МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбоо ахмад удирдах ажилтны сургалтыг 2025 оны 8-р сарын 25-27-ны өдрүүдэд Багабаян “Энхийн төлөө цогцолборт амжилттай зохион байгууллаа.
- 2025-08-28
- Н.Анхбаяр
- 357







МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны “Удирдах ажилтны сургалт” 2025 оны 8-р сарын 25 буюу эхний өдөр үдээс өмнө Бага баян амралтын “Энхийн төлөө цогцолборт эхэллээ
Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны удирдах ажилтнуудад зориулсан энэхүү сургалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож аймаг, дүүргийн Социал Демократ ахмадын холбоодын танилцуулга, үзэсгэлэнг үзэж сонирхон, тэдний бүтээсэн бүтээгдэхүүний дээжтэй танилцлаа.
Монгол улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Авьяас тэтгэвэрт гардаггүй, оюун санаа хөгширдөггүй мөнхөд оршдог гэдгийг та бүхэн маань харуулж, ямар сайхан зүйлсийг хийж бүтээж байгааг миний бие хараад ахмадууд та бүхнээрээ бахархаж байна” гэлээ.
Мөн Монгол улсын сайд өчигдөр залуучуудтай уулзаж юу бодож, сэтгэж байгааг сонсож татварын реформын талаар санал бодлоо солилцсоноо дурдаад, “Ахмад үе залууст юуг зааж чиглүүлэх ёстой юм вэ?” , “Засгийн газрын бодлого, чиглэл хаашаа чиглэх ёстой вэ?”, өнөөгийн бидний бодит байдал ямар байгааг харж мэдрэх нь чухал гэж хэллээ.
Дараа нь Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Шинэ итгэл-Шинэтгэл” сэдвээр ахмадуудад илтгэл тавьсан юм. Илтгэлд манай улсын гадаад орчны эрсдэлүүд, эдийн засгийн аюулгүй байдал алдагдах эрсдэл, хүн төвтэй хүртээмжтэй хөгжил үгүйлэгдэж байгаа тухай, нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засаг руу шилжих нь чухал болоод байгаа тухай дурдаад шинэ итгэл төрж, шинэтгэл хийхийг цаг үе шаардаж байгаа хэмээн онцоллоо. Монгол улсын Засгийн газар төрийн албанд шинэтгэл, эдийн засгийн бүтцэд шинэтгэл, цахим шилжилтэд шилжих гэсэн гурван томоохон шинэтгэл хийхийг зорьж ажиллах болно гэдгээ илтгэлдээ дурдав. Манай улсын нэн тэргүүнд тулгамдаад байгаа эрүүл мэнд, боловсролын салбарт, онцгой анхаарч ажиллах болно гэлээ.
Би Монгол улсын Засгийн газрын тэргүүний ажлыг хүлээн авангуутаа төсвийн үргүй зардлуудыг танаж, төрийн удирдах ажилтны давхардсан албан тушаалуудыг цомхотгосон, Монголын түүхэнд анх удаа улсын төсвийн талаар иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, санал асуулга явуулсан, цаашид олон нийтийн хүсэн хүлээж буй НӨАТ-ын хөнгөлөлтийг үе шаттай хэрэгжүүлэхийг зорино гэдгээ тодотголоо.
Сургалтад оролцож буй ахмадууд Ерөнхий сайдад асуулт тавьж, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлсэн юм. Тэд Баялгийн сангийн тухай хуулийг богино хугацаанд гаргах, түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, ахмадуудад зориулсан нийгмийн халамжийн хүртээмжтэй болгох бодлогын талаар хөндөн санал тавьлаа . Мөн цалин, тэтгэврийг индексжүүлэх нь сайн арга ч гэлээ суурь нь ялгаатай, шударга бус байгааг авч үзэх, популист эдийн засагчдын үзэл бодлоор Тэтгэврийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангаар оролддоггүй байхыг анхааруулсан юм.
