УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Х.Булгантуяа Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.
- 2025-03-28
- Н.Анхбаяр
- 65
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Х.Булгантуяа Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийлээ.
Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын Холбоо нийслэлийн есөн дүүргийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан ээлжит уулзалтаа 2025 оны 3-р сарын 25-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Х.Булгантуяа оролцлоо.
Уг арга хэмжээд МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, ерөнхий нарийн бичгийн дарга Т. Гантөмөр Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Мишээл нар оролцлоо.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Х.Булгантуяа ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжийн талаар болон хууль эрх зүйн орчинд одоо мөрдөгдөж буй заалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ахмад настны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан талаар мэдээлэл өгч, энэ хуулийг хэрэгжүүлэхэд ахмадууд хяналт тавьж ажиллахыг захиж, цаашид өөрсдийг нь ажилд авах тухай заасан зохицуулалтыг бүрэн ашиглаж, хөдөлмөр эрхлэх боломжоо олж авахыг хүслээ. ” Ахмад настны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах онцлог заалтуудыг тусгасан талаар онцоллоо. Тодруулвал:
Ахмад настныг авч ажиллуулж байгаа байгууллага ахмад настан өөрөө хүсвэл тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг төлөхгүй байх.
50 ба түүнээс дээш ажилтантай байгууллага нэг ахмад настныг авч ажиллуулах.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсвийг нэмэгдүүлэх.
Тэтгэвэрт гарсан эмч, багш зэргийг өөрсдийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжих, холбогдох Засгийн газрын гишүүд хамтран арга хэмжээний төлөвлөгөө батлах гэсэн заалтуудыг тусгажээ.
Дээрх хуулийн талаар УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ярихдаа “Та бүхэн маань тэтгэвэрт гарсан байгууллагынхаа ахмадын холбоо руу утасдаж, хуулиа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хяналт тавих, хуулийн дагуу ахмад ажилтан авч байна уу? , Би ажилд орох хүсэлтэй байна, өдөрт тэдэн цаг ажиллах боломжтой гэдгээ мэдэж аваарай. Дүүрэг, хороо руугаа очоод ахмадуудыгаа ажилд авах талаар ямар ажил зохиож байна гэж хянах ёстой. Одоогоор дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бүгд мөнгөжсөн, энэ мөнгийг юунд зарцуулж байна вэ? гэж араас нь сайн асууж хяналт тавиарай гэв.
Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад асуулт тавив.
1. Баянзүрх дүүргийн 32-р хороо Баатархүү
Би хилийн цэргийн офицер хүн. Одоо ажилчдын биеийн тамир спортын клуб ажиллуулж байгаа. Би хоёр асуудал хөндөж ярих гэж байна.
1. Би насаараа спортоор хичээллэж байгаа 62 жил хичээллэж байна. Ахмад тамирчдыг дэмжих асуудал байдаггүй юм уу? Та биеийн тамирын хуулийг та харвал их хөгийн байгаа.Тэр хуулинд ахмадын тухай ганц ч өгүүлбэр байхгүй шүү. Урамшуулал өгдөг дэмждэг газар байхгүй байна. Үүнийг та анхааралдаа авч үзээч. Би бол ахмадын Азийн болон дэлхийн аварга хүн. Гэхдээ залуучуудад өгдөг шагналыг горьдохгүй л дээ. Дэлхийн тэмцээнээс ирэхэд нь урамшуулаад нэг үг хэлчихдэг хүн, байгууллага байхгүй л байна даа. Ганцхан Олимпын хорооны Наранбаатар дарга л үнэлэж байгаа юм. Та энэ асуудлыг та анхаарна уу? Хоёр дахь асуудлыг бичгээр өгнө. Танд амжилт хүсье.
