагш урсаж байсан 35 сая ам.долларын урсгалыг зогсоож, гадаад өрийн дарамт багаслаа.
Баялгийн өгөөж ард түмэндээ бүрэн очиход хаана, хэрхэн замхарч байсан, баялаг монгол хүндээ хүрэхэд тээг болж байсан бодлого, зохион байгуулалтын алдаа, саадыг шат дараатай арилгаж эхэллээ.
Төрийн данхар бүтцийг цомхотгон, үрэлгэн зардлыг хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг тоо, чанараар нь хэмнэж эхэллээ. Яамдын газар, хэлтсийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр бууруулж, зөвхөн 16 яаманд 168 орон тоо цомхотгов.
Уялдаа холбоогүй 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар данхайсан бүтэц агшиж, үргүй зардал хумьж, төрийн алба илүү чадварлаг, бүтээмжтэй болох бодит өөрчлөлтийг эхлүүллээ.
Төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлж, баруун бүсийн эрчим хүчний 9 компанийг 4 болгон нэгтгэж, хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар бууруулан, бизнесийг боож байсан 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Оюу толгой ордоос Монголын ард түмэнд очих өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээр бодит үр дүнтэй үргэлжилж байна. Эхний байдлаар зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах урьдчилсан тохиролцоонд хүрлээ. Дараагийн алхам бол “Оюутолгой”-н гүйцэтгэх захирлыг Монголын тал санал болгодог, монгол иргэн удирддаг шинэ зарчмыг тогтоох болно.
Монголын баялаг бол Монголын ард түмний өмч. Бид энэ зарчмыг хэлэлцээрээрээ, хууль тогтоолоороо, бодит үр дүнгээрээ баталгаажуулна.
Төрийн өмчит компаниудын засаглалыг шинэчилж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ий байгуулсан гэрээнүүдийг ил болгож, удирдлагын багийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгож, олон улсын аудит орууллаа.
“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, Эрчим хүчний 11 компани, МИАТ, Төрийн банк зэрэг аж ахуйн нэгжүүдийн 10–66 хувийг биржээр арилжаалах ажлыг эхлүүллээ.
Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилгыг үг биш бодит үр дүнгээр нотолж, Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрдөө буцаан авч, өгөөжийг нь өргөн олонд хүртээх ажлыг эхлүүллээ.
“Оюут” ордоос илэрсэн 357 сая тонн зэсийн нөөц Эрдэнэт үйлдвэрийг ирэх зуун дамнан ажиллах боломжийг бүрдүүлж, Зэс хайлуулах үйлдвэрийн ажлыг эхлүүлж байна.
Бэрхшээл нэгэн зэрэг арилдаггүй. Гэвч эхний 4 сар хагасын дотор эрсдэлийг даваад зогсохгүй эдийн засгаа бодитоор сэргээж, чадлаа.
Монгол Улсын эдийн засагт хийсэн эдгээр өөрчлөлт, шинэчлэлийг дэлхий үнэлж байна. Олон улсын тэргүүлэх зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Монгол Улсын эдийн засгийн чадавх, нэр хүндийг түүхэндээ хамгийн өндөр түвшинд үнэлж, зээлжих зэрэглэлийг дээдэх ангилал руу нь ахиуллаа. Ингэснээр Монгол Улс 13 жилийн өмнө түр хугацаанд хүрээд буусан тэр түвшиндээ дахин хүрч чадлаа. Бид “өрийн өндөр эрсдэлтэй улс ангиллаас өрийн эрсдэл багатай, илүү найдвартай эдийн засагтай улс гэсэн” ангилал руу шилжив.
Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол Монголын эдийн засгийн нэр хүндийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийн сэргэлт, Монголын иргэн бүрийн боломж юм.
Өнөөдөр дэлхий дахинд геополитикийн зөрчил мөргөлдөөн хурцадсан, түүхий эдийн үнэ унасан, шатахууны хангамж тасалдсан, импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, дотоодод багш, эмч нар цалингаа нэмэхийг шаардаж жагсаал цуглаантай ийм хүнд цаг үед 4-хөн сар ажиллаж буй Засгийн газар бүхий л боломж, нөөцөө дайчлан ажиллаж бүхнийг зохицуулж даван туулж чадлаа.
Ард түмнийхээ татварын ачааллыг хөнгөлөх, данхар төрийн оролцоог бууруулах, багш, эмч нарынхаа цалинг түүхэн өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх ХҮН ЧАНАРТАЙ 2026 оны төсвийг баталлаа.
Эрүүл мэнд – Монгол хүний амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт. 2026 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 75 хувиар нэмнэ. Энэ бол салбарын түүхэнд байгаагүй өсөлт. Эмчилгээ, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн хүртээмжийг 5 дахин нэмэгдүүлнэ. Үр дүнд нь 3 жилийн дотор нас баралтаас аврагдах боломжтой монгол хүний тоо 40 хувиар өснө.
Боловсрол – Багшийн цалин 2026 оны эцэст 2.8 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болно. 2025 онд 225 айлын орон сууц, 2026 онд 1000 багшийн орон сууц шийдэх хөтөлбөр эхлүүллээ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 2026 онд 5 дахин нэмэгдүүлнэ. Энэ бол багшийн цалинг анх удаа 75 хувиар нэмсэн, хот хөдөөгийн тэгш боломжийг нэмэгдүүлсэн түүхэн шинэтгэл.
Тэтгэвэр – Ахмадуудын тэтгэвэр инфляцад идэгдэх учиргүй. Тэдний амьдрал тооцооллын алдаанд бус, төрийн бодлогын баталгаанд байх ёстой.
Тиймээс бид 2026 онд тэтгэврийг нэмнэ. 538 мянган ахмад тэтгэврийн бодит өсөлт өгөөж хүртэнэ. Тэтгэврийн дундаж хэмжээ 923 мянган төгрөг болно.
Татвар – Бид ард иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж, татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр хөнгөлөх эрс шинэчлэлийг эхлүүллээ. 2026 оноос эхний бодит алхам хийнэ. НӨАТ-ын буцаан олголт 10-р сараас 2-иас 5 хувь болно. Монголчуудын 80 хувь буюу 10 хүн тутмын 8 нь 2.5 дахин их буцаан авна.
Өмнөх 30-р Их хурлаар Та бид 100 жилийн ойгоо дүгнээд ирэх шинэ зууны бодлогоо тов тодорхой тунхагласан. МАН шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолын хувьсгал хийж, аюулгүй байдлаа баталгаажуулсан Монгол улс болгох түүхэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ бол бидний нийтлэг үнэт зүйл, стратегийн зорилт гэж зарлан тунхагласан.
Гэвч өнөөдөр бодит үнэн бидний өмнө хатуугаар зогсож байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол туйлын эмзэг болсон байна.
Тиймээс би өнөөдөр энэ индрээс Монголын ард түмэн, МАН-ын нийт гишүүд, Их хурлын хүндэт төлөөлөгчдөдөө хандан уриалж байна.
Ард түмний итгэлийг сэргээх “ШИНЭ ИТГЭЛ”-ийг хамтдаа бий болгоё! Монголын хөгжлийн бүх салбарт эргэлт гаргах “ЭРС ШИНЭТГЭЛ”-ийг бодитоор хэрэгжүүлье!
Ирэх таван жилд эдийн засгийн бүтцийг өөрчилж, өсөлтөө тогтвортой хадгалж, үр өгөөжийг өрх бүрийн амьдралд хүргэх “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг манай Засгийн газар дэвшүүлэн ажиллаж байна.
Хүний хөгжлийг тэргүүнд тавьж хүртээмжтэй өгөөжтэй үр дүнтэй засаглал эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Энэ бодлогын хүрээнд дараах бодлогын 8 шинэтгэлийг хэрэгжүүлнэ.
• “Хүний хөгжлийн шинэтгэл”
• “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйлийн шинэтгэл”
• “Эдийн засгийн бүтцийн шинэтгэл”
• “Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл”
• “Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл”
• “Бүсийн хөгжлийн шинэтгэл”
• “Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл”
• “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун шинэтгэл”
Монголын ирээдүйг баталгаажуулах суурь реформ одоо эхэлж байна. Энэ бодлого бол Засгийн газрын бодлого төдийгүй, МАН-ын шинэ үеийн үнэт зүйл юм. Энэ бүхэн бол зүгээр нэг чиглэл бус, Монголын хөгжлийн шинэ үеийн хөдөлгүүр юм. Шинэ итгэл Эрс шинэтгэл бол монгол хүний хүсэл эрмэлзлийг шингээсэн, Монгол улсаа сэргээн мандуулж хүчирхэг гүрэн болгох Монголын мөрөөдөл юм.
МОНГОЛЫН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ГУРВАН ТОМ АЛХАМ ХИЙХ ЁСТОЙ.
АЛХАМ 1: ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ – ХАРААТ БУС МОНГОЛ
Хийх хамгийн эхний алхам бол эхэлснээ дуусгаж, эдийн засгийн тусгаар тогтнолыг бүрэн хангах явдал.
1. Шатахууны хараат байдлаас бүрэн гарна: Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орсноор Монгол Улс шатахуунаа өөрөө үйлдвэрлэдэг болно. Ингэснээр жил бүр гадагш урсаж буй 1 тэрбум ам.доллар дотооддоо үлдэнэ. Энэ бол зөвхөн эдийн засаг бус тусгаар тогтнолын баталгаа.
2. Эрчим хүчний хараат байдлыг арилгана: Тавантолгой, Багануурын ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг том төслүүдийг дуусгаснаар “айлаас гэрэл гуйдаг” үе түүх болно.
3. Аж үйлдвэржилтийн шинэтгэл хийж ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг 2 дахин бууруулна. Тээвэр, логистикийн шинэчлэл — экспортыг 40 хувиар өсгөнө. Зэс хайлуулах үйлдвэрийг эхлүүлж бна Гангийн үйлдвэр гацаанаас гарч эхэлж бна
Эдгээр гурван багана бол эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс. Хүний хөгжил, баялгийн шударга хуваарилалт гээд бүх бодлогын суурь нь эдгээрт тулгуурлана.
АЛХАМ 2: БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ — ШУДАРГА ХУВААРИЛАЛТ
Баялаг Монголынх бол Монголын ард түмнийх. Энэ зарчмыг бодитоор хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бид бүрдүүлнэ.
1. Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг дахин тогтооно: Төгрөг нуур, Төмөртэйн овоо ордуудыг төрдөө буцаан авсан. Цаашид уран, зэсийн шинэ ордуудыг шударга, ил тод нөхцөлөөр эдийн засгийн эргэлтэд оруулна.
2. Иргэн бүр баялгийн хөрөнгийн эзэн болно: Иргэн бүр хувьцаа эзэмших, баялгийн өгөөжийг хүртэх шинэ зарчмыг хэрэгжүүлнэ. Баялгийн өгөөж иргэндээ бодитоор очдог тогтолцоо бүрдэнэ.
3. Оюутолгой — Монголын үр өгөөжийг нэмэгдүүлнэ: Зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулж, Монголын талын бодитоор хүртэх үр өгөөжийг 53 хувьд хүргэнэ.
