Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанууд Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.11.14/ боллоо.
- 2025-11-14
- Н.Анхбаяр
- 299


Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал салбар хуралдаанаар эхэллээ.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанууд Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.11.14/ боллоо. Салбар хуралдаанаар Монгол Ардын намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлэгт Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон аймаг, нийслэл, дүүргийн намын гишүүд оролцсон юм.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Ажлын хэсэг намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан бөгөөд Улс төрийн намын тухай хуульд нийцүүлснээ Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцоллоо.
Мөн 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанаар Монгол Ардын намын хөтөлбөр /хичээн эрмэлзэх зүйл/-ийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг хийв.
Энэхүү төслийг Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар танилцуулсан бол УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан юм.
Дээрх дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийн төслийн талаар салбар хуралдаануудад оролцсон төлөөлөгчид саналаа хэлсэн бөгөөд тэдний саналыг Ажлын хэсэг багцлан Их хурал дээр танилцуулж, хэлэлцүүлэх юм. http://nam.mn/ul





Тус хурлаар намын дүрмээ шинэчлэн батлах болжээ. Дүрмийн төслийг боловсруулах салбар хуралдаанд дараах саналуудыг хэлэлцжээ.
Ялсан намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэсэн заалтыг хасах, эсхүл УИХ дарга, УИХ бүлгийн дарга болгох
Ялсан үед намаас нэр дэвшиж, УИХ-оос сонгогдсон Ерөнхий сайд намын мөрийн хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх тухай нэмж оруулах.
Намын Бага хурлын гишүүнд зөвхөн намын ИХ ХУРЛЫН төлөөлөгчийг дэвшүүлж сонгох, намын анхан шатны нэгжийн төлөөллийг түлхүү оруулах
20.1-т мөн дүүргийн иргэдийн хурлын дарга нар бодлогоор орох тухай нэмж оруулах
Бага хурлын гишүүний татварыг давхардуулж, анхан шатны дарга нарааас авахгүй бөгөөд анхан шатанд гаргасан зардлыг дүйцүүлж тооцох
Намын УЗ-д анхан шатны жирийн гишүүдийн төлөөлөл оруулах
Намын хяналтын нэгжүүдийн эрх мэдлийг нэмэх, үйл ажиллагааг сайжруулах,
8.6 буюу бүх асуудлыг Хяналтын ерөнхий хороо төвлөрүүлэн шийдэх заалтыг хасах, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх
МАН-ын ХХХI Их Хурал маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Их хурлаар МАН-ын хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт, намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг батлахаас гадна намын даргыг сонгох болно.



