УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Зээлийн мэдээллийн сангийн хууль”-ийн талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахмадын тэтгэврийн зээлийн бодлогын талаар мэдээлэл хийж ахмадуудад танилцууллаа.

  • 2025-09-23
  • Н.Анхбаяр
  • 263

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос нийслэлийн намын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ахмадуудад зориулсан ээлжит уулзалт, мэдээллээ өнөөдөр /2025.09.23/ Тусгаар тогтнолын ордны 700-гийн зааланд зохион байгууллаа.
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос улс төр, нийгэм, эдийн засаг, намын үйл ажиллагаатай холбоотой бодит мэдээллийг цаг тухайд нь ахмадуудад өгөх зорилгоор УИХ, Засгийн газрын гишүүд, намын удирдах албаны хүмүүсийг оролцуулсан ийм уулзалтыг сард хоёр удаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Зээлийн мэдээллийн сангийн хууль”-ийн талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахмадын тэтгэврийн зээлийн бодлогын талаар мэдээлэл хийж ахмадуудад танилцууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарын санаачилсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 70 мянга гаруй иргэн, аж ахуй нэгжийг банкны “Хар жагсаалт”-аас гаргах Монголбанкны ерөнхийлөгчийн захирамж гарсанд ахмадуудад талархалтай хүлээж авлаа.

Энэ 2025 оны наймдугаар сарын байдлаар дундаж тэтгэврийн хэмжээ 859 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 572 мянга, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 50 хувь нь зээлтэй гэсэн албаны тоо баримт байна. Засгийн газрын шийдвэрээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг зургаан хувиар нэмж байгаа юм.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, 1.5 сая төгрөгт хүргэх, зарим нь хэт бага эсвэл өндөр тэтгэвэр авдаг ялгаатай байдлыг арилгах, зээлийн хүүг бууруулах зэрэг нь ахмадуудын тавьж буй гол асуудал байлаа. Гэхдээ тэд зөвхөн өөрт тулгамдсан асуудлаас гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмж, боловсролын чанар, төр, хувийн хэвшлийн боловсролын байгууллагын ялгаатай байдал зэргийг хөндөв. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгын 21.2.1 дэх заалт буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд ногдуулдаг 2.0 хувийн татвар хаашаа ордог талаар ахмадууд асуулаа.
Энэ энэ асуултанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хариулахдаа “Улсын төсвийн бүрдэл хэсэгт энэ татвар ордог. Иргэд олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр орон сууцынхаа хэмжээг томруулах гэж байгаа бол энэ 2.0 хувийн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Харин нийтэд нь чөлөөлж болохгүй. Учир нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж буй хүмүүс татвараа төлөх ёстой” гэлээ.
Зарим дэлгүүр, үйлчилгээний газар И баримт хэвлэж өгөхгүй байгаа гэсэн асуултад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “И баримт өгөхгүй бол татварын байгууллагад гомдол гаргаж болдог тухай хэллээ. Гэхдээ торгож, шийтгэх гэхээс И баримт өгдөг, авдаг тэмүүллийг нь нэмэгдүүлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохоор ажиллаж байгаа. Миний хувьд И баримтыг цахимжуулах ажил хийж байгаа бөгөөд олон нийтэд зарлахад бэлэн болсон. Картаа зуруулангуут автоматаар бүртгэл үүсгэдэг болж байна..
Уулзалтад МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар болон тус холбооны ажлын алба оролцож зохион байгууллаа.