4. Боловсруулах үйлдвэрлэл — үнэ цэн бүтээж хөгжих шинэ үе: Монгол Улс түүхий эдийн орон байхаа больж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болно. Катодын зэс, дизель, бензин, кокс, баяжуулсан нүүрс зэрэг үйлдвэрүүд газар доорх баялгийг газар дээрх бодит баялаг болгож, өндөр орлого, олон ажлын байр бий болгоно.
АЛХАМ 3: ХҮНИЙ ХӨГЖИЛ — ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТЭЛЖ, АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХ
Эдийн засгийн үр өгөөж эцэстээ Монгол хүнд очих ёстой. Дундаж давхарга хүчтэй бол Монгол Улс хүчтэй болно.
Нийгмийн салбарын түүхэн хөрөнгө оруулалт (2026 он): Эрүүл мэндийн салбарт 1.3 их наяд төгрөг, боловсролын салбарт 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ бол зардал биш, ирээдүйн Монголд хийж буй түүхэн хөрөнгө оруулалт юм.
2. Дундаж давхаргын гол төлөөлөл болох багш, эмч нарыг бодитоор дэмжинэ: 2026 онд багш нарын цалинг 2.8 сая төгрөгт хүргэнэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулна.
3. Орон сууц — Монгол хүн бүрийн боломж: Орон сууцны банк байгуулж, ипотекийн шинэ тогтолцоог нэвтрүүлэн, утаа, түгжрэлийг бууруулсан шинэ хорооллуудыг босгоно.
4. Бүсчилсэн хөгжил — төвлөрлийг сааруулна: Аймаг, сум өөрийн хөгжлөө өөрөө төлөвлөж, өөрөө санхүүжүүлэх эрх бүхий болох замыг нээнэ. Орон нутагт ажлын байр, үйлдвэрлэл бий болгох бодит суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
Монголынхоо төлөө хамтдаа зүтгэж ард түмэндээ шинэ итгэлийг би болгож Эрс шинэтгэлийг эхлүүлж Эх орноо хөгжүүлье
Монголын төлөө — Монгол хүний төлөө — Монгол улсын төлөө Ардын нам ард түмэнтэйгээ хамтдаа!



Б.Баярбаатар: Албан тушаалд сонгогдож, томилогдох гишүүдийн шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй
Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Хяналтын ерөнхий хорооны тайлан илтгэлийг Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар танилцууллаа.
Илтгэлийн эхэнд Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий хороо 30 дугаар Их хурлаар тодорхойлсон дотоод хяналт, ёс зүй, сахилга, ил тод байдлыг хангах зорилгоор боловсруулсан “Дөрвөн тулгуурт бодлого”-оо тууштай хэрэгжүүлсээр энэхүү 31 дүгээр Их хурлыг угтаж буйгаа мэдэгдлээ.
Монгол Ардын намын Үндсэн дүрэм, намын гишүүдийн ёс зүйн болон соён гэгээрүүлэх ажил, сонгуулийн үеийн хяналт, намын санхүүгийн үйл ажиллагаа, бага хурлын гишүүдийн татвар хураалтын талаар танилцуулж, улмаар хоёр зүйлийг онцлон тодотголоо.
Нэгдүгээрт, улс төрийн ууган намын хувьд Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоонд эзлэх байр суурь, манлайлан ажиллах үүргээ ухамсарлаж, энэ хүрээнд намын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудал нэн өндрөөр тавигдах нь зүйн хэрэг мөн гэдгийг тодотгов. Хоёрдугаарт, улс орны маргаашийн хувь заяаг үүрч явах ирээдүй хойч үеийнхэн, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд манай намын дотор ч, гадна ч өсөн бойжиж буй бөгөөд төр улсын ирээдүйн эздэд ёс суртахууны цэвэр ариун хөрс суурийг өнөөгийн бид бий болгож өгөх ёстойг онцлов.
Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар “Өнөөдөр Монгол ардын намын эв нэгдэл, үнэт зүйлс, Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болж байгаа асуудлууд, түүнээс гарах гарц, арга замын тухай тун нухацтай авч үзэж, оновчтой шийдлийг хэлэлцэн, түүнийгээ хэрэгжүүлэх явдал чухал байна. Учир нь эдгээр хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт цаасан дээр царцаж үлдэх эрсдэлтэй байна. Намын эв нэгдэл, үнэт зүйлс ус агаар, хөрс мэт шүтэн барилдлагатайг харууллаа. Энэ удаагийн Их хурлын хэлэлцэх асуудлын эрэмбэд намын эв нэгдэл, үнэт зүйлийг цаашид хэрхэн хамгаалах асуудал дээгүүр байр эзлэх ёстой. Намын эв нэгдлийг хангахад намын дотоод хяналтын байгууллагаас ихээхэн идэвх чармайлт шаардана.
Бий болоод байгаа зөрчил, хүндрэлтэй асуудал нь тогтолцооны хийгээд бусад шалтгаантай хэдий ч хувь хүний үйл ажиллагаатай шууд холбогдож байна. Иймээс намын бүх шатны удирдах бүрэлдэхүүнд сонгогдож томилогдож байгаа, намаас сонгуульд нэр дэвшиж байгаа, намын нэрийн өмнөөс төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдох гишүүдийн шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй. Энэ нь бидний хүсэл гэхээс илүүтэй цаг үеийн шаардлага гэж хүлээж авах ёстой. Ил тод, тодорхой, шударга зарчим дээр тулгуурласан энэхүү өндөрсгөсөн шалгуурыг нэн даруй намын дүрэмд тусгах нь зөв байна.
Шинээр байгуулагдах Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо нь энэ удаагийн их хурлаас дэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, намын үнэт зүйл, нэр төрийг хамгаалах, эв нэгдлийг хангахад бүхий л анхаарлаа хандуулж, намын үндсэн дүрмээр хүлээсэн үүргээ нам, түүний гишүүдийн язгуур эрх ашгийн төлөө шударгаар биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Монгол Ардын намын үндсэн дүрмийн хийгээд ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, цаашлаад намын гишүүд, ялангуяа намаас нэр дэвшиж төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож томилогдсон гишүүд авлигаас ангид, албан тушаалын гэм хэрэг үйлдэхгүй байх ёс суртахууны хэм хэмжээ, эрүүл орчныг бүрдүүлэх нь Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо, намын бүх шатны хяналтын байгууллагын нэн тэргүүний зорилт, хариуцах ажлын салшгүй хэсэг байх ёстойг Та бүхэндээ энэхүү индрээс дахин сануулъя” хэмээн төлөөлөгч нарт анхааруулж байсан юм. Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хороо тайлангийн хугацаанд 26 удаа хуралдаж, нийт 139 тогтоол гаргахын зэрэгцээ шаардлагатай дүрэм, журам, зөвлөмжүүдийг шинэчлэн боловсруулж батлан мөрдүүлжээ. Мөн намын гишүүд, дэмжигч нараас ирүүлсэн нийт 90 өргөдөл гомдлыг судлан үзэж, хариу өгөх, дүгнэлт гаргах зэргээр шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Ж.Бат-Эрдэнэ: Монгол Ардын нам улс төрийн манлайллыг бүхий л шатанд үзүүлж ажиллах ёстой
Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Мэндчилгээндээ Монгол Ардын нам үзэл баримтлалдаа “Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам” хэмээн тодорхойлсон гэдгийг онцлов. Тэрбээр Монгол Ардын нам улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо хүний хөгжлийг гол болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, Монгол хүнээ эрүүл, боловсролтой, ажил, орлоготой болгох бодлогыг улс төрийнхөө гол чиглэл болгон ажиллаж ирсэн. Хууль тогтоох дээд байгууллага УИХ нь Монголын ард түмний засаглах эрх, Үндсэн хуулиар олгогдсон төлөөллийн ардчиллын баталгаа юм. Парламентын тогтолцоог төгөлдөршүүлж, сонгодог парламентыг бий болгох, шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, баялгийн хуваарилалтыг шударга болгох хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нөр их ажил нь Монгол Ардын нам, УИХ дахь намын бүлгийн гишүүд манлайлал үзүүлж ажилласны тод илрэл байдаг. Бидний өмнө нийгмийн олон сорилт, шийдэл хүлээж байгаа. Монгол Ардын нам улс төрийн манлайллыг бүхий л шатанд үзүүлж ажиллах ёстой” хэмээгээд эв нэгдэл, шийдэл, хөгжлийн төлөө ард түмний засаглах эрхийг тууштай хангахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Б.Лхагважав: Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой гээд заалнаас Монгол Ардын Намын даргад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлэв. Тэрбээр “Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой. Намыг цэгцэлж, намын санхүүг ил болгож , намын гишүүн бүрийн итгэл үнэмшлийг бий болгож байж нийгэм, улс төр ариун болохыг би олж харсан. Тийм учраас би намд элссэн. Надад маш олон нам санал тавьсан. Гэвч бусад нам улс төрийн институцын хэлбэрт очиж чадаагүй байлаа.” гэдгийг танилцуулгынхаа эхэнд онцлов.
Монгол Ардын Намын даргад нэр дэвшигч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Үндсэн хууль дахь иргэдийн өөрөө удирдах ёсны “амилж” чадаагүй. Иргэдийн хуралд намууд орохоо болъё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье” гэдэг бодлогоо дурдлаа. Цаашлаад “Намын гишүүн хүн соён гэгээрүүлэгч, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч байх хэрэгтэй .Тусгаар тогтнолын багана бол 176 малчин өрх. Тэдэнд бэлчээрийг нь эзэмшин эрхийг өгье. Малчнаасаа асуугаагүй байж малаас нь гаргаж байгаа түүхий эдийг зарна, боловсруулна гэдэг. Малчин хүний өмч рүү дайрдаг.



Монгол Ардын Намын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэрийг албан ёсоор дэвшүүлснийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар зарласан юм. Монгол Ардын намын даргад Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлсэн бол танхимаас Монгол Ардын намын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн. Нэр дэвшигч Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. ***( Илтгэл бүрэн эхээрээ)
Намын даргад нэр дэвшигчид Их хурлын төлөөлөгчдөд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараагаар мэтгэлцээн өрнүүлэв.
Их хурлын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчдэд асуулт тавьж, санал хэллээ. Тухайлбал, намын даргаар сонгогдсон тохиолдолд анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд анхаарах, Бага хуралд хариуцлагатай, итгэлтэй гишүүдийг сонгох зэргээр төлөөлөгчид саналаа хэлж байв.
Дараагаар нь нэр дэвшигчид төлөөлөгчдийн тавьсан асуултад хариулав.
Монгол Ардын намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Хэрвээ би сонгогдвол 317 мянган гишүүд, дэмжигчидтэйгээ уулзахаас ажлаа эхэлнэ. Аймаг, орон нутагт ажиллаж жирийн гишүүдийнхээ үгийг сонсоно. Цаашдаа бүс болгон дээр мөрийн хөтөлбөрийн тайлан, бодлогоо хэлэлцүүлнэ. Намын дэргэдэх сургалтын байгууллагыг судалгаанаас салгаж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Надад итгэл хүлээлгэж, намын даргаар сонговол гишүүн төвтэй стратегиа хэрэгжүүлж, гишүүдээ сонсдог нам болохын төлөө ажиллах болно” гэв.