Үүний дараа МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо үг хэлэхдээ: “Манай үеийн ахмадууд та бүхэн МАН-ын дэргэдэх ахмадын холбоо байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааг минь байнга дэмжин, гар бие оролцон, санал бодлоо хуваалцдагт сэтгэл дүүрэн байдаг гэлээ. МАН-ын дэргэдэх Ахмадын холбооноос зохион байгуулан цаг үеийн асуудлаар Засгийн газар, УИХ-ын гишүүд, яам агентлаг, хотын зарим удирдлагатай нийслэлийн дүүргийн ахмад гишүүдтэй сард хоёр удаа уулзалт зохион байгуулж, ахмадуудын санал бодлыг төрийн бодлогод тусгуулах талаарх бидний ажил үр дүнтэй байгааг онцоллоо. Нийслэл, аймаг, дүүрэг,сумдын Социал Демократ Ахмадын холбоодтой цахимаар байнга холбоотой харьцаж ажиллаж байгаа” гэдгээ онцлон тэмдэглэлээ.
Уг сургалтад Монгол улсын Их хурлын дэд дарга, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Булгантуяа, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Намын байгуулалтын газрын дарга, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, МАН-ын сан хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд, намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Т.Сайнжаргал, намын дэргэдэх “Стратеги академ”-ийн захирал Д.Дэмбэрэлдорж, “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг болон намын удирдах төвшинд ажиллаж байсан үе, үеийн төлөөлөл хүндтэй зочдоор оролцсон байна.









Монгол Ардын намын ахмад удирдах ажилтны сургалтад оролцож буй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар ахмадуудад хандан үг хэллээ.
Тэрээр дөрвөн жилийн өмнө болсон намын XXX Их хурал, уг хурлаас гаргасан шийдвэр, өнөөдрийг хүртэлх хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төр, намын үйл ажиллагааны хүрээнд өөрчлөлт, шинэчлэлтийг, хийж хэрэгжүүлсэн ажлыг товч тэмдэглээд энэ онд хийхээр бэлтгэлээ хангаж байгаа XXXI Их хурал ихээхэн онцлогтой болохыг онцоллоо..
Энэ сургалтад Монгол улсын УИХ-ын дэд дарга, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, Х.Булгантуяа оролцсож үг хэллээ.
Монгол Ардын намын дэргэдэх СДМЭХ-ны 30 жилийн ой өнгөрсөн 2024 онд тохиосон. Үндэсний хэмжээнд 125 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбар төлөөлөлтэй болж өргөжсөн тухай танилцууллаа. Ирэх 2028 оны сонгуульд нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байхаар тогтсон тул тэдний манлайллыг нэмэгдүүлэх, орон нутагт амьдардаг эмэгтэйчүүдэд хүрч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хууль эрх зүйн орчныг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэх шаардлага байгаа гээд УИХ-ын даргын дэвшүүлсэн “Парламент 2.0, гурван төгөлдөршил”-ийг тайлбарлаж ахмадуудад танилцуулав.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, Б.Пүрэвдагва ахмад удирдах ажилтны сургалтын үеэр үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ: СДМЗХ-ны тэргүүний ажлыг аваад нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд холбооныхоо зүгээс хийсэн ажлын талаарх хураангуйг тайланг танилцууллаа. Улсын хэмжээнд өнгөрсөн жил орон нутгийн сонгуульд тус холбооны 1073 залуучууд нэр дэвшиж 63 хувь нь ялалт байгуулсныг дурдлаа. Тус холбоо “Deaf Nomads” нэртэй сонсголын бэрхшээлтэй нүүдэлчдийн ахуй байдлыг харуулсан баримтат киног уран бүтээлчид ,сонсголын бэрхшээлтэй иргэдтэй хамтран бүтээж, эх орондоо төдийгүй гадаадад ч нээлтээ хийсэн нь нэр хүндтэй шагнал хүртсэн юм. Мөн “Модоо усалъя” аяныг залуучуудын дунд идэвхтэй өрнүүлсэн, “SDY festival”-ыг Хангай, Говийн бүсэд амжилттай зохион байгуулж, намын удирдлагууд оролцсон тухай ахмадуудад танилцууллаа. Тус холбооноос “Залуусын диалоги-2025” татвар сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзалт зохион байгуулсаныг уламжиллаа.
