МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо 14 хоногт зохион байгуулагддаг ээлжит уузалтаа Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав.
- 2025-10-21
- Н.Анхбаяр
- 178




Өнөөдөр 2025 оны 10-р сарын 21-ний өдөр МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо УИХ-ын гишүүн, Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгаалалын яамны сайд Т. Аубакир, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нартай уулзах уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав.Уулзалтанд Гэр бүл, Хөдөлмөр,Нийгмийн хамгаалалын сайд Т. Аубакир төсөв хэлэлцэх байнгын хорооны хуралд оролцох болсон учир уулзалтанд оролцох боломжгүй болж сайдыг төлөөлж тус яамны халамжийн бодлого зохицуулалтын газрын дарга В.Отгончимэг, яамны Нийгмийн даатгалын бодлого зохицуулалтын газрын дарга Ю.Ганцэцэг нар болон УИХ-ын гишүүн С. Эрдэнэбат нар оролцлоо.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.21/ хуралдаанаар ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн байна. Энэ талаарх мэдээллийг дээрх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Тусгаар тогтнолын ордонд цугласан ахмадуудад танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, асуултад нь хариулт өгөв.
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос 14 хоног тутамд нийслэлийн гишүүн, дэмжигч ахмадуудад цаг үеийн асуудлаар бодит мэдээллийг өгөх зорилгоор зохион байгуулдаг энэхүү уулзалтад өнөөдөр ахмадуудын хөндөж буй тэтгэврийн нэмэгдэл, тэтгэмж, нийгмийн хамгааллын сэдвээр асуулт хариулт өрнөсөн юм.
Уг Уулзалтыг Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр болон тус холбооны ажлын алба зохион байгууллаа.
Ахмадуудын хувьд үндсэн дөрвөн шаардлагыг Ажлын хэсгээр дамжуулан Өргөдлийн байнгын хороонд өгсөн байна. Тодруулбал, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийг 36 сар хүртэлх хугацаагаар олгож байсан хуучны аргачлал руу оруулах, ахмадуудын эмнэлэг, сувилалд хэвтэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарах зэрэг шаардлагыг тавьсан байна.
Ахмадуудын шаардлага, хүсэлтийг хүлээн авсан Ажлын хэсгийн гишүүд холбогдох яам, агентлаг, банкны төлөөлөлтэй уулзаж саналаа боловсруулжээ. Ажлын хэсэг дундын хувилбар дээр тогтож хуульд нийцүүлэн, өмнөх жилийн инфляцтай уялдуулан тэтгэврийг энэ удаад найман хувиар нэмэх боломжтой гэсэн салбарын яамны тооцооллыг дэмжсэн тухай Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат танилцууллаа.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга нар ахмад настны нийгмийн хамгааллын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг өглөө.
Ахмад настны тухай хуулийн дагуу амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгодог байна. Эрхийн бичгийн нэг ор хоногт амралтын газарт 35 мянга, сувиллын газарт 40 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас олгодог бөгөөд долоо хоног амрах, сувилуулах эрхтэй байдаг аж. Жил бүр 50 орчим байгууллагаас ахмадууд харьяалал харгалзахгүй сонгон эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулдаг байна.











