Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны Нийслэлийн зургаан дүүргийн ахмадуудтай уулзалт хийлээ.
- 2025-03-11
- Н.Анхбаяр
- 94
Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбооноос нийслэлийн зургаан дүүргийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан ээлжит уулзалтынхаа 8 дахь удааг өнөөдөр /2025.03.11/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Уулзалтад Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар оролцож илтгэл тавилаа.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны зүгээс хийж хэрэгжүүлж буй ажил, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооныхоо хамаардаг ажил үүргийн хуваарийн талаар, мөн ахалдаг ажлын хэсгийнхээ талаар ахмадуудад танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ажил, туршлагын хувьд улс төрийн намд олон жил ажилласан учраас “Улс төрийн намын хөгжил, чиг хандлага” сэдвээр товч мэдээлэл хиийж, улс төрийн шинжлэх ухааны талаар судалгаа шинжилгээ хийж байгаа бөгөөд докторын зэргээ удахгүй энэ хавар хамгаалахаа дурьдлаа.
УИХ-ын гишүүний хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн худалдан авалтын тухай хууль гэсэн хоёр томоохон хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд тэдгээртэй холбоотой санал хүсэлтээ чөлөөтэй ирүүлэх боломжтой гэдгийг ахмадуудад хэллээ.
УИХ-ын гишүүний хувьд гурилын үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэгт ажиллаж байгаагийн хувьд өнгөрсөн оны Цагаан сараар монголчуудын өргөн хэрэглээний гурилын үнэ огцом өссөн бол түүнээс хойш гурилын импортын татварыг тэглэснээр энэ жилийн сар шинийн баяраар гурилын үнэ харьцангуй тогтвортой байгааг статистик мэдээлэлд тулгуурлан танилцуулав.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо нь зөвхөн гишүүдийн ирц бүртгэж мэдээлдэг биш төрийн байгууллагуудаас шүүхээс бусад бүх байгууллагуудад хяналт тавьдаг тэр тусмаа прокурорын байгууллагад ч хяналт тавьдаг тухай, УИХ-ын харьяа Төрийн албаны зөвлөлд ч хяналт тавьдаг томоохон цар хүрээтэй ажилладаг байнгын хороо гэдгийг тайлбарлалаа.
Уулзалтад оролцсон ахмадууд ёс зүйн хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг хуультай болох гарцын талаар болон Төрийн албанд ажиллаж буй ажиллагсад маш тааруу ажиллаж байгааг дурьдаад Төрийн албаны зөвлөлийг цаашид яаж шинэчлэх талаар асуулт таьлаа.
Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хариулахдаа: “УИХ-ын гишүүнийг чөлөөлдөг гурван л заалт бий. Нас барсан тохиолдолд, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон үед чөлөөлөх ийм эрх зүйн орчин өнөөдөр үйлчилж байгааг дурьдлаа. Төрийн албаны зөвлөлийн статусыг өөрчлөх саналтай байдаг бөгөөд Төрийн албаны зөвлөл улс төрийн нөлөөнд ордог, түүнийг дагасан чадваргүй албан хаагчид бий болдог. Мөн төрийн албаны шалгуур үзүүлэлт тааруу байгаатай санал нэг байна” гэлээ.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар ёс суртахууны доройтлын талаар ёс зүй ярихгүйгээр авлига, хүнд суртлыг бууруулах боломжгүй гэж үзэж байгаагийн хувьд удахгүй улсын хэмжээнд бүс болгонд төрийн албан хаагчдын чуулга уулзалт болох талаар тэнд ёс зүйн асуудлаар илтгэл тавихаар төлөвлөгөөтэй байгааг онцоллоо.
Энэ уулзалтад Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, ерөнхий нарийн бичгийн дарга Т. Гантөмөр, Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, Ес зүйн хорооны дарга А.Баттүшиг, нар оролцлоо.