Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ
- 2025-06-13
- Н.Анхбаяр
- 52
МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Гомбожавын Занданшатар
Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлэхээр болж, 2025 оны 06 сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдлоо.
Гомбожавын Занданшатар 1970 оны 03 сарын 08-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн.
Боловсрол:
1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.
1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
️2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
️АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан
️Эдийн засгийн ухааны магистр.
Орос англи хэлтэй
Ажлын туршлага:
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
️1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банканд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 болон 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016-2020 онд болон 2020-2024 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2019-2020, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2024 – 2025 онд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ажилласан.
Түүний эцэг Д.Гомбожав МАХН-ын XVI, XVII, XVIII, XIX, XX их хурлуудад төлөөлөгчөөр, Ардын Их Хурлын депутатаар 4 удаа сонгогдсон, 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан хүн юм.
Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Дамдинжавын Гомбожавт 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон түүхтэй билээ.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г. Занданшатар бараг 10 -аад цагийн турш гишүүдийн асуултад маш логиктой, тоо баримттай, хуулийн үндэслэлтэй, тодорхой хариуллаа. Төрд олон жил чанагдсаных аль ч салбарын асуултад бүдэрсэнгүй. Харин ч асуулт тавьж буй гишүүдийн өөрийнх нь оролцоо, өмнөх хандлагыг нь ч сануулж байлаа.
-Намайг Ерөнхий сайдад нэр дэвшихийг журмын нөхөд маань санал болгосон. Хүнд цаг үе гээд хойш сууж,хариуцлагаас зугтаж би чадсангүй.
-Ард түмнийхээ халаас руу гар дүрэхгүй. Төр өөрөө бүсээ чангална.
-Шатыг дээрээс нь шүүрддэгийн адил Төрийн данхар бүтцийг дээрээс нь цэгцэлнэ.
-Тансаг хэрэглээний татварыг нэмнэ. Хувийн онгоц, үнэтэй машин, импортын тансаг зэрэглэлийн архи виски… гэх мэт. Харин НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ.
-Хууль зөрчиж авсан бол Төгрөг нуур, Ухаахудаг …. гээд ордуудыг Салхитынх шиг төрийн мэдэлд авна.
-Оюутолгой Эрдэнэтээс хэд дахин бага татвар төлж буй нь шударга бус.
-Төрийн залгамж чанарыг барьж өмнөх ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
-Хүний хөгжлийн мега төсөл хэрэгжүүлнэ
-Парламентийн ардчилалыг хэрэгжүүлсний дүнд УИХ нээлттэй сонсголууд хийж олон хулгай луйвар ил болсон. Цаашид ч ил тод байх зарчим барина.
-Ураны асуудалд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториор үнэлгээ хийлгэнэ.
-Нийт өрхийн 69% өр зээлтэй байна. Ард түмнийхээ нуруун дээрээс татварын дарамтыг авч хаяхаар цогц реформ хэрэгжүүлнэ.
-Төсвийг 2.3 их наядаар танаж, төрийн өмчит компанийг 2 дахин багасгана.
-Дотоодын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдээ дэмжинэ. Хууль эрх зүйн орчноос эхлээд бүх зүйлийг тодорхой болгоно.
-Авлигын эсрэг шударга ёсны тэмцлийг эрчимжүүлнэ.
-Баялгийн санг арвижуулж түмэн олноо баялагтаа эзэн болох ажлыг эрчимжүүлнэ.
-Хэвлэл мэдээллээр талцуулж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, эв нэгдлийг хагалган бутаргах ажлыг таслан зогсооно.
-Манай улсын эдийн засаг 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа. Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо.
-Эрсдэл, сорилтыг даван туулах, ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно.
-Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлье. Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга. -Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, ТӨР ӨӨРӨӨ БҮСЭЭ ЧАНГАЛАХ зарчмыг барих ёстой гэж үзэж байна.
-Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ хийж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй, нэгдмэл байдлыг чанд сахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана.
-Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, “ТООНООС ЧАНАРТ” шилжиж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодит алхмууд хийнэ.
-Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч – баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжиж ажиллах болно. Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулж, шаталсан, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, татварын бааз суурийг өргөтгөх арга хэмжээ авна.
-Хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална.
-Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно.
-Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ БОЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ байх зарчмыг удирдлага болгоно.
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг тууштай хэрэгжүүлж, “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зорилтыг тууштай хэрэгжүүлнэ. -Монгол хүн баялагтаа эзэн байх ёстой. Эзэн байхын учир нь өмчийнхөө зарцуулалтад хяналт тавих, үр өгөөжийг нь тэгш хүртэх учиртай байхад чиглэгдэнэ.
-Стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хийж буй хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, бодит үр дүнд хүргэнэ.
-Авлигаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй, ҮНЭНЭЭ ХЭЛДЭГ ЗАСАГ байх болно.
-Манай Засгийн газар ХАРИУЦЛАГА НЬ ЭЗЭНТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР байх учиртай.
-Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, Монгол улсын язгуур ашиг сонирхлыг цорын ганц хэмжүүр, шалгуур болгоно.
-Монгол Улс бол сайн хөрш, найдвартай түнш, итгэл даах хамтрагч гэдэг дүр төрхийг баталгаажуулахыг эрмэлзэнэ.
-Товчилж хэлбэл, ОЛОН УЛСАД МОНГОЛ УЛСЫНХАА ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ НЭР ХҮНДИЙГ БАТАТГАН БЭХЖҮҮЛЭГЧ ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрмэлзэнэ.
– Бид ЭВИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ЗАСГИЙН ГАЗАР байна.
-Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд би Хүнийг төвд нь тавьсан хөгжил, Шударга ёсыг эрхэмлэсэн төр, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно.