МАН-ын VII бага хурлаас 67.84 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-руу нэрийг нь оруулахаар боллоо.
- 2025-06-09
- Н.Анхбаяр
- 57
Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2025.06.09/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хурлын дараа Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Бага хурлын VII хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хурлын нарийн бичгийн дарга Бага хурлын гишүүн С.Мөнгөнчимэг мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн МАН-ын VII бага хуралд 347 бага хурлын гишүүд оролцож, 6 цаг гаруй хугацаанд хуралдлаа. Тус хурлаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал болгож, харин хурлын явцад заалнаас Бага хурлын гишүүд дөрвөн хүнийг нэр дэвшүүлж, хоёр нэр дэвшигч нэрээ татсанаар Гомбожавын Занданшатар, Ганзоригийн Тэмүүлэн нарын дунд санал хураалт болж дүнгээ гаргалаа. МАН-ын VII бага хурлаас 67.84 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-руу нэрийг нь оруулахаар боллоо. Нэр дэвшигчдээс 43 бага хурлын гишүүд асуулт асууж хариулт авчээ. Нэр дэвшигчид хоёул дангаар засаглах, яамдын тоог бууруулах, төсвийг тодотгох зэрэг асуудлыг хөнджээ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Юуны өмнө Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд, итгэл үнэмшил нэгт нөхдөдөө талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Та бүхний итгэл бол надад хүлээлгэсэн итгэл төдийгүй намын гишүүд, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлага юм.
– Энэ бол Та бүхний өнөөдрийн гаргасан шийдвэр эв нэгдлийн илэрхийлэл, намын шинэ шатны үүрэг хариуцлага, иргэдийн хүлээлт, улс орныг тогтвортой, урагш хөтлөх гэсэн хамтын шийдвэр гэж ойлгож байна.
– Өнөөдөр бид эдийн засгийн шинэ сэргэлт, баялгийн шударга хуваарилалт, хөдөө орон нутгийн хөгжил, залуусын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын шинэ шатны шаардлагуудын өмнө ирээд байна. Ард иргэдийн зүгээс Төр нь амласан үгэндээ эзэн байх, бодлого нь тодорхой, хэрэгжилт нь хариуцлагатай байхыг шаардаж байна.
– Монгол Ардын Нам бол Монгол төрийн тулгуур багана, улс орны тусгаар тогтнол, тогтвортой байдлыг баталгаажуулагч улс төрийн хүчин. Бид “Хүн төвтэй хөгжил, шударга нийгмийн төлөө хамтдаа” гэсэн үнэт зарчмаа ажил хэрэг болгох хариуцлагатай цаг үед амьдарч байна. Энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гол талбар бол гүйцэтгэх засаглал юм. Улс орны хөгжлийн дараагийн алхам бол бодлогын залгамж халаа, хэрэгжилтийн үр нөлөө, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргах явдал гэдэгтэй Та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэж байна.
– Би өнгөрсөн хугацаанд парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон бэрхшээлийг туулахын хажуугаар ардчиллын үзэл санааг бататгах, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж ирсэн. Энэ бүхнийг гүйцэтгэх засаглалын түвшинд залгамж, уялдаатайгаар хэрэгжүүлэх нь миний дараагийн зорилго байх болно.
– Өнөөдөр энэхүү итгэлийг улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлага болгон хүлээж авч байна. Миний үйлдэл үгнээс илүү байх болно. Бодлогоо хэрэгжүүлдэг, ярьснаа хийдэг, хариуцлага хүлээдэг, хамт олонтойгоо ойлголцож ажилладаг Ерөнхий сайд байх болно гэдгээ илэрхийлье.
– Би “Хүнийг төвд нь” тавьсан хөгжлийг, “Шударга ёсыг эрхэмлэсэн төр”-ийг, “Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгт хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилсан ажил хийх болно.
– Надад оногдож буй гол хариуцлага бол намын дотоод эв нэгдлийг хадгалах, залуус, эмэгтэйчүүд, бүхий л давхаргын гишүүдийн оролцоог бодлогын төвд тавих, “Нэг нам – Нэг бодлого – Нэг зүтгэл”-ийн үзэл санаагаар урагшлах явдал юм.
– Намынхаа мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоход бүхнээ зориулна. Засгийн газрын бодлого бол ард түмний амьдралд шууд нөлөөлдөг, иргэдэд мэдрэгддэг байх ёстой.
– Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой. Би энэ зарчмыг мөрдлөг болгож, бодлогоо уялдуулж, нээлттэй, хариуцлагатай, тууштай ажиллана.
– Намынхаа эв нэгдлийг эрхэмлэж, журмын нөхдийнхөө итгэлийг хүндэтгэн, Монголын ард түмний өмнө нэр төртэй, шударгаар зүтгэхээ илэрхийлье.