Учирал: Унаж босож, уруудаж өгсөж, саад бэрхшээл дунд туучсаар ирсэн надад Агуу түүхтэй Ардын намыг удирдах хувь ерөөл тохиолоо.
Эрхэм хүндэт журмын нөхдөө,
Эх орныхоо өнцөг булан бүрд зүтгэн ажиллаж буй намын гишүүд, итгэл хүлээлгэн дэмжсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ.
Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаардаж байна.
Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд
бид ялдаг. Монгол хөгждөг.
Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж,
дэвшүүлсэн зорилт, танилцуулсан “Гишүүн төвтэй E4” стратегиа бодитоор хэрэгжүүлж,
хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.
21 аймаг, 330 сум, улс эх орныхоо өнцөг булан бүрд байгаа намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, эргэх холбоотой ажиллана.
Эх орныхоо хөгжлийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно.
Ард түмний итгэл сулран ганхаж буй энэ цаг үед Ардын нам ардынхаа зүрхэнд, түмнийхээ сэтгэлд дахин очиж, итгэлийг сэргээнэ.
Харин Монгол Ардын намын даргад нэр дэвшигч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Би намын дарга болвол эхний ээлжинд философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон гуайтай уулзана. Б.Даш-Ёндон дарга бол коммунизмын онолыг судлаад, дараа нь социал демократ онол руу явахад юу хэрэгтэй талаар судалсан философич хүн. Би өнөөдөр намын гишүүний хувьд нэр дэвшиж байгаа. Би намын гишүүдээ төлөөлж, иргэний эр зориг гаргаж нэр дэвшиж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид намын даргыг сонгохоор саналаа өгч эхлээд байна. Нэр дэвшигчдийн мэтгэлцээн өндөрлөж, санал хураалт эхэллээ.


***МАН-ын даргад нэр дэвшигч Н. Учралын илтгэл
ГИШҮҮН ТӨВТЭЙ Е-4 СТРАТЕГИ
Монгол Ардын намын ХХХI их хуралд тавьсан улс төрийн илтгэл
“АРДЫН НАМ АРД ТҮМЭНДЭЭ ЭРГЭН ИРНЭ”
МАН-ын мянга мянган гишүүд, журмын нөхөд өө!
Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос хуран цугласан, МАН-ын XXXI Их
хурлын хүндэт төлөөлөгчид өө!
Ардын нам жинхэнэ ёсоор Ардын нам байж, шат шатны сонгуульд хоёргүй
сэтгэлээр хичээн зүтгэсээр ирсэн, ялалтын их хүч болсон Та бүхэндээ гүн
талархал илэрхийлье.
Та бид алдарсан итгэлийг ахин олж авч, Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ
гэж нүүр бардам хэлж, алдааг оноогоо хэлэлцэн тунгааж, тулсан бэрхийг
туулж давах эрс өөрчлөлт шинэчлэлийн их үйлсийг эхлүүлэхээр эх орныхоо
өнцөг булан бүрээс энэ танхимд хуран цуглаад байна.
Ардын нам ард түмнийхээ зүрхэнд эргэн ирлээ гэж итгэл төгс хэлэх тэр
өдрийн төлөө, 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ, Орон нутгийн
сонгуулиудын амжилт, ялалтын төлөө хуран цуглаад байна.
Ардын намын 300 гаруй мянган гишүүний нэг Ням-Осорын Учрал би ч
Та бүхэнтэй Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ гэж итгэл дүүрэн хэлэхээр энэ
индэрт зогсож байна.
Ардын нам унасан ч босдог нам, Ардын нам уруудсан ч өгсдөг нам. Ардын
нам тулсан бэрхийг туулдаг нам. Ардын нам учирсан сорилтыг давдаг нам.
Ардын нам тусгаар тогтнолын түүхийг туулж бүтээсэн, эх орон, ард
түмнийхээ түүхэн захиалгаар үүсэн байгуулагдсан нам гэдгээ ахин нэг удаа
батлахаар энэ танхимд хуран цуглаад байна.
Эрхэм журмын нөхөд өө!
Ардын хувьсгалыг удирдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт
байдлыг сэргээн мандуулах шийдвэр гарган хэрэгжүүлсэн Анхдугаар Их
хурал, олон намын систем, ардчилсан төрийн тогтолцоо, чөлөөт эдийн
засгийн харилцаанд шилжихээр эргэлт буцалтгүй шийдвэрлэсэн 1990 оны
МАХН-ын Онц Их хурал зэрэг манай намын гучин удаагийн Их хурал бүр улсорныхоо хөгжлийн түүхэн өөр өөр үе шатны бодлогыг тодорхойлж, монголчуудын сэтгэл зүрхэнд тодоор бичигдэн үлдсэн билээ.
МАН-ын үе үеийн гишүүд оройлон манлайлж, эх орныхоо тусгаар тогтнолыг
амь, биеэрээ хамгаалж, хөгжин дэвжсэн БНМАУ-ыг урлан бүтээснийг хойч үе
нь болсон бид мартах учиргүй. Чухамхүү намын үе үеийн олон зуун мянган
гишүүд эх орон, ард түмний төлөө ариун цагаан хөдөлмөрөө зориулж, үзэл
санаа, үйлс зорилго нэгтэй зүтгэж, тэмцэж, бүтээн байгуулсны үр дүнд МАН
ард түмний нам болон бэхжин төлөвшсөн юм. Ард түмний энэ их хүндлэл,
итгэл үнэмшил, дэмжлэгийн ач буянаар Ардын нам ардчилсан шинэчлэлт,
өөрчлөлтийн энэ он жилүүдийн дийлэнх хугацаанд эрх баригч нам байлаа.
Монгол Ардын намыг үе, үед удирдаж түүхэн цагийг хугацаандаа тод мөрөө
үлдээн, улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж
ирсэн Монгол ардын намынхаа 31-р их хуралдаа оролцож буй МАН-ын
даргаар ажиллаж байсан Гомбожавын Очирбат, Бүдрагчаагийн Даш-Ёндон,
Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Миеэгомбын Энхболд,
Санжаагийн Баяр, Сүхбаатарын Батболд, Өлзийсайханы Энхтүвшин,
Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Дашзэгвийн
Амарбаясгалан нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил амьдралд
нь сайн сайхныг хүсэн ерөөе!
Та бүхний түмэн олны итгэлийг үл алдан зүтгэсэн цаг хугацаа, бүтээсэн үйл
хэрэг, үлдээсэн үнэт өвөөр МАН-ын гишүүд бид бахархаж хүндэтгэж явдгаа
илэрхийлье.
Харин өнөөдөр бид ард түмнийхээ энэ их итгэл найдварыг идэвх зүтгэлээр
хариулж чадаж байгаа эсэхээ тунгаан хэлэлцэх хэрэгтэй цаг үетэй тулж ирээд
байна.
МАН-ын ээлжит Их хурал манай ард түмний анхаарлыг онцгой их татаж
байна. Биднийг намынхаа бодлого, үйл ажиллагаанд улс төрийн оновчтой зөв
дүгнэлт хийж, үүсээд буй асуудлуудыг уламжлал, шинэчлэлд тулгуурлан
шийдвэрлэж чадна гэж ард түмэн итгэж хүлээж байна. Намын үндсэн дүрмээ
“Улс төрийн намын тухай” хуулийн зүйл, заалт бүрд нийцүүлэн, бодлого үйл
ажиллагаа, хөтөлбөр зорилтдоо олон улсын нийтлэг жишиг, улс төрийн
шинжлэх ухааны онол, практикт нийцсэн нэмэлт, өөрчлөлт оруулан, шинжлэх
ухаанч шинэчлэлт, өөрчлөлт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа манай намын гишүүд, дэмжигчид илэрхийлсээр байна.Намын 31 дэх их хурлын 2255 төлөөлөгч Та бүхэн Их хурлаараа хий зайгүй ажиллаж, МАН-ын даргыг шударгаар сонгож, үүрэгт ажилд нь оруулж, ард түмний алдарсан итгэлийг дахин сэргээх үүргийг ахин оногдуулна гэдэгт итгэл төгс байна.
Ардын нам үзэл санаа, үнэт зүйл, шударга ёс, улс орны язгуур эрх ашиг
дээрээ эвлэлдэн нэгдэж чадах уу? гэж ард түмэн анхааралтай гярхай ажиглан
харж байна. Намын хэргээ төрийн хэрэг болгосон хэрүүл талцлаа дуусга,
авлига, хулгайтай тэмц, өөрсдөөсөө эхлэн шударга ёсыг тогтоо, арван жил
засаглалаа, амьдрал олигтой өөрчлөгдсөнгүй гэж иргэд бухимдаж байна.
Ардын намын 300 гаруй мянган гишүүн Та бидний зүгт ард түмэн итгэлээ үл
таслан, чих тавин харж байна.
Цэл залуу 23 насандаа Монгол Ардын намд элсэж, намын үүрийн дарга,
дүүргийн намын хорооны дэд дарга, хотын намын хорооны хэлтсийн дарга
гээд анхан шатнаас эхлэн, шат шатаар ахиж, шалгарч манлайлахын төлөө
зүтгэсэн, ажил амьдрал, алдаа оноо, амжилт ялалт бүхэн минь Ардын намтай
салшгүй холбоотой.
Арван зургаан жилийн өмнө Баянзүрх дүүргийн намын анхан шатны
байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Ням-Осорын Учрал би энэ
танхимд олон арваараа суугаа намын анхан шатны байгууллагын төлөөлөл,
журмын нөхөд та бүхэндээ мэндчилж байна. Би Тантай адил анхан шатанд
гишүүдтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж, амьдралын бодит үнэнийг танин
мэдэж, ажиллаж эхэлснээрээ бахархаж явдаг. Би, Та, бид бүхэн цахилгаан
шатанд суугаагүй, шат шатаар ахиж, шалгарч манлайлахын төлөө зүтгэсэн
Ардын намын олон мянган гишүүдийн нэгээхэн хэсэг.
Нийслэлийн намын хороонд хэлтсийн даргаар ажиллаж, намын дунд шатыг
тойрч гаралгүй туулж ажилласнаараа би бахархдаг. 2015 онд Монгол Улсын
шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 10 жилийн
дараа өөрөө Шадар сайдаар томилогдон энэ албыг хашна гэж бодож
явсангүй. 29 насандаа УИХ дахь намын бүлэгт ажиллаж байхдаа жилийн
дараа УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэж ч төсөөлөөгүй. Ардын нам бол
ахмад үеийнхнийхээ алтан сургаал дор залуу үе нь бэлтгэгддэг, дунд, залуу
үе нь ачаа үүрч ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээнд оршдог амьд
организм болсон улс төрийн ууган хүчин.
Энэ танхимд сум, дүүргийн намын хорооны дарга, дэд дарга, гишүүд олон
байна. Та бүхэнтэй адил анхан шатанд, Сүхбаатар дүүргийн намын хорооны даргаар ажиллаж, ардын намын гишүүдийнхээ дунд байж, албан тасалгааны цонхоор амьдралыг өрөөсгөл харахгүй, асуудлын бодит үнэнтэй нүүр тулдаг нь миний, бидний давуу тал.
Нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан, их хотын голт
зүрх болсон Сүхбаатар дүүрэгт улс төрийн сонгуульт албууд хашиж, танхимд
суугаа олон дүү нар, үе тэнгийнхэнтэйгээ адил намын дэргэдэх залуучуудын
байгууллагын эгнээнд орж, 2015 оны эвдрэл талцал дундуур анд нөхөдтэйгөө
хамт туучин, 2019 онд “Нийгмийн Ардчилал“ Монголын Залуучуудын
холбооныхоо “Эвийн хүчээ нэгтгэе” хэмээх уриан дор зохион байгуулагдсан
их хурлаар холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Үеийн олон нөхдөө үлгэрлэн манлайлж нэгэн үзэл баримтлал, үнэт зүйл дор
нэгтгэж 2023 онд холбооныхоо үзэл баримтлалыг тодотгон “Социал
демократ” Монголын залуучуудын холбоо хэмээх шинэхэн нэрийг түмэн
олонд хүргэн таниулж, Соц Интерний залуучуудын холбооны жинхэнэ гишүүн
байгууллага болгож, Азийн социал демократ залуучуудын чуулганыг эх
орондоо зохион байгуулж тив, дэлхийд намынхаа залуучуудын байгууллагыг
тунхаглан зарласан түүхэн цагийг бид хамтдаа бүтээсэн.
Би унаж босож, уруудаж өгсөж, тулаад ирсэн бэрхшээлийг туулж давсан хүн.
Амьдрал ямар их амттайг, амьдралын үнэ цэнийг туулсан зовлонгоороо тулж
мэдэрсэн хүн. Энэ амьдралд дахин төрсөн минь учиртай, энэ амьдралд эргэн
ирсэн минь ч утгатай. Зовлон жаргалаа хуваалцаж, анхаарал халамж тавьж,
тэтгэврээсээ илүүчилж, цай, хоол барин ирж, цагаан сүүгээ өргөсөн ард
түмэн, ардын намын гишүүд, дэмжигчид та бүхнийхээ сэтгэлийн их хүч,
сайныг билэгдсэн ерөөл дор энэ амьдралд би эргэн ирсээн. Та бүхэндээ би
сэтгэлийн их өртэй. Ардын намаа ард түмнийхээ зүрх сэтгэлд эрүүл саруул,
ил тод, цэвэр, шударга, дотоод ардчилалтай, хариуцлагатай улс төрийн
хүчин болж эргэн ирэхийн төлөөх эрс шинэчлэлд мэддэг, чаддаг бүхнээ
зориулах сэтгэлийн их өртэй.
Та бүхнийхээ итгэл дэмжлэгээр УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан,
Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс нэр дэвшин 3 удаа сонгогдож, Цахим хөгжил,
харилцаа холбооны сайд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол
Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайдаар
томилогдон ажиллаж байна. Хал үзэж, хат сууж, халуун чулуу барьж,
туршлагатай улс төрч гэж үнэлэгдэх замыг минь нээж, боломж олгосон намын гишүүд Та бүхнийхээ бүрэн итгэлийг бүтэн зүтгэлээр хариулах сэтгэлийн их өртэй.
Эрхэм журмын нөхөд өө,
Хүндэт төлөөлөгчид өө,
Би Монгол Улсын Боловсролын Их Сургуульд “Монгол Ардын намын анхны
мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний соён гэгээрүүлэх үйл
ажиллагаа” сэдвээр түүхийн ухааны магистр, ОХУ-ын ШУА-ийн Монгол, Түвд,
Будда судлалын институтэд “Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт
байдлыг олон улсад хүлээн зөвшөөрсөн нь” сэдвээр” түүхийн ухааны
докторын зэргийг хамгаалсны хувьд Хорьдугаар зууны тусгаар тогтнолын
түүх бол Монгол Ардын намын түүх хэмээн үздэг.
Тусгаар тогтнолын түүхээ судлах тусам мэдэж, мэдэх тусам Монгол Ардын
намын үүрсэн ачааны хүнд, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр,
бүтээсэн түүх, цаашид ч хүлээх хариуцлага, утга учрыг улам бүр
ухамсарласан.
ДЭЛХИЙН МОНГОЛ УЛС: ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ
Үе үеийн эх орончид халуун амь, бүлээн цусаа зориулж эрхэмлэж яваарай
хэмээн захиж үлдээсэн улсынхаа тусгаар тогтнолыг эдийн засгийн тусгаар
тогтнолоор дархлах нь өнөөдрийн бидний хүлээсэн үүрэг мөнөөсөө мөн.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын
хувьд Монгол улс Эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, монгол хүний
эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө тулгамдсан сорилтыг туулах арга
замаа “Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэмжиж
болохуйц, хүрч болохуйц, цаг хугацаатай, бодит байх шаардлагад үндэслэн
шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулж Улсын Их Хуралд танилцуулсны
хувьд ирэх он жилүүдэд улсынхаа тусгаар тогтнолоо эдийн засгаар бататган
бэхжүүлэх өрнүүн их зорилт байна.
Гадаад нөхцөл байдал сорилт, бэрхшээлтэй байна. Дэлхийн дэг журам
өөрчлөгдөж, олон туйлт хүчний тогтолцоо рүү шилжин, эдийн засаг,
технологи, аюулгүй байдлын огтлолцол геополитик, гео-стратегийн гол хүчин
зүйл болон өргөжиж байна. Дэлхийн эдийн засгийн хүндийн төв Ази тив руу
шилжиж, бүс нутгийн ДНБ-д эзлэх хувь 2000 оноос хойш 35%-с 47% болон өсөж, дундаж өсөлт 4.5%-д хүрсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ өнөөдөр стратегийн гол талбар болоод байна. 2030 он гэхэд хиймэл оюун ухааны салбарын хэмжээ 1.8 их наяд ам.долларт хүрч, 2035 он гэхэд хагас дамжуулагчийн хэрэглээ хоёр дахин, ховор металлын
хэрэглээ гурав дахин, эрчим хүчний хэрэглээ 15% өснө гэсэн таамаг дэлхийн
өрсөлдөөний чиг хандлагыг улам тодорхой болгож байна.
Ийм цаг үед манайх шиг жижиг, нээлттэй эдийн засгийн хувьд бид гадаад
орчныг өөрчлөх боломжгүй ч, түүнд хэрхэн бэлэн байхыг өөрсдөө шийдэж,
эдийн засгийн дархлаагаа сайжруулах шаардлагатай.
Манай улсын эдийн засаг өнөөдөр эмзэг, хараат, төвлөрсөн бүтэцтэй хэвээр
байна. Гадаад худалдааны 70 гаруй хувь, экспортын 90 хувь нь зөвхөн нэг
улсаас хамаарч, эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэг нь, түлш шатахуун
100 хувь импортоор худалдан авч байна. Монгол айл өрхүүд хүний гар харж,
гэрэл дулаанаа айлаас авдагтай адил нөхцөлд байна.
Эдийн засгийн төрөлжилтийн индексээр дэлхийн 145 орноос 139-т бичигдэж,
үндсэндээ нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гэсэн цөөн төрлийн түүхий эдэд
түшиглэсэн хэврэг бүтэцтэй болсон нь үнэ өсөхөд хэрэглээгээ тэлж
“найрлаж”, үнэ унахад “бүсээ чангалж” хямардаг мөчлөгт баригдсан байдалд
олон жил дороо эргэжээ. Тусгаар тогтнолын тулгуур багана хэврэг байна.
ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦЭЭ ЭРҮҮЛ БОЛГОЁ
Эдийн засгийн бүтцийг эрүүлжүүлэхийн суурь нь экспортын төрөлжилт,
экспортын төрөлжилтийн үндэс нь эрдэс баялгийн төрөлжилт юм.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор чухал ашигт малтмалын
эрэлт 2030 он гэхэд гурав, 2040 он гэхэд дөрөв дахин өсөх бөгөөд зэсийн
эрэлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэ эрэлт өсөлтийн
давалгаанд Монгол Улс зөвхөн түүхий эд олборлогч байх бус, зэс, нүүрс, алт,
уран, газрын ховор элемент зэрэг эрдсийн олборлолт, баяжуулалт, нэмүү
өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолж, түүнтэй уялдсан үйлчилгээ,
технологийн бүс нутгийн тоглогч болох бүрэн боломжтой. Энэ боломжийг
бодитой болгохын тулд бид геологи, хариуцлагатай хайгуулын үйл
ажиллагааг эрчимжүүлж, уул уурхайн биржийн үйл ажиллагааг бэхжүүлэх,
улам бүр төгөлдөржүүлэх шаардлагатай. Тусгай зөвшөөрөл олголтыг ил тод,шуурхай болгох нь хайгуулын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх гол нөхцөл болно.
Тиймээс бид Улсын Их Хурлаар батлагдсан, Монгол Улсын Засгийн Газар
Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай байгуулсан
ураны хөрөнгө оруулалтын гэрээний жишгээр дараа дараагийн төслүүдэд
ашгаас ногдол ашиг хүртдэг загвараас татгалзаж, борлуулалтын орлогоос
шууд үр өгөөж хуваарилж Үндэсний баялгийн сан, иргэний хуримтлалын
дансыг арвижуулдаг, эрсдэл–үр өгөөжийн шударга, ил тод түншлэлийн шинэ
зарчим руу шилжих нь зүйтэй.
Аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөр аймаг, сумандаа бага үлддэг нь уул уурхай, эрдэс баялгийн салбарыг
тойрсон олон маргаан, эсэргүүцлийн нэг нь юм. Нутаг орныхоо үүцийг
ашиглуулчхаад үр өгөөж нь оногдохгүй байгаа цагт орон нутгийн иргэдийг уул
уурхайг эсэргүүцлээ гэх нь өөрөө утгагүй.
Өмнөговь шиг, Дорноговь шиг татаасгүй аймаг олон болохын үндэс нь татвар
төлбөрийг нь Улаанбаатарт татаж авчрахаа болихоос эхэлнэ. Аймаг, орон
нутаг Улаанбаатар руу гүйдэг биш ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөрийнхөө дийлэнхийг авч үлдэх нь орон нутагт эдийн засгийн эрх чөлөөг
тэлж, нэгдсэн төсвөөс хараат байдлыг бууруулж, нийгэм эдийн засгийн
асуудлаа бие даан шийдвэрлэх үндсэн гарц юм. Бид хариуцлагатай
хайгуул, хариуцлагатай уул уурхайг дэмжиж, анхдагч экосистемийн
тэнцвэрийг хадгалан, харилцан үр өгөөж хүртдэг загварыг тууштай
дэмжих ёстой.