2. Хан-Уул дүүрэг хороо Валайнжав
УИХ-ын дэд дарга Булгантуяадаа амжилт хүсье. Амгаланг айлтгая. УИХ-ын гишүүдийн хуралд оролцох байдлын талаарх нэг тийм дүгнэлт гаргая гэсэн саналыг ярьж байсныг санаж байна. Энэ бол зүйтэй санал байх гэж бодож байна.Тэгэхдээ хурал тасалсан ажилдаа ирдэггүй, оролцдогүй гишүүдэд хариуцлага тооцохын зэрэгцээгээр, хуралд тогтмол суудаг гишүүдийг урамшуулья гэснийг би дэмжихгүй байна. Ажлаа хийгээд цалингаа авч байгаа хүн ажилдаа ирэхгүй бол хариуцлага шийтгэл хүлээнэ гэхээс биш урамшуулал байж болохгүй гэж бодож байна. УИХ-ын гишүүн бол ялангуяа хүүхэд залуучуудад үлгэр дуурайлал, манлайлал нь байх ёстой. УИХ-даа суудаггүй гишүүд болох Х.Баттулга, С.Лүндэг гэх мэт хүмүүс байна. Х.Баттулга нэг удаа суусан, С.Лүндэг огт суугаагүй энэ хоёр хүний талаар ямар хариуцлага тооцсон бэ? гэж асууя гэж бодож байна. Тэгээд энэ асуудлын талаар Булгантуяа дарга саналаа хэлэх байх. УИХ-ын гишүүдийн тайланг сайн тавиулж баймаар байна. Ер нь УИХ-ын гишүүд ямар үүрэгтэй ямар ажил хийж явдаг талаар ард түмэн дүгнэнэ шүү дээ. Тийм учраас тайлангийг нь тавиулаад протоколыг нь авчраад үзэж шалгадаг түүндээ хариуцлагыг тооцож гаргавал зүйтэй байна. Хоёрдох асуулт бол хууль, ёсний бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн талаарх хуулийн төсөл өргөн барьсан гэж бодож байна. Засгийн газар энэ асуудлыг нэг шийдэх талаар хууль зүйн сайд Алтангэрэл ярьсаныг авч үзэж, манай намын байр суурь болон УИХ-ын МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгааг сонсох шаардлагатай байна.
3. Баянзүрх дүүрэг Нямдорж
Би асуугаад байх юмгүй анхаарах нэг зүйлийг хэлье. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Булгантуяа Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд байхдаа тэтгэвэрийг индексжүүлэх талаар маш оновчтой сайн ажил хийсэн. Тэтгэвэрийнхэний хэл амыг түүгээр дарсан. Баяр хүргэе. Дараагийн асуудал юу вэ? гэхээр Монгол улс эрх гэдгийг дээгүүр тавиад үүрэг хариуцлагыг умартсан. Юм л болвол би эрхээ эдлэж байна гэж боддог болсон. Тэр хүн үүргээ биелүүлж хариуцлагаа хүлээсний дараа эрхээ эдлэх ёстой. Тэгэхлээр одоогийн илтгэлүүд дээр ч хүний эрхийн асуудлын талаар ихээхэн гардаг. Иймээс манай улсын хувьд ядаж нэг жилийг “Үүрэг хариуцлагын жил” болгож энэ улсыг цэгцэлмээр байна. Хүн болгон би эрхээ эдлэж байна гэдэг. Манай УИХ-ын гишүүд хүний эрхийг хамгаалж байнаа гээд яриад байх юм. Тэр бол эрх бишээ. Мөрийтэй тоглоом тоглосныг хуулийн байгууллага тогтоосны дараа УИХ-ын гишүүд ярих ёстой асуудал. Тэд янз бүрийн батлагдаагүй зүйл ярьж ард түмнийг үймүүлж байна. Та УИХ-ын дэд даргын хувьд УИХ-ын гишүүддээ ярьж хэлэх хэрэгтэй. Дараагийн асуудал юу вэ? гэвэл би намд насаараа байгаагийн хувьд манай намаас зөндөө сонсгол явлаа. Мөн олонх болохын хувьд энэ асуудлаа дариу шийдэх шаардлагатай. Үүнийг шийдсэний үндсэн дээр манай нам нэр хүндээ авч гарна. Дараа дараагийн нийгмийн тогтолцоо эрүүл болно. Би намдаа итгэж байгаа олон жил төр барих болно. Дэлхий нийтийн ардчилал Монголд тогтсон. Монголд ардчилалыг дутуу хэрэгжүүлсэн. Гэвч ардчилалын ард олон луйвар явсан. Энэ нь хээл хахууль бөгөөд олон баячуудыг бий болгосон. Ингэж баян болсноороо авилгалыг бий болгож байна. Одоо Монгол улс авилгалд идүүлж байна. Харин буруу гараар хөрөнгөжсөнийг илрүүлэх хууль гарна гэснийг горьдож сууна. Гарвал их сайн байна. Төр хүчтэй байх ёстой шүү. Төр сул байна. Хүчтэй болгох нь зүйтэй байна.
