МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүдтэй Тусгаар Тогтнолын ордонд уулзалт хийв.

  • 2025-06-24
  • Н.Анхбаяр
  • 178


Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос нийслэлийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан 12 дахь удаагийн уулзалтаа өнөөдөр /2025.06.24/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтад Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцож цаг үеийн нөхцөл байдлын талаар ахмадуудад мэдээлэл өгч, тэдний асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонсов.
Уулзалтад Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос 14 хоног тутамд гишүүд, дэмжигчдээ урьж цаг үеийн мэдээллийг өгөх зорилгоор Засгийн газрын гишүүн, сайд, УИХ-ын гишүүд, намын удирдах зөвлөлийн хүмүүсийг оролцуулсан энэхүү уулзалтыг зохион байгуулж хэвшлээ
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар сүүлийн үед улс төрийн хүрээнд болон намын хэмжээнд өрнөсөн үйл явцыг тоймлон танилцууллаа. Тэрбээр Монгол Ардын Намын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар байгуулснаас хойших үйл явц, үр дүн, гэрээний биелэлт, саяхан болсон намын Бага хурлын VI болон VII хуралдаанаар хэлэлцсэн асуудал, түүнээс гаргасан шийдвэр зэргийг танилцуулав. Мөн шинэ Ерөнхий сайдын нэр дэвшүүлэлт, томилгоо, Засгийн газрын бүрэлдэхүүн, үйл ажиллагааны үргэлжлэл, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт зэргийг дурдлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийхээр УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй, тэр дундаа төрийн данхар бүтцийг цомготгох, яамгүй сайд нарын орон тоог хасах зэрэг ард түмний хүлээлтэд өрнөж буй олон шийдвэрийг гаргаж буйг онцлон тэмдэглэлээ.
Улс төрийн намын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу хийж буй намын дүрмийн өөрчлөлт, удахгүй хийхээр төлөвлөсөн намын XXXI Их хурал, түүгээр хэлэлцэх гол асуудлуудыг ахмадуудад товч танилцууллаа.
Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл асуулт асууж, санал шүүмжлэл өрнүүллээ. 104 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин МАН нь нэр хүнд өндөр байх учиртай тул энэ тал дээр ахмадууд идэвхтэй, хариуцлагатай ханддаг тухай онцоллоо. Харин УИХ-ын зарим гишүүн ажилдаа хойрго ханддаг, ирц бүрддэггүй, хурал тасалдаг, ард түмэнтэй ойр ажилладаггүй, намын хүний нөөцийн зарим томилгоо зэрэг нь намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буйг анхааралдаа авахыг намын удирдлагуудаас хүсч цаашдийн ажилд нь амжилт хүслээ.