Манай орны хөгжлийн стратеги нь уул уурхайн салбараас орж ирэх орлогод
суурилан уул уурхайн бус, өөрийн орны онцлог давуу талд суурилсан
салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой,
хүртээмжтэй өсөлтийг бий болгох явдал юм.
Эрүүл, тогтвортой эдийн засгийн тулгуур нь үр ашигтай, өрсөлдөөнтэй,
хүртээмжтэй санхүүгийн сектор юм.
Гадаадын банкны салбар, нэгжүүдийг нээснээр өрсөлдөөн нэмэгдэж,
санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн үйлчилгээний
чанар, хүртээмж сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлнэ. Банкны
реформыг эрчимжүүлж, жилийн дундаж хүүг аажмаар бууруулж дэлхийн жишиг рүү ойртуулна. Дэлхийд байхгүй өндөр зээлийн хүүгийн дарамтадмонголын бизнес эрхлэгчид, ард иргэд ажиллаж амьдарч байгаа нь үнэн билээ.
Санхүүгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн хөрөнгө
оруулагчдын суурийг тэлж, урт хугацааны хөрөнгө оруулалт татна. Хөрөнгийн
зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлж, хөрөнгийн
биржийг 100% нээлттэй компани болгож, менежментийг олон улсын жишигт
нийцүүлнэ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг
эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ. Дэвшилтэт технологи,
инновацыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг
хамгаалах, малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг
хөгжүүлэх, малчдын орлогыг өсгөх бодлого баримталж, хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөтгөнө.
Хөдөө аж ахуйн салбарт зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулдаг
хязгаарлалт, хоригийг шат дараатайгаар халж, экспортыг аливаа хэлбэрээр
хязгаарлахгүй байх бодлого баримтална. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт
төрийн дэмжлэг, төсвийн татаасыг эцсийн үр дүнд чиглүүлж, өгөөж өндөртэй,
хэмжигдэхүйц үр дүн гаргадаг, зорилтот үр дүнд хүрээд зогсоодог “exit
strategy”-тэй өрсөлдөхүйц салбар болгоно оо.
Уул уурхайн бус экспортыг дэмжихийн тулд ЕвроАзийн чөлөөт худалдааны
түр хэлэлцээр байгуулсан шигээ бусад улс орнуудтай байгуулах чөлөөт
худалдааны хэлэлцээрийнхээ цар хүрээг өргөтгөж, Монголд үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрэх гарцыг нэмэгдүүлнэ.
Нүүдэлчдийн хосгүй ёс заншил, уламжлал, түүх соёлын давтагдашгүй
үнэт өв, унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн үзэсгэлэнт
газар нутаг бол бидний үнэт өв билээ.
Аялал жуулчлалын салбарт бид тооноос илүү чанарт анхаарч, экологийн
даац болон эдийн засгийн үр өгөөжийн оновчтой тэнцвэрийг баримтлан “high
end” сегментийн жуулчдыг татах бодлого баримтална. Бидний зорилго бол
манай улсад ирсэн жуулчид нэг удаа ирээд буцдаг биш, ахин дахин ирэхийг
эрмэлздэг, найз нөхдөө урьдаг уриалдаг, өөрөө Монголын соёл, байгаль,
зочломтгой занг сурталчлагч, элч төлөөлөгч болохуйц дурсамж, туршлагыг
бий болгох явдал юм.Мэдээллийн технологийн хөгжил дэвшилд Монгол залуус бусдыг дагах биш дагуулж болдгийг нотлон харуулсаар байна. Үүний үр дүнд монгол хүний ур
ухаан шингэсэн дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, бизнес ганц нэгээр биш, хэдэн
арваар тоологдох болсон. Миний бие Цахим хөгжил, харилцаа холбооны
сайдаар ажиллаж байхдаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих
тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Мэдээллийн технологийн
бүтээгдэхүүн нь тээвэр логистикийн нэмэлт зардал шаарддаггүй тул далайд
гарцгүй, үйлдвэрлэл хязгаарлагдмал, экспортын барааны нэр төрөл бага
манай улсын хувьд эдийн засгаа солонгоруулах томоохон боломж юм. Тус
хуулиар мэдээллийн технологийн бүс байгуулж, орон зай цаг хугацаанаас үл
хамааруулан компани байгуулах боломжийг олгож, виртуал бүсэд
байгуулагдах компаниудыг татвараас чөлөөлнө.
Сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд
оруулах чиглэлээр, олон улс, бүс нутаг, хөрш орны түвшинд хамтран
ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэсэн эрчим
хүчээ экспортлох чиглэлийг тууштай баримтална.
Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, суурилагдсан хүчин
чадалд эзлэх хэмжээ 7.1 хувь байгааг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ.
Ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг 30% хувиар бууруулна. Швейцар,
Сингапур улстай байгуулсан гэрээгээ баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүч,
хөрс бэлчээр зэрэг хүлэмжийн хийн шингээлтийн боломжоо ашиглаж, карбон
кредитийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулна.
Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн
засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох,
хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах,
мөнгө угаах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим мөрийтэй
болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хуулийг
санаачлан батлуулсан.
Ард түмний босгосон амьдралыг мөрий бооцоонд тавьдаг, чимээгүй тахал
болсон цахим мөрийтэй тоглоомыг хориглосноор жилд гадаад руу урсаж буй
500 сая ам.доллар буюу та бидний 1.3 сая хүүхдэд олгодог мөнгөнөөс ч их
хяналтгүй гадаад валютын гүйлгээг таслан зогсоолоо. Цаашид хуулийн
хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно.Улс орны эдийн засгийг автомашинтай зүйрлэвэл хөдөлгүүр нь хувийн
хэвшил, түлш нь хөрөнгө оруулалт, хүрэх цэг нь хөгжил, зорчих зам нь
зах зээл, шударга дүрмийг тодорхойлж, түүнийг алагчлалгүй сахиулагч,
хамгаалагч нь төр өөрөө байх ёстой юм.
Хөгжингүй орнуудын сайн туршлагаас харахад хувийн хэвшил нь эдийн
засгийн өсөлт, ажлын байр, инновацын гол хөдөлгөгч хүч байсаар байна.
Манай улсын хувьд өнгөрсөн жилүүдэд эдийн засаг дахь төрийн оролцоо
төсвийн тэлэлтээр дамжин тасралтгүй нэмэгдэж, 2018–2019 онд нийт
нэрлэсэн ДНБ-ий 29 хувьтай байсан төсвийн орлого 2024 онд 37 хувь хүртэл
тэлсэн нь төр эдийн засгийн амьсгалах орон зайг хэт их булаан авсны бодит
илэрхийлэл юм. Олон улсын валютын сангийн тооцооллоор хөгжиж буй
орнуудын дундаж үзүүлэлт ердөө 26 хувьтай байхад Монгол Улсад төрийн
оролцоо хоёр дахин өндөр байна. Хэт төвлөрсөн энэхүү загвар нь зах зээлийн
эрүүл өрсөлдөөн, хөрөнгө оруулалтын урсгал, инновац, хувийн хэвшлийн
өсөлтийг боомилж, эдийн засгийн боломжийн өртөг асар өндөр болоход
хүргэж байна.
Эдийн засагт томоохон компаниудын гүйцэтгэдэг үүргийг бид үнэлэх ёстой.
Том компаниуд экспортын суурийг бүрдүүлж, татварын орлогыг нэмэгдүүлж,
олон мянган ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалт хийж ирсэн нь
Монголын эдийн засагт оруулж буй тэдний хувь нэмэр мөн.
Нөгөөтээгүүр хүчтэй, хүртээмжтэй уян хатан эдийн засгийн үндэс суурь, амьд
эд эс нь жижиг дунд бизнес билээ. Хөгжингүй улс орнуудад шинэ ажлын
байрны 70-80 хувийг жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлж, инновац, шинэ
бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг бий болгодог.
Тиймээс бид зах зээл дэх төрийн оролцоог хумьж, шударга өрсөлдөөнийг
хөхиүлэн дэмжиж, хувийн хэвшилд өргөжин тэлэх орон зайг бодитоор нээх
шинэчлэлээ эхлүүллээ. УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт батлагдсан
Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого нэрлэсэн ДНБ-ий харьцааг 2026
онд 31.2 хувь, 2027 онд 29.3 хувь, 2028 онд 28.2 хувь болгон бууруулах зорилт
тусгагдсан нь төрийн оролцоо багасаж, зах зээлийн боломж улам өргөжихийн
эхлэл боллоо.
Төсвийн нийт зардал ДНБ-ий харьцааг 2028 он гэхэд 28.6 хувь болгон
бууруулснаар төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай
инфляцыг хязгаарлаж, мөнгөний бодлоготой уялдан дунд хугацаанд
инфляцыг бууруулах нөхцөлийг бий болгоно.Хувийн өмч хөрөнгийг хурааж нийгэмчлэх, эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон, эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Эдийн
засгийн эрх чөлөөтэй зөрчилдөж болзошгүй 228, шууд зөрчилдөж буй 110
хууль, нийт 378 хуулийг хиймэл оюунд тулгуурлан илрүүлсний гох дэгээг энэ
хуулиар тайлах болно. Өмчлөх эрх баталгаагүй бол өсөж дэвжих тухай
ойлголт байхгүй. Хуулиас давсан журамгүй журам, дүрэмгүй дүрмийг
хориглоно.
Төр зөвшөөрөл нэртэй хориглолтын төвлөрсөн, олон шаттай хана хэрэм
босгосон байна. Гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолт, батламж гэх мэт зүсээ
хувиргасан элдэв төрлийн хориглолт, хүнд суртлын системийг нурааж,
чөлөөтэй бизнес эрхлэх, өөрийнхөө хүчээр өнөөдрөөсөө илүү сайхан
ирээдүйг өөрсдөө бий болгох боломжийг нээнэ. Төр аж ахуй эрхлэх нь
тээврийн цагдаа том даргын цувааг татах гэж бусад урсгалыг нь гацааж
зогсоодогтой адил. Үйл ажиллагаагаа мэдэгдлээ илгээгээд эрхэлдэг,
зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг, 120 энгийн зөвшөөрлийг төр биш
мэргэжлийн холбоод олгодог болно.
Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай
хамтран ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын
Занданшатарын онож хэлсэнчлэн “Залж авчраад заамддаг, урьж авчраад
урдаг” явдлыг таслан зогсоож байж хөгжил ирж, эдийн засгаа чөлөөлнө.
Хөрөнгө оруулалт бол зөвхөн хөрөнгө мөнгө биш. Хөрөнгө оруулагчид харийн
дайсан биш. Хөрөнгө оруулалт бол дэвшилтэт шинэ технологи, шинэ соёл,
хийх ажил, олгох цалин, төлөх татвар юм. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу
хийхгүйгээ мэддэг төр болж, гай биш зай болсон цагт эдийн засгийн эрх
чөлөөг баталгаажуулна.
Бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор татвар, нийгмийн даатгалын
тогтолцоонд бодит шинэчлэл хийж, шударга болгоно.