4. Чингэлтэй дүүрэг 1-р хороо Сэрээтэр
УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга Булгантуяатай хоёр ч удаа уулзаж өнөөдөрийн ахмадын талаар тавьсан илтгэлийг сонсож маш их эрч хүч, энерги авлаа. Аргагүй төртэй, засагтай юм байна гэж бодогдлоо шүү. Баярлаж байна. Энэ бол Булгантуяа гишүүний хүчин чармайлт гэж ойлгож байна.Тэгэхлээр эмэгтэй хүн ямар хүчтэй байна гэдгийг харууллаа. Одоо миний хэлэх гэж байгаа зүйл бол Монголын баялаг бол хүн. Дээрээсээ аваад доошоо хүртэл хүүхэд ямар орчинд өсөж байна вэ? Ямар гэр бүл байна вэ? Үүнийгээ мэдэхгүй байна.Иймээс Монголчууд оюуны хоосролд орсон байна. Зөвхөн идэх хоол, өдрийн талхны төлөө боддог. Хүнээ бодохгүй байгаа шүү. Үүнийг анхаарах хэрэгтэй. Удирдлагын академийг татан буулгаад түүнийг ерөнхий боловсролын сургууль болгоё. Баруун талд нь маш том байшин боссон. Энэ зай завсаргүй барилга барьж байгаа барилгачдыг хязаарлах болсон. Төр засаг минь одоо барилга ханасан. Одоо бетон зуурмаг зуурахаа больё. Гэ Энэ барилга бол баячуудыг дэмжиж буй хэрэг. Ингээд цаг хугацаа бага учир Булгантуяа гишүүндээ хэлэх үгээ бичээд бэлдсэн байна. Амжилт хүсье. Манай ахмадууд хүчтэй шүү. Эрчтэй шүү бидэнд чадал байна. Мөнгө нэхэхгүй, юу ч хийхэд бэлэн байна.Тийм учраас энэ ахмадууддаа урт удаан наслаарай өөдрөг сэтгэлтэй байгаарай. Дуулвал дуу нэг дугтарвал хүч нэг хүмүүс шүү. Юу ч хийж чадна. Нас хэдийгээр ная гарсан ч бид нар чадалтай байна. Бид чадна та нартаа.
5. Баянзүрх дүүрэг 13-р хороо Цоодол
Ганцхан асуултаар санал хэлье. Энэ 2025 оны оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн “Ахмад настны тухай” хуульд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар маш чухал заалт орсон. Энэ ажил хэрэг болж эхлэхгүй байна. Ахмадууд бүгд чадах чинээгээрээ хөдөлмөр эрхлэхийг хүсдэг. Зүгээр сууж байгаад мөнгө авна гэж боддоггүй. Энэ арга хэмжээнд ерөнхийлөгчийн санаачлагаар цагаан алт хөтөлбөр хэрэгжсэн. Төсөв хөтөлбөр батлагдсан.Энэ тухай түрүүчийн хурал дээр Т. Гантөмөр дарга үүрэг даалгавар өгөөд явсан. Энэ ажил маань ямар шатандаа явна вэ? Мөн ахмадууд зөвлөх үйлчилгээ, мод тарих, хог цэвэрлэх, энэ үйлсэд хувь нэмрээ оруулах нь хүсэлтэй байна. Зүгээр сууж байгаад мөнгө авна гэж боддоггүй. Өнгөрсөн жил хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсээс 43 хорооноос ганцхан хороонд мод тариулах зөвшөөрөл өгсөн. Үүнийг ахиулж болдоггүй юм уу? Тоогийг нь нэмж болдоггүй юм уу? Одоо 5-р сарын 15-наас орон даяар мод тарих хөдөлгөөн эхэлнэ. Хавар болж байна. Хог цэвэрлэх ажил эхэлнэ. Ийм ажлуудыг эрчимжүүлээчээ. Цаг алдана. Өөр зүйлгүй ээ.