Энэ арга хэмжээний үеэр Монголд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний түүхт 104 жилийн ойн тохиосон гэдгийг Социал Демократ Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ахмадуудад мэндчилгээ дэвшүүлсэнийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лхагвабаяр танилцууллаа.
Мөн “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг хэлэхдээ: 105 жилийн арвин түүхтэй тус сонин сүүлийн дөрвөн жилд чамлахааргүй ахицтай ажиллаж байна. Амжилт гаргасан, нийтлэлийн бодлогоо ч шинэчилсэн, цаг үеэ дагаж цахим хувилбартай болж, захиалан унших боломжтой дөрвөн ч хувилбарыг уншигчдадаа санал болгож байгаагаа танилцуулсан юм.
Намын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх асуудал сэдэвт судалгаагаа танилцуулаа.
Энэ судалгаанд эрүүл мэнд, эдийн засгийн баталгаа, нийгмийн халамж, нийгмийн оролцоо нь Монголын ахмадуудад тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай чухал асуудлууд гэж онцлон хэллээ. Иймд ахмад настнуудад тулгамдаж буй асуудлыг зөвхөн тэтгэвэр нэмэх замаар бус, эрүүл мэнд-нийгмийн хамгаалал-оролцоо гэсэн цогц бодлогоор шийдэх шаардлагатайг Стратеги академийн захирал онцоллоо.















Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос зохион байгуулж байгаа “Удирдах ажилтны сургалт” хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Үдээс өмнө Монгол улсын УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны удирдах ажилтны сургалтад оролцлоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сургалт болж буй Энхийн төлөө цогцолборт /2025.08.26/ хүрэлцэн ирж 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоодын танилцуулга, тэдний үзэсгэлэн, бүтээгдэхүүний дээжтэй танилцав
Дараа нь Монгол улсын УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 2024-2026 оны Стратеги төлөвлөгөөг баталса тухайгаа мөн ”Парламент 2.0: гурван төгөлдөршил”-ийн бодлогоо хэрэгжүүлж эхлүүлсэн сэдэвт илтгэлээ танилцууллаа.
Энэхүү сургалтын үйл ажиллагаанд МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, УИХ-ын даргын зөвлөхүүдийн төлөөлөл хамт байлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан : Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ахмадуудад танилцуулж, тэдний санал хүсэлт, асуултад, хариулт өглөө.
УИХ нь зөвхөн Засгийн газрыг байгуулдаг, огцруулдаг, намар болохоор улсын төсөв хэлэлцэж баталдаг байгууллага бус илүү өргөн хүрээгээр харж ажиллах ёстой гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Иймд түүний удирдаж буй энэ удаагийн парламент нэгдүгээрт хүн төвтэй, хоёрдугаарт, цаг үеийн шаардлагад нийцүүлсэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болгох, гуравдугаарт, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хуулиудийг боловсруулж ажиллаж байгаагаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Энэ удаагийн парламент бүрдсэнээс хойш нэг жилийн хугацаанд 144 хууль, 146 тогтоол баталсан байна. Ер нь тооноос илүүтэй хүнээ дээдэлсэн, хүн төвтэй цаг үеийн шаардлагад нийцэхүйц, ойлгомжтой хууль, тогтоол гаргахыг чухалчилж ажиллана гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлж байлаа.
Сургалтад оролцож буй ахмадуудын төлөөлөл УИХ-ын даргад хандан монгол хүний оюуны бүтээлийг ашиглан Улаанбаатарыг утаагүй болгоход анхаарах, ард түмэндээ хүртээмжтэй Баялгийн сангийн тухай хуультай болох, хуулийн амин сүнс болох түүний хэрэгжилтэд дүгнэлт гаргуулах нь чухал гэдгийг хэлж байлаа. Мөн монгол хүний удмын сан алдагдаж аюулд хүрсэн, үүнээс сэргийлэх хамгаалах тухайд төрийн зүгээс дорвитой арга хэмжээ авах зэрэг хууль эрх зүй, төрийн бодлоготой холбоотой асуулт, хүсэлт тавьсан юм.














Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар ахмад удирдах ажилтны сургалтад /2025.08.26/ ирж оролцсон бөгөөд үндэсний хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аймгуудын намын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоодын танилцуулгыг эхлэн үзэн сонирхсоны дараа хоёр дахь өдрийн сургалт эхэллээ.
Үүний дараагаар Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар удахгүй болох намын Бага хурал, Их хурлын бэлтгэл ажил, хурлаар хэлэлцэх асуудал зэргийг сургалтад оролцож буй ахмадуудад тоймлон танилцууллаа.
Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлж байгаа бөгөөд МАН-ын дэргэдэх Социал Демократ ахмадын холбооны удирдах түвшинд ажилладаг ахмад намын гишүүд өргөн бүрэлдэхүүнээр ийнхүү зөвлөлдөж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал юм мөн хэмээн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу энэ онд багтаан бүх нам дүрэм, журмын шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай болсон байгаа. Ийм учир хууль эрх зүйн болоод цаг үеийн байдалтай уялдан намын XXXI Их хурал ихээхэн онцлогтой болно гэдгийг намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга хэллээ.
Урьдчилсан байдлаар Их хурлаар Ерөнхий сайдын илтгэлээс улбаалж намаас улс орны хэмжээнд ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол батлахаар төлөвлөж байна. Мөн нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн бодлого зэрэг ард түмэн рүү хандсан намын үйл ажиллагааг хэрхэн явуулах, мөрийн хөтөлбөрийн биелэлт зэрэг асуудлыг хэлэлцэх учиртайг Ерөнхий Нарийн Бичгийн дарга онцлов. Тэрбээр намын хэмжээнд боловсон хүчнийг бэлтгэх систем бий болгох нь чухал байгаа бөгөөд энэ талаар гадаад, дотоодын харилцаа холбооны шугамаар нэлээд зүйл хийж, анхаарч ажиллаж байгаагаа ч хэлсэн юм.
Намын ахмад удирдах ажилтнууд, ахмадын холбооны тэргүүлэгч гишүүд санал, хүсэлт, асуултаа хэлж, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар нэг бүрчлэн асуултад хариулсан юм. Сошиал харилцаа холбооны хяналт хариуцлагын асуудлыг хууль дүрэмтэй болгох, enam аппликэйшний хэрэглээг илүү боловсронгуй болгох, намын Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөлд ахмадуудын төлөөллийг оруулах, зарим аймгийн намын хорооны үйл ажиллагаа руу түлхүү анхаарах зэрэг асуудлыг ахмадууд хөндөж байв.
Ерөнхий Нарийн Бичгийн дарга хариулт өгөхдөө enam аппликэйшний хэрэглээг өргөтгөх, түүгээр дамжуулан санал хүсэлтээ илэрхийлж буй гишүүдийн идэвх оролцоог харгалзан урамшуулах зэрэг төлөвлөгөө бий, Их хурлын төлөөлөгчдийн квотыг Бага хурлаас тогтоох журамтай, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд гээд нас насны төлөөллийг XXXI Их хуралд оролцуулах боломжийг бүрдүүлнэ гэдгээ хэллээ. Мөн намын зарим анхан шатны байгууллагын ажлыг илүү чамбайруулах шаардлага байгаа бөгөөд энэ чиглэлд ажиллах төлөвлөгөө бий хэмээн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар онцолсон.
Сургалтад Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Т.Сайнжаргал, Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нарын удирдлагын төлөөлөл оролцлоо.
Ийнхүү МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос зохион байгуулсан удирдах ажилтны сургалт хоёр дахь өдрөө амжилттай болж өндөрлөлөө.