Татварын тогтолцооны өөрчлөлт бол эдийн засгийн эрх чөлөөнд ногоон гэрэл
асаах үндсэн гарц юм. Тэлэхээс өөр зүг мэддэггүй төсвийг хазаарлах нь хүн
бүрийн цалин орлого, данс түрийвчинд хуруугаа дүрж үнэгүйдүүлэгч
инфляцын дарамтыг буулгах давхар зорилготой.
Татвар төлөгчдийн бааз суурийг тэлж, төлдгөө нэмж дарамтлах биш
нийтээрээ төлдөг шударга системд шилжинэ. Татварын өртэй аж ахуйн
нэгжийн дансыг хааж, үйл ажиллагааг нь зогсоодог байдлыг өөрчилж,ялгаатай татварын дэглэмийг арилган, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад тэгш нөхцөл бүрдүүлнэ. Татварын ачааллыг бууруулж, хөнгөлөлт чөлөөлөлтийг ил тод мөрдүүлнэ. Татварын хууль ёсны
хөнгөлөлтөө эдлэх гэсэн биш хүндэрч чирэгддэгийг болиулна.
Хөнгөлөлт нь хүртэл хүндрэл болсон нь ачаа дарамт, алдаа завхрал юм. Аж
ахуйн нэгж, бизнес эрхлэгчид бүртгэлдээ үндэслээд хууль ёсны хөнгөлөлтөө
шууд эдэлнэ. Хувийн хэвшил хууль ёсны хөнгөлөлтөө эдлэх гэж хөөцөлдөж
гүйдэг, хуульчийн шалгалт өгөхөөс дутахгүй уншиж судлах албагүй. Эдлэх
ёстой эрхээ эдлэх гэсний төлөө илүү үүрэг хүлээлгэдгийг таслан зогсооно.
Ажил хийгээд ч амьдарч болохгүй, ажил хийхгүй ч амьдарч болоод байдаг
улс хэвээрээ үлдвэл эдийн засгийн эрх чөлөө “эргэн ирэхгүй”. Ажил олгож,
цалин өгч, илүү урамшуулж үнэлснийхээ төлөө торгуулаад байвал
хөдөлмөрийн үнэлгээ өсөхгүй.
Улсын Их Хурлын Гишүүний хувьд 2021 онд тэтгэж чаддаг тэтгэврийн хууль
санаачилж байснаа ахин сэргээн амилуулж, хувийн тэтгэврийн сан үүсгэж
хөгжих замыг чөлөөлөхгүй бол тэтгэврийн сан өөрөө тэтгүүлсээр, шимтгэл
төлөгчөө шимдэг, ажилтай нэг хүн ажилгүй гурван хүнээ даах гээд нугардаг
системийг өөрчлөх гарц нь зөвхөн төрийн биш хувийн даатгалын сан юм.
Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн тухай хуулийг батлуулж, олон давхаргат
тэтгэврийн тогтолцоонд шилжүүлснээр иргэд олон төрлийн сангаас тэтгэвэр
авч ахмадууд маань санхүүгийн эрх чөлөөтэй болох бололцоог бүрдүүлснээр
2030 онд тэтгэврийн хэмжээг ажиллагчдын дундаж цалингийн 35 хувьд
хүргэнэ.
Эрхэм хүндэт төлөөлөгчдөө,
Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг нэр томьёо нидэр дээрээ төр ба хувийн
хэвшлийн түлхэлт болсон байна. Төсвөөс бүгдийг санхүүжүүлэх боломжгүй
тул гадаад, дотоодын компанийг өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад, Монголд
хэрэгтэй юм хий гэж урьчхаад 3-5 удаа зөвшөөрөл олгож, жил гаруй
шинжилдэг, эцэст нь шал өөр компани бүх ноу-хау, идей санаа, загвар
дизайныг нь ашиглаад шалгарчихдаг байж болохгүй ээ.
Үүнийг нийгмийн дэд бүтцийн төслүүдэд ТЭЗҮ шаардахгүй, 3-5 биш нэг шат
дамжлагатай, аймаг, сум, дүүрэг өөрсдөө бие даагаад шийдэх эрх чөлөөг
нээж өөрчилнө.Данхар том төрөөс ухаалаг цомхон төрд шилжих нь эргэлтийн цэг. Төрийн
албан хаагч 227 мянган хүн 1,4-2 сая төгрөгийн цалинтай ажиллаж байгааг
тооноос чанарт шилжүүлэх нь иргэдийнхээ итгэлд эргэн ирэлт болно. Улсын
эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эмч багш зэрэг үйлчилгээний албан хаагчид
10-ын 7 нь байна.
Гомбожавын Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 58 Үндэсний хороо,
комисс, зөвлөлүүдээс 29-ийг татан буулгаж, нийтдээ төсвийн тодотголоор 2.2
их наяд төгрөгийн хэмнэлт хийж танаж цомхотгож буй бодлогыг илүү тууштай
үргэлжлүүлж байж төрийн албанд чанарын эргэлт гарна. Чиг үүргийн хийдэл
давхардлыг зураглан гаргах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн
холбоодод дорвитой шилжүүлэх, гэрээгээр гүйцэтгүүлэх нь булуу хураасан
даахгүй нохой шиг буруу зуршилд эргэлт хийнэ. Алдаа гаргахаас эмээж,
ажилласан жил тоолж суудаг бус бодит үр дүн, гүйцэтгэлд үндэслэсэн,
нэмэгдлийн систем нэвтрүүлж, хийснийхээ хэрээр авдаг болох, үндсэн
ажлаас гадна нэмэлт орлого олдог эрх чөлөөтэй байх нь цомхон төр болох
эргэлтийн цэгүүд юм.
Миний бие Цахим хөгжил, харилцаа, холбооны сайдаар томилогдон
ажиллахад төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системийг хөгжүүлэхэд
онцлон анхаарсан. Эх орныхоо хаанаас ч И-Монголиа руугаа ороод гар
утаснаасаа 1268 төрийн үйлчилгээ авна гэдэг нь саяхан итгэмээргүй зүйл
байсан. И-Монголиа, хаанаас ч ойрхон 577 ХУРДАН цэг бол төр нь иргэнээ
дууддаг биш, төр нь иргэндээ очиж үйлчилж болдгийг бодитоор харуулсан
эргэлт юм.
Цаасан түгжээ болсон 109 хуулийг өөрчилсөн нь эдийн засгийн эрх чөлөөний
төлөөх төрийн шийдэл болсон. 3 жилийн дотор 1000 гаруй компани
байгуулагдаж, 400 мянга гаруй үйлчилгээ үзүүлж чадсан И-бизнес платформ
бол эдийн засгийн эрх чөлөөгөө эдэлж, өөрийнхөө хөлс хүчээр хийж бүтээх
хүслийг хяссан хүнд суртал, цонхноос цонх, байгууллагаас байгууллын
хооронд бичиг цаас, чихэр набор бариад улаа эргэтэл явж болиулахын
төлөөх цаг, мөнгө, цаас хэмнэсэн чөлөөлөлт, шийдлийн нэг. Хаана нууц
байна, тэнд авлига нуугддаг.
Шил ажиллагаагаар бүх сангууд, газар олголт, тусгай зөвшөөрөл зэрэг 970
гаруй мянган мөр өгөгдөл мэдээлэл ил тод болгосон нь ардчилсан төрд ард
түмний шууд шударга хараа хяналтыг тогтооход томхон алхам болсон
гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэж бодож байна.Цахимжилт бол цаасан хүнд суртлыг халах, хэнийг ч алагчилж мэдэхгүй
хиймэл ухаан үйлчлэх авлигын эсрэг технологийн зэвсэг. Цахимжилт бол эрх
мэдэлтний бодол биш их өгөгдөл, их өгөгдөлд үндэслэн шийдвэр гаргах
шинжлэх ухаанч арга зам.
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол Улсыг 4 жилийн
дотор цахим засаглалын индексээр 46 байр, цахим хөгжлийн индексээр 28
байр урагшлуулж, Дэлхийн Засгийн Газруудын дээд хэмжээний уулзалтаас
Global Goverment Excellence Award шагнал хүртсэн нь Та бидний хамтын
амжилт болсон.
Амжилтаа ахиулан бататгаж, авлигагүй, шилэн, цахим засаглалыг бэхжүүлэх
нь эргэн ирэлтийн нэг тулгуур. Хаана юу болж байгааг бодит цагийн горим
дээр хардаг цаасгүй засаг E-cabinet, эдийн засгийн эрх чөлөөний цонх болсон
E-business-ээ хөгжүүлж, хувийн хэвшилд үзүүлэх төрийн үйлчилгээг 100 хувь
цахим болгох, алганд багтсан төрийн үйлчилгээ E-Mongolia-г дараагийн
шатанд гаргах зэргээр хийснээсээ илүүг хийж байж, Та бид цахим түрүүнд
бодлогыг бодит ажил, эргэн ирэлт болгож чадна.
Цаашид төр хувийн хэвшилтэй өрсөлддөг “зуршлаараа” нэмж компани
байгуулахыг бид хэрхэвч дэмжихгүй. Төрийн өмчит болон төрийн оролцоотой
80 компани байгаагийн 24 нь ашиг биш алдагдал үйлдвэрлэж байна. Төрийн
компаниудын 30 хувь нь ашгийн төлөө биш алдагдлын төлөө болсон байна.
Хувийн хэвшил байсан бол аль хэдийн дампуурсан байх атал төрийн
зуршлаар, ард түмний татварын мөнгөөр татуулж түлхүүлээд үлгэн салган
өдөр хоног өнгөрөөхийн зэрэгцээ гүйх нохойд гүйхгүйн нохойн саад болж
байна. Зарим талаар зардал нь захирлынх нь орлого, алдагдал нь
удирдлагынх нь ашиг болсон нь нууц биш нууц. Хувийн хэвшил өөрөө
өөрөөсөө хулгайлдаггүй. Төрийн өмчлөлөөс л төрөл төрлийн тооны машинд
багтахаа ч байсан, баримжаа хэмжээ нь ч нисэж цойлсон авлига, хулгай,
цавчаа шахаа гарч байгаа үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрөх ёстой.
Өөрөөр хэлбэл, төрийн нийтийн өмч бол өөрөө авлига, хулгайн үндэс
шалтгаан. ТӨК-иудыг татан буулгана гэж нэг амаараа ярьсаар, нөгөө
амаараа татаас өгч тэжээсээр төрийн өмч ноёрхлоо. Төр ахиж хувийн
хэвшилтэй өрсөлдөх, сөргөлдөх, орон зай, зах зээл, ашиг орлогыг нь хаах нэг
ч компани нэмж байгуулахгүй. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-д
өргөн мэдүүлсэн Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод
байдлыг сайжруулах тухай хуулиар эдгээр асуудлыг шийдвэрлэнэ. Бүх ТӨК-
иудад олон улсын хөндлөнгийн аудит оруулж, нэгтгэхийг нь нэгтгэж,өөрчлөхийг нь өөрчилж засаглалыг нь сайжруулах зорилгоор нээлттэй хувьцаат компани болгоно. ТӨК-иудын худалдан авах ажиллагаанд хүн таньдаггүй, хувийн сонирхол гэж үгүй хиймэл оюун ухаан ашиглана. Төр өөрөө цаашид ТӨК-иудад зарлагын шинжтэй арга хэмжээ санхүүжүүлэхийг
даалгахгүй. Уул уурхайн төрийн өмчит компаниудын төрийн эзэмшлийн
хувиас Үндэсний баялгийн санд ноогдол ашгийг нь татан төвлөрүүлж зөвхөн
баялгийн жинхэнэ эзэд болсон иргэдийнхээ И-Монголиа дээрх хуримтлалын
дансны өгөөжийг нь арвижуулна.
