Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн Социал Демократ Ахмадын холбооны гишүүд ахмадуудыг хамруулсан ес дэх удаагийн уулзалтаа 2025 оны 4-р сарын 8-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд амжилттай зохион байгууллаа.
- 2025-04-09
- Н.Анхбаяр
- 61
Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн Социал Демократ Ахмадын холбооны гишүүд ахмадуудыг хамруулсан ес дэх удаагийн уулзалтаа 2025 оны 4-р сарын 8-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Хотын дахин төлөвлөлт” сэдвээр, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот” үзэл баримтлалын талаар ахмадуудад илтгэлээ танилцуулж асуултад нь хариулт өглөө.
УИХ-ын гишүүн,Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа 100 айлын дахин төлөвлөлтийг амжилттай хийсэн туршлагаа ахмадуудад тайлбарлаж танилцууллаа.. Тэрбээр “Газар нь байгаад мөнгөтэй л бол монголчууд барилгыг хурдан барьчихдаг болсон талаар.болон барилга барих нь хэцүү ажил гэж бодож байсан бол хүмүүс хоорондын ойлголцол, тохироо нь мөнгөнөөс илүү үнэ цэнтэй гэдгийг ойлгож авсан талаараа ярилаа. Иргэд тохироонд хүрэхгүйгээр ямар ч том төсөл унадаг гэдгийг би тэгэхэд ойлгосон. Тэр үед гадаадын тусламжаар барих хөрөнгө оруулалтыг олсон ч эхлээд иргэдтэйгээ зөвшилцөхгүйгээр асуудлыг амархан шийдэж болдогүйг мэдэрсэн. Энэ өөрийн туршлагаас үлгэр жишээ аваасай гэж бодож 100 айлын дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Цаашдаа ч миний УИХ-д дэвшсэн Сүхбаатар дүүрэгт дахин төлөвлөлт маш их хэрэгтэй байгаа бөгөөд газар үнэтэй, барилгууд нь хуучирсан дахин төлөвлөлт хийх шаардлагатайг онцоллоо.
УИХ-ын гишүүн “20 минутын хот” үзэл баримтлалын ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц: 20 минутын дотор төрийн үйлчилгээг хүнд хүргэх, засаг захиргааны нэгж хот болох 20 минутын хотыг байгуулахаар зорьж буй үзэл баримтлал боловсруулах хэсгийг ахлаж байгаагаа дурьдаад пресентацаа танилцууллаа. Энэхүү үзэл баримтлал нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэдгийг танилцууллаа. Иргэнд ээлтэй, амьдрахад таатай 20 минутын хотын талаар гишүүн Г.Лувсанжамц ахмадуудад хэлэхдээ: Иргэд, оршин суугчид нь нэгдүгээрт тавигдах гол субектт бөгөөд энэ төслийг хөдөлгөгч хүч. Энэ төсөлд нийт найман зорилт тавигдсан байгаа. Шинэ зүйл шиг сонсогдож байгаа ч хуучны хороолол шиг байх болно. Тодруулбал, энэ хот хажуудаа сургууль, цэцэрлэгтэй, тоглоомын талбайтай, автобусны буудалтай, ахуйн үйлчилгээний төв нь ойрхон байдаг онцлог талтай таатай хороолол. Хуучин хот төлөвлөлтөө сэргээх үзэл баримтлал гэж ойлгож болох юм. Эрэмбэлвэл: Нэгд алхах, хоёрт унадаг дугуйгаар явах, гуравт нийтийн тээврээр зорчих, дараа нь хувийн машинаа унахад таатай хот байгуулахыг зорьж байгаа юм гэдгээ тайлбарлав.
Манай улс 20 минутын хотыг байгуулахын тулд дараах гол найман зорилтыг тавьжээ.
1. Цэцэрлэг, сургуулийг хамгийн түрүүнд төлөвлөнө.
2. Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн сантай байна.
3. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, спортын байгууламжтай байна.
4. Сургуулийн гадаа биеийн тамир, спортын байгууламжийг бий болгоно.
5. Хорооны иргэд хоорондоо ярилцдаг орчныг бий болгоно. Иргэд, оршин суугч төвтэй хот болно.
6. Нийтийн тээврийн сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлнэ. Бүх хороог автобусны буудалтай болгоно.
7. Худалдаа үйлчилгээний ойрхон төвтэй хот бий болгоно.
8. Олон төрөлт орон сууцыг бий болгоно гэжээ.
Одоогоор нийслэлийн хэмжээнд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Цаашид Баянхошуу, Толгойт, Дарь-Эх, Дамбадаржаа гэсэн дэд төвүүдийн ажлыг эрчимтэй эхлүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц онцлов. Олон айлын газрыг дахин төлөвлөлтөд аваад 20 орчим жил болж байгаа алдаа бий. Дахин төлөвлөлтөд орсон, газарт орсон бол бодитоор тэнд дэд бүтэц барьж, цаашид ямар болох вэ гэдгийг тодорхой болгож, алдааг засах чиглэлээр ажиллана гэдгээ гишүүн Г.Лувсанжамц хэлэв.
Дахин төлөвлөлт, газар чөлөөлөх асуудал удаашралтай байгаа талаар үр дүнд хүрээгүй олон жишээг баримттай ахмад намын гишүүд хэллээ.
1. Хан-Уул дүүрэг Ахмадын хорооны дарга Совд
Өнөөдөр хот төлөвлөлтийн талаар сайхан уулзалт боллоо. Энэ ажлыг биелүүлэхийн төлөө ажиллана. Би нэг зүйл дээр эргэлзээд байгаа.Энэ засгийн газартай хамтарч байгаа ардчилсан нам,хүн нам, энэ манай дэвшүүлж буй зорилтыг 100% хүлээнэ зөвшөөрч байгаа юу?
