Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан хуралдлаа.
- 2025-09-27
- Н.Анхбаяр
- 110


Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.27/ эхэллээ. Хуралдаанд оролцох ёстой 479 төлөөлөгчөөс ирсэн 442 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрджээ. Хурлыг Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ эхлүүлж, энэ удаагийн хуралдааны дарга, дэд дарга нарыг сонгожээ. Бага хурлын VIII хуралдааны даргаар УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн нарыг сонгожээ.
Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ хэмээн танилцууллаа.
Чөлөөлөгдөж буй Бага хурлын төлөөлөгчдийн оронд нийт 49 хүнийг шинээр сонгохоор санал хураалтыг эхлүүлж дуусгалаа. Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжлээд. хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, тодруулбал төрийн жинхэнэ албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр, бусад шалтгаанаар төлөөлөгчид бичгээр хүсэлт гаргасан байна. Хуралд оролцож буй төлөөлөгчид саналаа өгч дууссаны дараа тооллогын комисс дүнг нэгтгэн танилцуулж Бага хурлын гишүүдийг сонгох тухай тогтоолыг батлаж 49 хүнийг Бага хурлын төлөөлөгчөөр сонголоо. Хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдаж, дэд даргаар Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн ажиллаа.


МАН-ын даргад нэр дэвшигч, Монгол улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Бага хурал дээрээ ингэж хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар: МАН-ын дарга ёс зүйтэй байх ёстой. Би баялгийн ямар ч хулгайтай холбогдоогүй. Миний орлого, зарлага тодорхой. Би ном уншиж явснаас өөр юмтай холбогдож явсангүй. Би ахмадууд, залуучууд аль алинтай нь уулзсан. Тэд Засгийн газар тогтвортой байхыг хүсэж байна. МАН-ын даргын ёс зүйн босго намсах ёсгүй. МАН-ын дарга болвол намаа эрс шинэчилнэ. Цэвэр болгоно.

МАН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бага хурал дээрээ ингэж хэллээ.
“Би улс төрийн карьераа бодоод хулчийж суудаг хүн биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж, намаа бодлогын судалгаатай, нээлттэй, дэвшилтэт, цахим болгож, 3 дараалсан ялалт авчирсан.
Намын гишүүдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, хэнийг ч ялгалгүй бүх хүчээ дайчилж ажилласан. Би дарга болох гэж зүтгээд байдаггүй. Өнгөрсөн хугацаанд надад нэр дэвших боломж зөндөө байсан ч намаа илүү институцийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллаж ирсэн. Баруун бүсдээ ч өөрийгөө сурталчлахаас илүү намын бодлогоо ярьж УИХ-д сонгогдсон.
Би асуудалтай хүн байсан бол тэр олон хэвлэлийг дуудаад 79 асуултанд хариулаад суухгүй байсан байх. МАН-ын даргаар сонгогдвол тинк танкийг хөгжүүлж дараагийн сонгуульд ялалтанд хүргэнэ. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал дараа дараагийн сонгуулийг бид хэцүүхэн давна. Надад туршлага, стратеги байна. Намаа хуучин арга, хандлагаас салгаж, шинэ түвшинд гаргана. Танил найз нөхдөө албан тушаалд томилдог байдлыг халахаас ажлаа эхэлнэ” гэжээ.

Монгол Ардын намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээн эхэллээ
Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшихээ илэрхийлж, тус бүртээ мөрийн хөтөлбөрөө Бага хурлын гишүүдэд танилцууллаа. Улмаар нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээнийг өрнүүлж, гишүүдийн асуултад хариуллаа. Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу үргэлжиллээ.

Бага хурлын явц: Нэр дэвшигчдээс асуулт асууж дууслаа, дараа нь санал хураалт явагдлаа. Үүний дараа 30 минутын завсарлага авлаа.

МАН-ын бага хурал 2025.09.27-ний 22:20 цагийн байдлаар бага хурлын 27 гишүүн үг хэлсэн бол хурал түр завсарлаад одоо 30 гаруй хүн бага хурал дээр үг хэлсэн байна. Үүний дараа намын даргыг сонгох санал хураалт явагдсан бөгөөд санал хураалтад бага хурлын 442 гаруй гишүүд оролцож намын даргаа сонгох юм.

МАН-ын даргыг сонгох нууц санал хураалт дуусаж, тооллого эхэллээ
Санал хураалтад 442 гишүүн оролцлоо. Одоо Ж.Алдаржавхлангаар ахлуулсан тооллогын комисс дүнг гаргалаа.
Намын журмын дагуу нийт гишүүдийн 3/2-ын саналаар буюу багадаа 295 санал авсан нэр дэвшигч МАН-ын дарга болох учиртай. Хэрэв энэ дүнд хүрээгүй бол ахиж санал хураах шинэ журмыг бага хурлын гишүүд өнөөдөр баталжээ.

Урьдчилсан дүн: Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуулийн эхний санал хураалтад олонхийн санал авчээ
Монгол Ардын Намын даргыг сонгох Бага хурлын санал хураалтын урьдчилсан дүн гарлаа.
Эхний санал хураалтаар:
Д.Амарбаясгаланд 252 төлөөлөгч санал өгсөн.
Д.Амарбаясгалан – 56.1%
Г. Занданшатарт 180 төлөөлөгч санал өгсөн.
Г.Занданшатар – 43.98
Хүчингүй 10 санал
Ингэснээр Д.Амарбаясгалан олонхийн саналаар тэргүүлсэн ч намын дүрэмд заасан гуравны хоёрын босгыг даваагүй тул тооллогын комисс журам гаргаж дараагийн шатны санал хураалтыг явуулахаар боллоо.
Дараа нь МАН-ын бага хурал үргэлжилж нууц санал хураалт эхэллээ.
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нэг нь 270-аас доошгүй санал авч байж ялалт байгуулна. Хэрэв энэ босгыг давахгүй бол Их хурлаар намын даргаа сонгох дүрмийн заалттай байна.
МАН-ын даргаар сонгох эхний санал хураалтаар Д.Амарбаясгалан 50-иас дээш хувийн санал авсан. Тиймээс Д.Амарбаясгаланг намын даргаар сонгох хоёр дахь шатны санал хураалтыг эхлүүлсэн юм. Гэвч намын зарим гишүүн хурлыг орхиж, зарим нь зааланд орж ирээгүй байна. Тодруулбал, Дархан, Орхон аймаг дахь намын гишүүд орж ирээгүй байлаа.
2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн МАН-ын VIII Бага хуралдаанд 321 гишүүд оролцож 46 цагаан хуудас гарч Д.Амарбаясгалан 275 хүний санал авсан буюу нийт хуралдаанд оролцогчдын 85.6 хувийн саналаар МАН-ын даргаар сонгогдсон гэж үзлээ.

2025 оны 11-р сарын 15-16-нд МАН-ын 31-р Их хурал хуралдахаар тов зарлагдлаа. Энэ Их хуралд 22555 төлөөлөгч оролцоно гэж мэдэгдлээ.