Эрхэм журмын нөхөд өө,
Улсын хөгжлийн үндэс суурь нь эрүүл, эрдэм мэдлэгтэй, тогтвортой ажил
орлоготой иргэн билээ. Монгол улсын хүн амын дундаж наслалт нэмэгдсэн
хэдий ч нэг хүнд ногдох үндэсний нийт орлого болон боловсролын түвшний
индекст төдийлөн ахиц дэвшил ажиглагдахгүй байна.
Манай улсын хувьд, хорт хавдрын оношны 70 хувь нь хожуу үедээ илэрсэн
тоо бүрийн цаана монгол хүний амь нас хувь заяа бий. Манай улс хорт
хавдрын үхэл, өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт орж байна. Үхэл амьдралын
зааг дээрээс эргэн ирсэн, дахин төрсөн хүний хувьд “тэргүүлж байна,
нэгдүгээрт байна” гэж хэлэхээс эмээж байгаа ч хэлэхээс өөр аргагүй байна.
Эрүүл мэндийн даатгалын сан өөрөө хүнд архаг хууч, өвчинд баригдсан.
279,3 тэрбум төгрөгийн өрөнд баригдаж шүүрэн шанага шиг болсон.
Өнөөгийн энэ тогтолцооны гажуудлын эсрэг эрс шинэчлэл хийхгүй бол даах
биш даалгадаг байдал өөрчлөгдөхгүй.
Эрүүл мэндийн даатгалын санг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн
зарчмаар санхүүжилтийн болон төлбөрийн хяналтын менежментийг нь
салгаж, хүн амын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээнд тулгуурлан
санхүүжүүлдэг, бодитой тариф тогтоодог, бие даасан хяналтын тогтолцоотой
болгоно.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өвчилсөн хойно нь эмчилдэг
бус эрт илрүүлдэг урьдчилан сэргийлдэг олон улсын жишигт нийцүүлэн
зуршлыг хэвшлээр сольж, эрүүл амьдрах хэв маягийг түгээн, 21-р зуунд ахин
нэг “соёлын довтолгоо” өрнүүлэх хэрэгцээ шаардлага их байна.
Эрдэм мэдлэгтэй иргэд бол монгол улсын баялаг, хөгжлийн нөөц юм.
Урьдчилан таамаглах боломжгүйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй
дэлхийд ирээдүйн иргэдийг бэлтгэх, өнөө бидэнд тулгамдаж буй сорилтуудыгдавахад боловсролын салбарын үүрэг, хариуцлагыг шинээр харах
шаардлагатай болжээ.
Боловсролын салбарын хувьд хот, хөдөөгийн ялгаа гүнзгийрч, боловсролын
чанар, хүртээмжийн тэгш бус байдал үргэлжилж, анги танхимын хэт ачаалал,
олон ээлжийн сургалт, дэд бүтцийн стандарт хангалтгүй байдал нь сурагчдын
суралцах орчин, багшийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байна.
Бид сурагч бүрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрт хамруулж,
чадварлаг багшаар заалгах орчныг бүрдүүлнэ. Алдарт Гүүгл компанийн
салбарыг Монголд байгуулсан шигээ, Элон Маскын Старлинкийг Монголд
нутагшуулж чадсан шигээ Монгол хүүхэд бүрийг технологийн дэвшил,
дэлхийн хөгжлөөс хоцроохгүй байх зорилтыг хэрэгжүүлнэ.
Боловсролын салбарын хөгжил багшаас эхтэй. Багшийг хөгжлийг дэмжих
тухай хуулийг санаачлагчийн хувьд хуульд заасан туслах багшийг орон тоог
бий болгосон зохицуулалтаа чандлан хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үнэлгээнд
суурилсан цалингийн тогтолцоо бүрдүүлж ур чадвараараа амьдарч чадах,
дэлхийд өрсөлдөх монгол хүнээ бэлтгэхэд бодлогоо чиглүүлнэ. Багш нарыг
хэрэгтэй хэрэггүй тайлан гаргах хэрэггүй хөдөлмөрөөс чөлөөлнө.
Хаана сурч байгаагаас хамаарсан чанарын ялгааг арилгаж, бүс нутгуудад
мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог бүрдүүлж,
мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг зөвхөн компанийн дэргэд
байгуулж ажлын байраар хангах үүрэг хүлээлгэж их, дээд сургуулиудын
шаардлагатай мэргэжлээр боловсролын зээлийн сангаас санхүүжүүлж
төгсөгчдийг орон нутагт урилгаар ажиллуулах шинэчлэл хийнэ ээ.
Нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг дундаж
давхаргын амьдралын чанарт ажилгүйдэл, дундаж орлого бага байгаа нь
сөргөөр нөлөөлж, хүний хөгжлийн индексийн өсөлтийг удаашруулж байна.
Өсөлттэй, хүртээмжтэй эдийн засгийн үндэс суурь нь тогтвортой ажил
орлоготой иргэн юм.
Олон улсын судалгаанаас харвал дэлхий даяар эдийн засаг өргөжин тэлж
байгаа ч баян ядуугийн ялгаа, орлогын тэгш бус байдал нэмэгдэж дэлхийн
хүн амын 1% нийт баялгийн талаас илүү хувийг эзэмшиж, харин хүн амын
50% нийт баялгийн 2-хон хувийг эзэмшиж байна. Цар тахал, нийлүүлэлтийн
гинжин хэлхээний доголдол, тарифын дайн үнийг өрдөж, инфляцыг
нэмэгдүүлж, иргэдийн амьжиргаанд нэмэлт дарамт болжээ.2006–2020 онд 101 улсад 2,809 эсэргүүцэл, нийтийг хамарсан жагсаал цуглаан болсны голлох шалтгаануудыг эдийн засгийн асуудлууд өнгөлж байгаа нь хөгжлийн бодлогын зорилго эдийн засгийн өсөлтийг
нэмэгдүүлэхээс гадна, тэр өсөлт хүн бүрд, айл өрх болгонд хүртээмжтэй байх
нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатайг онцолж байна.
Бид шууд хэрэглээг дэмжсэн, нэг удаагийн шинж чанартай бэлэн мөнгө
тараахаас зайлсхийж, хавтгайрсан халамжийн бодлогыг зорилтот бүлэгт
чиглүүлж, аманд ч үгүй дусаадаг биш, бодитоор нийгмийн хамгаалал болж
чадахуйц болгох болно.
Тогтвортой ажлын байр бүтээгч ажил олгогч эздийг дэмжих, бүтээмж,
гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог сайжруулах, гарааны
бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ ээ.
Эрхэм журмын нөхөд өө!
Монгол Ардын Намын толгойлсон удаа дараагийн Улсын Их Хурал, Засгийн
газар улс орныхоо нийгэм, эдийн засгийн асуудлыг цаг үе бүртээ амжилттай
шийдвэрлэн ажиллаж ирснийг үгүйсгэх аргагүй.
Харин сүүлийн жилүүдэд бидний ололт амжилтын хажуугаар жижиг дунд
үйлдвэрлэлийн, баялгийн, нүүрсний, ногоон автобусны, хөгжлийн банкны
зэрэг хар дарсан зүүд мэт авлига, ашиг сонирхлын хэргүүдэд манай намын
чамгүй олон нөхөд нэр холбогдож, баялгийн хараал, авлигын намагт улс,
үндэстнээрээ шигдэх аюул ойрхон ирснийг нуун дарагдуулж, хаацайлан
хамгаалах эрх хэнд ч байхгүй.
Авлига, ашиг сонирхлын гэмт хэргүүд намын нэр хүндийг унагааж, ард түмний
итгэлийг хөсөрдүүлж сэтгэлийг цөхрүүлж Ардын нам ард түмний дэмжлэгээс
алсарч байна. Монгол Ардын намын оршин тогтнохуйн, эх орон, ард түмэндээ
зүтгэхүйн баталгаа нь ард түмний итгэл найдвар мөн. Намаа шинэчлэхгүйгээр
ард түмний итгэлийг хүлээж чадахгүй.
Энэ удаагийн ээлжит Их хурал бол эрх мэдлийн төлөө бус, харин алдарч буй
итгэлийг эргүүлэн авах намын журмын нөхдийн ээлжит улс төрийн дээд
зөвшилцөл байх болно. Монгол ардын нам ардынхаа итгэл дээр тогтсон ёс
зүйн өндөрлөг дээрээ байх ёстой.
Ард түмэн шударга ёсыг нэхэж байна. Шударга ёс биднээс эхлэх ёстой.Та бид энэ Их хурлаараа Монгол төрийн нэр хүнд, ард түмний итгэл, ууган
намын үнэт зүйлсийг сэргээх Шинэ цагийг эхлүүлэх учиртай.
Эрхэм журмын нөхөд өө!
Их хурлын Төлөөлөгч, гишүүд ээ!
Манай намд олон жилийн туршид төлөвшсөн хүний нөөцийн бодлого
алдагдсан, бүр алдуурсан байна. Монгол Ардын Нам төрийн өндөр албан
тушаалд тохиолдлын улс төрчдийг гаргаж ирж байгаагүй. Төрд анхан шатны
байгууллагаас нь эхлэн бэлтгэгдсэн, туршлагатай, институтийн түвшинд
ажилласан, бодлого хэрэгжүүлж чаддаг, олон түмэнд танигдсан, хүлээн
зөвшөөрөгдсөн ёс зүйтэй хүмүүсийг шат шатанд дэвшүүлэн ажиллуулдаг
байсныг Та бүхэн сайн мэднэ. Намаас нэр дэвшүүлэх, улмаар бүх шатны
албан тушаалд намаас томилогдох хүмүүст тавих шаардлага, шалгуур
үзүүлэлт өнөөдөр байхгүй болжээ. Бид юуны өмнө ёс суртахуун, шударга
ёсны өндөр шалгууртай байсаар ирсэн. Бидний эцэг эхээс эхлээд үе үеийн
удирдах ажилтнууд ёс зүйтэй, хариуцлагатай, нэр цэвэр хүмүүс байсан.
Хүний суурь хүмүүжил, төлөвшил, улс төрийн соёл, хууль дээдлэх зарчмыг
хэрхэн сахин биелүүлдэг нь шат шатны сонгуульт албан тушаалд сонгох,
томилох, дэвшүүлэх амин чухал шалгуур болдог байсныг үе, үеийн намын
удирдлагууд, ахмад үеийнхэн маань бидэнд сануулж байна.