6.Баянзүрх дүүрэг 16-р хороо Бор
УИХ-ын дэд даргад нэг асуудал тавина гэж бодож байна. Би сүүлийн 2 жил орчим нэг өргөдөл төрдөө өгөөд явахгүй байна. Би өөрөө Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. Онгон сумаас тэтгэвэртээ гарсан. Би төрийн тамгыг 20 жил барьсан хүн юм. Энэ хугацаанд нэг асуудал тавьж байгаа нь юу гэхээр манай нутгийн таван толгой гэдэг газраас одоогоос 20 жилийн өмнө “Монголын нууц” товчоонд гардаг Дува сохрын гавал олдсон голдоо ганц нүдтэй. Үүнийг гурван хүн мэдэж байсан. Одоо сүүлийн үед Соёлын яам, Тагнуулын төв газарт тэр гурвын нэг хүн хандсан. Би бол Чингисийн музейд байх ёстой гэж бодож байна. Тэгээд энэ гавлыг маань Соёлын яам сонирхохгүй байгаа, Тагнуулын төв газар сонирхож байгаад хэрэгсэхгүй болсон. Одоо бол “Аглаг” бүтээлийн хийдэд өгсөн байгаа. Энэ гавлыг энэ удаа олон түмэнд дуулгаж байгаа учраас цаашдаа төр засгийн анхааралд орох ёстой гэж бодлоо. Би өөрөө бурхны шашин шүтдэг хүн. Тухайн үед бурхны асуудлыг мэдээлэхгүй байх нь зүйтэй гэж бодож байсан. Одоо энэ нэгэнт хүмүүст дуулгасан учраас төр засагтаа хандаж хэлж байгаа юм.
7. Сонгинохайрхан дүүрэг 14-р хороо Азар
Би хоёрхон зүйл ярья гэж бодож байна. 1. Өнөөдөр хариуцлага чухал байна. Бүх газар хариуцлага алга байна. Одоо уурхайнуудыг авсан газрыг шалгаж байна. Үүнд ерөнхий сайдад баярлаж байгаа. Энэ уурхайнуудыг авчихсан луйварчингуудыг шалгаж эхлэх гэж байна. Үүнийг дахин дахин шалгаач ээ. Одоо нэг уурхайг шалгаж байх шиг байна. Дүн нь гараагүй байх шиг байна. Ингэж ард түмний хөрөнгийг идээд байгаа луйварчингууд олон байна. Эд нартай чинь хэн нийлж байна уу? Гадаадад байгаа луйварчингууд нийлж байна. Дотоодод байгаа луйварчингууд нийлж байна. Энэ асуудал дээр онцгой анхаараачээ. Нэг уурхай биш нилээн олон уурхай байгаа шүү. Энэ бол бүгд ард түмний өмч шүү. 2. Тэтгэвэрийн хуулин дээр Булгантуяа, Ариунзаяа гээд энэ УИХ-ын гишүүд маш сайн ажилласан. Та нарт баярладаг шүү. Бид нарт их тус болсон. Их нэмэр болсон. Туйлын баярлаж байгаа. Би үүн дээр юу хэлэх гэж байна гэхлээр амьдрал мэддэг, ажил мэддэг ядаж кассын баримтыг ялгадаг ийм хүмүүсийг хяналтын байгууллагад авч ажиллуулах ёстой. Би нэг зүйл хэлье. Кассын баримт мэддэгүй хүн аудит хийгээд явж байна шүү дээ. Хяналт шалгалтын ажил хийгээд явдагт би инээд хүрдэг. Би өөрөө нягтлан бодох хүн. Юу ч мэдэхгүй хүн яагаад аудит хийх ёстой бэ? Тийм учир хүмүүсээ чадваржуулаачээ. Нийслэлд хяналт шалгалтын газар байсан юм. Энэ ажиллаж байна уу? Ажиллахгүй байна уу? Байхгүй бол байлгаад өгөөч. Энэ байгууллага хэрэгтэй байна ард түмэнд. Дараагийн асуудал бол Хүн ам,хөдөлмөр хамгаалалын яам, Эрүүл мэндийн яамыг эмэгтэй хүн удирдуулмаар байна.