Итгэхэд хэцүү улсууд шүү. Ялангуяа Ардчилсан нам. Яагаад тэгж байгаа юм гэхлээр Баярын засгийн газрын үед хамтарсан засгийн газар байгуулаад Норовын Алтанхуягийг сайд болгоод хамтраад ажиллаа.Яг сонгууль болохоос хагас жилийн өмнө Норовын Алтанхуяг хэлэхдээ хөөсөн ч явахгүй гэсэн юм.Тэгсэн чинь сонгууль болохоос 6 сарын өмнө засгийн өвөрт орсон сайд мааньзасгаа хаяад явсан. Ингэж байсныг сайн бодоорой. Би амьдрал ярьж байна шүү.Хаширсан хүн ярьж байна шүү. Хоёрдугаарт хотын дарга Бат-Үүлийн үед баахан хүмүүсийн газрыг чөлөөлөөд бас хулхидсан. Бат-Үүл чинь хүүхэдтэйгээ нийлээд хичнээн хүнийг амьдралгүй болголоо. Үүнийг санахад илүүдэхгүй шүү.
2. Баянзүрх дүүргийн 23-р хороо Хишиг-Оюун
Би асуудал тавихаас илүү санал тавья гэж бодож байна. Тэгэхлээр миний сэтгэл эмзэглүүлдэг зүйлс юу вэ? гэхлээр Баянзүрх дүүргийн 23-р хороонд байгаа хуучны армийн 10 байр гэж байгаа. Энэ байрууд маань одоогоор хот төлөвлөлтөд ороогүй.Одоо бол амьдарч болохгүй стандартын шаардлага хангахгүй гээд дүгнэлт гарчихсан байгаа. Гэхдээ тэнд зарим нэг хүмүүс амьдарч байгаа. Амьдралын нөхцөл маш хүнд шүү. Өнөөдөр УИХ-ын гишүүд маань маш зөв зүйтэй зүйлс ярьж байна. Ялангуяа залуу гишүүн маань.Яагаад гэхлээр мэргэжлийн архитекторч, хот төлөвлөгч ийм хүн байгаад баяртай байна. Маш их зөв асуудлыг хөндөж ярилаа. Энэ ажлаа хэрэгжүүлээрэй. Улс орны хөгжлийн маш гол зүйл гэдгийг залуу УИХ-ын гишүүндээ хэлмээр байна. Маш гоё зорилго төлөвлөсөнд их сайхан байна шүү. Үүнийгээ ажил хэрэг болгоорой. Ингээд бодохоор хотын А зэрэглэл, хотын захын хороолол хоёр өөр түвшинд хуваагдчихаад байна. Нэг үгээр хэлвэл Монгол хүний амьдрах эрх чинь хоёр янзаар хуваагдаад бичигдээд байна шүү. Та нар чинь хотын төвийн А зэрэглэл хүний нүдэн дээр ил байгаа газрыг үзэх биш хотын захаараа явж судлаачээ. Миний яриад байгаа тэр байрыг нэг очоод үзээчээ. Хүүхдүүд ямар орчинд амьдарч байна. Зун болохоор хүүхдүүд маань цэцэрлэгтээ явахдаа зүгээр шалбаагаар яваад л байна. Тэнд тоосжилт ихтэй их хүнд газар юм. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрх их зөрчигдэж байгаа шүү. Иймээс энэ байрыг хот төлөвлөлтөнд яаралтай оруулж өгөөч дээ. Баянзүрх дүүргийн 23-р хорооны 5-р хэсгийн иргэдийн нэрийн өмнөөс энэ хүсэлтийг хүлээж авна уу?
3. Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны иргэн Өндөрнаст
Манай хороонд алдартай 5 шар гэдэг байр байдаг юм. Тэдгээрээс 5 жилийн өмнө 5-р байрыг нураасан. Одоо барилга нь баригдаад хагас дутуу явж байнаа. 4-р байрны айлуудыг бас гаргасан. Тэрийгээ бүр балгас болгож байна.Тэнд архичид цуглараад хүүхдүүд явахад аюултай болчихаад байна. 1,2,3,-р байрыг болоогүй гээд нураагаагүй байгаад байнаа. Таван шар бол 1964 оны байшин. Би сая Нямбаатар хотын даргад хэлсэн. Тэр дарга маань дахин төлөвлөлтөнд оруулсан юмаа гэж хэлсэн. Тэгээд 16 давхар барихгүй 5 давхар барина гэсэн чинь анх авсан компаниуд нь барилгаа ч барьж чадахгүй байна. Бид нар тэр байранд 40-50 жил амьдарчихаад шинэ байраа үзэж чадахгүй настай хүмүүс нь өнгөрчихөөд байна. Энэ байруудыг зохицуулж дахин төлөвлөлтөнд оруулж өгөөчээ.Бүх төлөвлөлт 5 шарын байран дээр очсон байгаа. Бүх богино эргэлтийн автобус тэнд очсоод зүүн зүг рүү явж байгаа. 5 шарын байр бол олон жил болсон дээврээс ус гоожино. Дээр нь чийгтэй их хэцүү байна. Тэгээд дор дор нь байшингаа бариад иргэдээ оруулахгүй 5 жил болж байна. Иргэд нь түрээсийн байр гээд хүнрэлтэй байна. 5-р байрыг нураасан компанитай ярихад бидэнд хэцүү байна. Мөн 5 шарыг алсмал газар гээд хөдөлж өгөхгүй. Иймээс УИХ-ын гишүүн Цогтбаатар, Лувсанжамц нар маань энэ 5 шарын байшингуудыг дахин төлөвлөлтөд оруулж шинэ байран оруулж өгөөч
.
Уулзалтад Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Х.Алтай, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.