Хүндэт гишүүд ээ,
Хүндэт төлөөлөгчид өө,
Монгол Ардын Нам бол өнгөрсөн түүхийн гүн суурь, өнөөгийн нийгмийн бодит
шаардлага, ирээдүйн үеийн эрхэм зорилгын огтлолцолд оршин тогтнодог,
үзэл санаа ба үнэт зүйлдээ тулгуурлан тасралтгүй шинэчлэгддэг амьд
организм, үндэсний хэмжээний улс төрийн институт юм.
Өнөөдөр Монголын нийгэмд шинэ үеийн иргэдийн үнэт зүйл, хүсэл эрмэлзэл
эрс өөрчлөгдөж, улс төрийн байгууллагууд илүү ил тод, илүү хариуцлагатай,
илүү оролцоонд суурилсан байхыг шаарддаг шинэ байдал бодитоор бий
боллоо. Энэ нөхцөлд Монгол Ардын Нам өөрийн дотоод ардчилал, хүний
нөөц, засаглал, гишүүдтэйгээ харилцах хэлбэрээ шинэ цаг үед нийцүүлэн
өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон байна.Ардын нам анхан шатны байгууллагаа сонсдог, амьдралын бодит
үнэнийг хардаг, гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг
намын дотоод соёл, уламжлал хаачив гэж ахмад гишүүд маань асууж
байна.
Ардын нам ардын л нам байх ёстой.
Иймээс бид бодлого, үйл ажиллагаагаа нийгмийн хэрэгцээ шаардлагад
нийцүүлэн тасралтгүй шинэчлэгдэж чаддаг, гишүүн төвтэй, ил тод,
хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг төлөвшүүлэх “E-4” стратегийг
дэвшүүлж байна.
“ГИШҮҮН ТӨВТЭЙ E-4” СТРАТЕГИ
1. EFFICIENCY — Ил Тод Байдал, Гүйцэтгэл, Үр Ашиг
Энэ хүрээнд:
• ENAM 3.0 платформыг нэвтрүүлж, их өгөгдөл, хиймэл оюунд суурилан
шийдвэр гаргадаг дижитал нам шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Гишүүдийн
эргэх холбоог сайжруулах, шийдвэр гаргалт, нөлөөллийн ажлыг цахим
платформаар хийдэг, сошиал медиа, онлайн оролцоонд тулгуулан
“доороос-дээш” чиглэсэн гишүүд, дэмжигчдийн харилцаа, хамтын
ажиллагааны шинэ соёлыг бий болгоно.
• Парламентад суудалтай намуудад улсын төсвөөс олгодог санхүүжилтийг
төв намдаа татаж авах биш, намын анхан шатны байгууллагуудын үйл
ажиллагааны үр дүнд суурилан хуваарилна.
• Намын санхүүжилт, хандив, хураамжийн ил тод байдлыг сайжруулах
зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд Санхүүгийн хяналтын хороо
байгуулж, хандив, татвар хураамжийн зарцуулалтыг нээлттэй
тайлагнадаг, тогтмол хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлнэ.
• Намын удирдлагын эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, Бүсийн зөвлөлүүд
байгуулан бүс бүрийн төлөөллийг Удирдах Зөвлөлд оруулж ажиллуулна.
• Удирдах Зөвлөлийн дэргэд салбар бүрийн Байнгын хороод байгуулж
Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол үнэлж, дүгнэнэ.
• Улсын Их Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүлгийн удирдлагын
зөвлөл байгуулж шийдвэр гаргалтыг уялдуулан, бодлогын нэгдсэн
удирдлагаар хангана.
2. ETHICS — Ёс Зүй, Шударга Байдал, Хариуцлага
Энэ хүрээнд:
• Ёс зүй, хариуцлагын онооны системийг нэвтрүүлнэ.
• Намын гишүүний ёс зүйн нэгдсэн стандарт, шалгуур үзүүлэлт,
хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ.
• Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүнд улс төрийн
дэмжлэг үзүүлэхгүй
• Намын ажлын туршлага, мерит тогтолцоог нэвтрүүлж “Анхан, дунд шатанд
ажиллаагүй бол бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” шударга
зарчмыг баримтална.
3. EMPOWERMENT —Манлайлал, Залгамж, Оролцоо
Энэ хүрээнд:
• Намын бүх шатны байгууллагад гишүүдийн идэвх, оролцооны
оноожуулалтын системийг нэвтрүүлж, оноонд суурилан улс төрийн
дэмжлэг үзүүлнэ.
• Намын дэргэдэх ТББ-уудын үүрэг оролцоог баталгаажуулж, CДМЗХ-ны
дэргэд “Ирээдүйн нэр дэвшигчийг бэлтгэх 6P” сургалтын модуль
хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. СДМОХ-ны салбар зөвлөлүүдийг их, дээд
сургуулиудын дэргэд байгуулна. СДМЭХ-ны дэргэд эмэгтэй улс төрчдийг
бэлтгэх Үндэсний академи байгуулна. СДМАХ-ны дэргэд үе үеийн намын
шат шатны удирдлагуудын төлөөллөөс бүрдсэн зөвлөхүүдийн танхим
байгуулж, ажил гүйцэтгэх гэрээгээр цалинжуулан ажиллуулна.
• Намын гишүүд, дэмжигчдийн дунд сонирхлын бүлгүүд байгуулж,
төлөөллийг бага хуралд урьж оролцуулна.
• Тусгаар тогтнолын ордныг гишүүд, дэмжигчдэдээ нээлттэй, амьд орчин
болгож тэдгээрийн санал, санаачилгыг хүлээн авах, хэлэлцэх, мэтгэлцэх
талбар, оролцооны төв болгоно.
4. EQUITY – Эрх тэгш байдал, тэгш боломж, шударга ёс
Энэ хүрээнд:
• Аливаа зөрчил, хууль бус үйлдлийг мэдээлэх суваг, өргөдөл гомдлын
нэгдсэн системийг бий болгож шүгэл үлээгчийг хамгаална.• Намын шат, шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
оролцоог хангана.
• Намын гишүүдийг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхдээ жендерийн
тэгш эрхийг хангаж, “жендерийн хариуцлагатай нам” болно.
• 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны их хурал, орон нутгийн
сонгуульд жагсаалтаар ба тойргоос нэр дэвшигчийг судалгаанд
суурилан, дотоод сунгаагаа зарлаж, бодлогын мэтгэлцээн өрнүүлж
шалгаруулна.
Эрхэм журмын нөхдөө,
Монгол эх орныхоо өнцөг булан бүрээс зорин ирсэн ХХХI их хурлын
төлөөлөгчид өө!
Ардын намын анхны мөрийн хөтөлбөрийн эх зохиогч, анхны үндсэн хуулийн
эх баригч Жамсрангийн Цэвээн “Улсын эрх” хэмээх бүтээлдээ улсын эрх бол
ард түмэнд үйлчлэх үүрэг хэмээн бичиж байжээ. Өнөөдөр тэр санаа дахин
үнэ цэнтэйгээр амилж байна. Төрийн үнэ цэнэ нь зөвхөн хууль, дүрэмд бус —
ард түмний итгэлд оршдог ажээ. Улсын эрхийг хамгаалах нь эрх мэдэлд бус,
иргэний ухамсарт оршино хэмээх түүний үзэл санаа өнөөдөр ч өнгө нь
хуучраагүй байна. Өнөөдрийн “улсын эрх” бол ард түмний итгэлээс эх
ундаргатай. Ардын нам ард түмэндээ эргэн ирэх үзэл санаа бол эрх мэдэлд
бус, иргэдийн ухамсар, итгэл, оролцоонд тулгуурласан намыг бий болгох
явдал юм.
Та бүхэн надад бүтэн итгэж, бүрэн хариуцлага үүрүүлбэл хэлсэн үг, хийсэн
үйлдэлдээ эзэн нь байж улс эх орныхоо нэгдмэл үнэт зүйл, нийтлэг эрх
ашгийн төлөө цуцалтгүй зүтгэх болно оо. Өнөөдөр бид үүнийг баталгаажуулж,
31-р их хурлаараа итгэлцлийн шинэ гэрээ байгуулж байна. Итгэлцэл гэдэг бол
хариуцлага. Хариуцлага бол эрх үүргийн нэгдэл. Эрхээ эдэлж үүргээ хүлээдэг
хариуцлагатай, ёс зүйтэй гишүүдийн итгэл, дэмжлэг, үзэл санаа, үнэт зүйл
дор монгол ардын нам ард түмэндээ ахин эргэн ирэх болно оо.
Ардын нам авлигыг сөрж эргэж ирнэ ээ.
Ардын нам ахмад, дунд, залуу үеийнхээ алтан хэлхээн дээр эргэн ирнэ ээ.
Ардын нам амьдралаас алсран тасарч намын гишүүдээ огоорч эргэх
холбоогүй атлаа элдэв хоосон амлалт, хийрхлээр түмнээ тэтгэхгүй.Ардын нам эдийн засгийн өсөлтийг өрх бүрд авчирч бүтээснээсээ ихийг
бүтээж хүн арддаа эрх чөлөөг бүрэн, дүүрэн эдлүүлэх хариуцлагатай улс
төрийн хүчин гэдгээ ахин баталж эргэн ирэх болно оо.
Ардын нам ардынхаа зүрхэнд эргэн ирнэ.
Ардын нам мянга мянган гишүүд та бүхнийхээ итгэл дэмжлэг дор дахин сэрнээ.



Нэр дэвшигч Н.Учрал 1974 санал буюу 94.95 хувийн санал авч ялалт байгуулж Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо.
Намын даргын сонгуулийг нууц санал хураалтаар явуулсан багөөд саналын дүнг тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулсан юм. Э. Бат-Аигалан: Нийт 2086 төлөөлөгч саналаа өгснөөс хүчинтэй 2079 санал, хүчингүй долоон санал гарсан байна. Нэр дэвшигч Н.Учрал 1974 санал буюу 94.95 хувийн санал авч ялалт байгууллаа.
Харин нэр дэвшигч Б.Лхагважав 105 санал буюу 5.05 хувийн санал авчээ. Ийнхүү “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриатай болж буй Монгол Ардын намын XXXI Их хурлаас УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг Монгол Ардын намын даргаар сонгов. Түүнд намын даргын тамгыг Монгол Ардын намын дарга асан, 32,33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, хуралдааныг даргалагч, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал нар гардуулан өгч баяр хүргэж, амжилт хүслээ.





Их хурлын редакцын комиссыг Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын тогтоолоор Бичиг баримт боловсруулах, редакцын комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна. Тус комиссын даргаар Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн, Нарийн бичгийн даргаар Социал демократ Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар ажиллаж байна.
Бичиг баримт боловсруулах, редакцын комиссын гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Социал демократ Ахмадын холбооны тэргүүлэгч Б.Энхмандах, УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэцэг, Намын Бага хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар ажиллаж байна.
Мөн тус комиссын орон тооны бус гишүүнээр намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ахлах ажилтан Д.Балдангомбо ажиллан баримт бичгийг боловсруулж байгаа юм.





Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын эхний өдрийн хуралдаан намын даргыг сонгосноор өндөрлөв.
