МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо Олон улсын Ахмадын баярын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэв.

  • 2025-10-01
  • Н.Анхбаяр
  • 341

МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо Олон улсын ахмадын баярын өдрийг тэмдэглэв
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.10.01/ зохион байгуулав.
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмадын холбоотойгоо хамтран ажиллаж, саяхан болсон удирдах ажилтнуудын зөвлөгөөнд намын удирдлагууд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд оролцсон талаар онцлов.
2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн XXXI Их хурлаар хэд хэдэн бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа тул ахмадуудаас Их хуралд нэгдсэн бодлоготой идэвхтэй оролцохыг хүслээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт МАН-ын СДАХ-ны удирдлагуудаас намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн өөрчлөлтөд оруулах нэгдсэн саналаа ирүүлсэнд талархал илэрхийлээд ахмадуудыг анхан шатны байгууллагаасаа Их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцож үнэтэй санал бодол, дуу хоолойгоо илэрхийлнэ гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.
Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо баярын хурлыг нээж үг хэллээ. Тэрээр Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө залуу насныхаа эрч хүч, хөдөлмөр, авьяас билэг,чин сэтгэлээ зориулж ирсэн, улс орны бүхий л салбарт ажилласан, бахархах үйлстэй, хойч үедээ үлгэр дуурайл болохуйц манлайлж байсан, одоо ч үнэ цэнээ алдаагүй ахмад гишүүдээрээ МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо үргэлж бахархаж байдгаа илэрхийллээ. МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо ахмад гишүүддээ зориулж улс төр, нийгэм, цаг үеийн мэдээллийг хүргэхээр УИХ, Засгийн газрын гишүүдтэй 14 хоног тутамд томоохон уулзалт зохион байгуулж, ахмадуудад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө төр засгийн удирдах албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулах зэргээр нийт 14 удаагийн уулзалт хийж идэвхтэй ажиллаж буйгаа тус холбооны тэргүүн Б.Гомбо онцлоод ахмадууддаа олон улсын ахмадын баярын мэнд хүргэж, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.

МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос зохион байгуулсан арга хэмжээнд Монгол улсын Филормонийн дэргэдэх төрийн шагналт “Баянмонгол чуулга” ая дуугаа өргөж ахмадуудаа баярлууллаа.