8. Хан-Уул дүүрэг 1-р хороо Гомбосүрэн
Одоо наян настай. УИХ-ын дэд дарга Булгантуяа маш сайн ажиллаж байгаа. Би 2023 оны тэтгэвэрт өөрчлөлт оруулсанд талархаж байгаа. Тэгэхдээ алдаа гаргасан байна. Энэ ямар алдаа гэхлээр Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлгийн хүнийг насаар ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалтыг зөрчсөн асуудал юм. 2023 оны 6-р сарын 21-ний Засгийн газрын тогтоолын заалтаар тэтгэвэр тогтооход баримтлах цалин, итгэлцүүр гэсэн хүснэгтийн хавсралтын нэгдүгээр бүлэгт 1990 он ба түүнээс өмнөх он гээд итгэлцүүр дээр 2060 гэж бичсэн. Та үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд байхдаа баримтлана гэж байсан. Сангийн сайд Жавхлан та хоёр олон удаа ярьсан. Бидний үеийнхэн ийм болно гээд бүгд тооцсон байсан. Гэтэл яав? Үүнийг баримтлаагүй. 2013 оны 9 сар хүртлэх хугацааны 1404 гэсэн итгэлцүүр баримталсан. Тэгээд 1404 гэсэн итгэлцүүрээр бидний цалинг үржүүлээд биднийг хохироосон. Жишээлбэл би улсад 37 жил ажилласан. Та миний аав гэж ярьж байсан тэр хүнтэй адилхан олон жил ажилласан үр бүтээлтэй нийгмийн хөдөлмөрт зүтгэсэн хүн.
9. Баянзүрх дүүрэг 10-р хорооны иргэн Д. Дорждэрэм
Би оршил ярихаа больё. Энд цугласан олон түмэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Нэгдүгээрт. Сонгууль өнгөрлөө. Би бол УИХ-ын дэд дарга Булгантуяагийн сонгуульд хоёр дараалан сонгуулийн штабад ажилласан. За яахав хэрэггүй хүн сонгоогүй гэдгийг өнөөдөр харж л байна. Аль хэрэгтэй хүн сонгогдсоныг хэлхэв. Хоёрдугаарт. Ялангуяа олонх болсон манай МАН энэ томилгоогоо анхаарахгүй аливаа нэгэн танил тал дээр томилгоо явчихаад наад томилгоонууд чинь намын нэр хүндийг унагаана, ажлыг унагаана, хийж чадахгүй хүн томилно. Ийм хариуцлагагүй зүйл их гарч байна. Маш их анхаарахгүй бол болохгүй ээ. Энэ сонгуулиар манайх олонх болсон шалтгаан нь юу гэхлээр энэ ахмадууд гол хүч нь байж үр хүүхдээ дагуулж намын төлөө санал өгөөд энэ ялалтыг байгуулсаныг мартаж болохгүй. Энэ хүмүүс чинь жилээс жилд цөөрнө. Дараагийн сонгууль чинь шал өөр болно. Тэгэхлээр энэ хүмүүсийн төлөө анхаарал хандуулдаг цаг нь болжээ ахмадуудад. Иймд ахмадуудад түрээсийн байр хэрэгтэй. Энэ ахмадуудад чинь зээлээр байр өгөхгүй, үр хүүхэд нь байр өгч чадахгүй. Тиймээс энэ олон орон сууц барьж байгаагаас түрээсийн байр өгөх хэрэгтэй. Хэд хэдэн барилга авч түрээсээр суулгамаар байна. Манай ахмадууд урьд нь хэдэн төгрөгөө авч үрчихсэн, 1072 хувьцааны сураг сонсохгүй, тэгээд ахмадын хоёр удаа өгдөг мөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
10. Баянзүрх дүүрэг 37-р хороо Янжмаа
