Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар нар сар шинийн баярыг тохиолдуулан намын төв апаратад ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч тэдэнд хүндэтгэл үзүүллээ.
- 2025-02-26
- Н.Анхбаяр
- 100
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар нар сар шинийн баярыг тохиолдуулан намын удирдлагад болон төв аппаратад ажиллаж байсан ахмад гишүүдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав.
Тусгаар тогтнолын ордонд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газарын гишүүд, аймаг, сум, баг, хорооны удирдлагуудаар ажиллаж байсан эрхмүүдийг сар шинийн баярыг угтсан хүндэтгэлийн арга хэмжээнд урьсан юм. Уг арга хэмжээнд төр, нийгмийн зүтгэлтнүүд болон удирдах албан тушаал хашиж явсан намын хоёр зуу гаруй ахмад гишүүн оролцлоо.
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж үг хэлэхдээ: Улирч буй луу жилд Монгол улсын улс төр, нийгэм эдийн засгийн анхаарлын төвд өрнөсөн гол үйл явдлуудыг онцоллоо. Өнгөрсөн 2024 онд УИХ-ын сонгууль нь бүсчилсэн хэлбэрээр томсгосон, холимог тогтолцоогоор болж, анх удаагийн 126 гишүүнтэй парламент бүрдэж сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг зоригтой хийж чадсаныг дурьдлаа.
Энэ сонгуулийн үр дүнд олон намын болон нийгмийн олон салбарын төлөөлөлтэй парламент бүрдсэн ба сонгуульд ялж олон суудал авсан Монгол Ардын нам улс төрийн бусад намтай хамтарсан Засгийн газар байгуулсан нь улс орны өмнө тулгамдаад буй томоохон асуудлыг шийдвэрлэх, 14 мега төслийг эхлүүлэх боломжтой цаг үе ирж байгааг онцлов.
Орон нутгийн сонгуульд аймаг, сум, дүүрэг, хорооны олонхид Монгол Ардын нам ялалт байгуулан томоохон амжилт гаргасан үйл явдлыг онцлон тэмдэглээд удахгүй болох эх орончдын баяр болон айлчлан ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн мэндийг хамтатган дэвшүүллээ.
Уг арга хэмжээнд Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар: Улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлууд болон сонгуулийн үр дүн, мөн ирэх намраас хийхээр төлөвлөсөн намын XXXI Их хурлын бэлтгэл ажил эхэлсэн тухай дурдлаа. Саяхан тохиосон жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой, маршал Х.Чойбалсангийн 130 жилийн ойг тэмдэглэн, намын дэргэд “Анхны долоо” нэртэй сан байгуулж хүүхэд залуучуудын дунд тусгаар тогтнол, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагаагаа илүү чиглүүлэх болно гэдгийг онцлов.
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл, МАН-ын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон нар үг хэллээ.