Юуны түрүүнд УИХ-ын дэд дарга Булгантуяадаа баяр хүргэё. Би тэтгэвэрийн талаар Булгантуяа даргатай Баянзүрх дүүрэгт нүүр учирч хурал хийхэд нь энэ асуудлаа тавьж байсан. 1990 оноос өмнөх итгэлцүүрээр тэтгэвэр тогтоолгосон хөгшчүүд маань ихээр хохирсон. Яагаад гэвэл 1990 оноос хойших залуу мэргэжилтэн ажилчдын цалин арай өөр байсан. Харин жинхэнэ бүтээн байгуулалт хийсэн ахмадууд болох 1990 оноос өмнөх ахмадуудын тэтгэвэр үнэхээр гомдолтой тогтоогдсон байгаа юм. Жишээ нь би гэхэд яг үе тэнгийнхээ найзтай гадаадад хамт сураад төгсч ирээд нэг газарт тэтгэвэр аван автлаа хоёлуулаа нэг ижил мэргэжлээр ажилласан хүн тэтгэвэр тогтоолгосон чинь нэгний мань тэтгэвэр минийхээс 100 мянган төгрөгөөр илүү тогтоогдоод нэгэн нь гомдолтой байх жишээний. Энэний учрыг Нийгмийн даатгалын газар очиж асуухад юу ч хэлж чадаагүй. Тэгээд Булгантуяа гишүүнийхээ туслахад бичиг өргөдлөө өгөхөд хариу ирээгүй. Ингээд л нэг хүлээсэн хохирсон байдалтай байна. Хоёрдугаарт. Ахмадуудын амьдралыг харуулах нэг зүйлийг хэлье. Манай ахмадуудад маш их залуучуудад их хүндэтгэлгүй болсон байна. Автобусанд суунаа нэн өрөвдөлтэй зогсоод л явж байдаг. Залуучууд маань суудлаа тавьж өгөхгүй хэнэгчгүй явж л байна. За эцэг эхийн хурал дээр очихоор эмээ, өвөө нар ирэхгүй шүү, аав ээж нар нь ирнэ. Яагаад гэвэл эцэг эхийн хурал дээр ахмадууд мөнгө төгрөгний хураалтын талаар зөв юм ярьдаг. Тэгтэл багш нь биднийг тоож хүндэлдэггүй хуримтлал авахаа зөв гэж ярьдаг.
11. Баянзүрх дүүрэг 2-р хороо Доржсүрэн
Нэгдүгээрт: 1072 хувьцааг ахмадуудад эргүүлж олгуулах арга хэмжээг авч өгнө үү? Зөрүү мөнгө байвал бид нар эргүүлж төлөөд хувьцаагаа авья. Хуулинд тусгуулж шийдүүлж өгөхийг хүсч байна. Хоёрдугаарт: Энэ Монголын газар нутаг худалдагдаад байгаа юм уу? Бямбасүрэн гуай 7 мянган квдарат километр газар Монголын газар нутгаас дутсан гээд байна. Тэгээд энэ Дундговь, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор мэтийн олон аймгууд дор засаг дарга нар газар худалдаад байна уу? Үгүй юу? Яг одоо хариу өгнө үү? Гуравдугаарт: Энэ улсын баялаг болох газар дорх баялагийг улсын хайгуулаар олж тогтоочихоод тэгээд мэдээлэлтэй нөхдүүд нь их олон лиценц, маш их олон газар авсан байна. Тэр авсан ашигт малтмалын газруудыг буцааж эргүүлж хурааж аваад 34-50 хүртэлх хувийг ард түмэндээ эргүүлж авч өгч, ард түмнээ ядууралгүй, ялгалгүй өгөөжийг олгодог баймаар байна. Энэ талаар ямар бодолтой байна? Хариу өгмөөр байна. Дөрөвдүгээрт: Хөдөөний малчин залуучуудад эхнэр олдохгүй байна. Энэ талаар УИХ ямар бодлого баримталж байна вэ? Ийм дөрвөн асуултан хариу авья.
12.Хан-Уул дүүрэг 2-р хороо Г.Чинбат
Би бол геологич- инжнер хүн. 1. Би баялагийн сангийн талаар хүсэлт тавина. Баялагийн сангийн хууль гарсан. Сайхан хууль гарсан заалт нь буруу гарсан. Стратегийн 16 орд нэр заагаад ярьж байгаа юм. Тэгээд нөгөө сайхан хулгайч нар аваад идсэн байгаа юм. Тэгээд тэр нь ажиллаж байгаач юм уу? Үгүй ч юм уу? Дууссан ч юм уу бүү мэд. Дээр нь нэг гучин хэдэн орд цувуулаад нэг жагсаалт болгоод гаргаад хаячихсан байгаа юм. Үүнийг болимоор байна. Энэ баялагийнхаа хуулинд нэмж ард түмнийхээ өмч гэж нэрлэгдэж байгаа ашигт малтмалын ордыг тухайн орд нь дунд зэргийн түвшнээс дээш байвал |бага, дунд, стратегийн орд гэж байдаг| бүртгэж яг ард түмний мэдэлд авч тэр ашгаас нь 38 хувийг олгож байх ёстой. Үүгээр тэр ард түмний баялагийн санг бүрдүүлж байх ёстой юм. 2. Оюутолгой ордод 100тн алт байгаа. \Би баталгаатай мэдэж байгаа.\ Найдвартай нөөц нь шүү. Зэс биш зэсийг дагаж гарч байгаа 100тн алтны орлогоос үнэ цэнээ олж авах ёстой. Энэ нь манай баялагийг бүртгэлгүй аваад гарч байгаа байхгүй юу. Үүндээр дээр УИХ онцгойлон анхаарч ажиллах ёстой. 3. Манайхан “Алт гурав” хөтөлбөр гээд шуугаад байна. Энэ талаар УИХ-д ямар бодлого ямар байна?
13. Баянзүрх дүүрэг 4-р хороо М.Отгонтуяа
УИХ-ын дэд дарга Булгантуяадаа их үдийн мэнд хүргэе. Нэг. 2020 онд ахмад настангуудыг Нийслэлийн ахмадын хорооны дарга Дашням бид хоёр хамжиж байгаад 600 хүнийг хотын хэмжээгээр цуглуулсан. Тэтгэвэртээ суусан ахмад настангууд маань төрөөс ямар ажил зохион байгуулдаг юм бэ? гээд их л гундуу байсан. Тэгвэл өнөөдрийн уулзалт нь ахмадуудынхаа талаар, тэдний эрх ашгийг хамгаалсан талаар “Ахмад настны тухай” хуулийг батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Булгантуяа УИХ-ын дэд даргадаа амжилт хүсье. Баярлалаа. Надад нэг санал байна. 2010 оноос эхлээд Гантөмөр сайдыг боловсролын сайд байхаас эхлээд ярьсан багш нарын тэтгэвэрийн асуудал юм. 2008 оноос өмнө тэтгэвэрт суусан багш нарт нөхөн олговор олгосон ч зарим нь авч чадаагүй. Нэг хэсэг нь 500 мянган төгрөг аваад ингээд тэтгэвэрт гарсан байдаг. Үүнийг нөхөж олгох талаар одоогийн тэтгэвэрт гарч байгаа багш нарын тэтгэвэрийн жишгийг дүйцүүлж тогтоож өгөх боломтой юу? Энэ асуудлаар 10 гаруй жил ярьж байна. Энэ асуудлыг ерөөсөө шийдэж өгөхгүй байна. Энэ талаар та анхаарал тавиад сэтгэл гаргаад бид бүхэндээ туслаачээ. Хоёр. Асуух юм байна. Нэг гэр бүлийн нэг хүн нас барахад нөгөөд нь олгох хууль хэзээнээс хэрэгжих юм? Хууль хэрэгжихээс өмнө нэг нь нас барсан тохиолдолд энэ хууль үйлчлэх үү?
14. Баянзүрх дүүрэг 42-р хорооны ахмадын дарга.
Манай 42-р хорооны ахмадууд сонгуулийн өмнө уулзаж асууж байсан тэр зүйлээ сануулчих гэсэн юм. Манай энэ 42-р хорооны ахмадуудад одоогоор ахмадын байр байхгүй. Хэдэн сандал ширээгээ чирээд ганц теннисний ширээтэй тэргийгээ зөөж СӨХ-ын даргаас энд ч тавьчихье, тэнд ч тавьчихье гээд гуйгаад явдаг. Тэгээд манай хороонд ахмадын өргөө барьж өгөөчээ. Бидэнд газар талбай нь байгаад байгаа. Би дүүргийн тамгын газрын даргад тэр газрыг үзүүлсэн. Энэ талаар анхаарал тавиад өгөөч гэсэн хүсэлт байна.