Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохиогдсон “Ахмадын үндэсний чуулган” (2024.01.08)-нд боллоо.
- 2025-01-08
- Н.Анхбаяр
- 100
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохиогдсон (2024.01.08) Ахмадын үндэсний чуулганы хуралдааныг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ: Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн, улс орныхоо хөгжил дэвшилд хүч хөдөлмөрөө зориулсан ахмадуудтайгаа уулзаж, Ахмадын үндэсний чуулганд оролцлож байгаадаа баяртай байна. Үндэсний чуулганаар ахмадуудын нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд гээд олон талт оролцооны талаар хэлэлцэж байна. 126 гишүүнтэй, ахмадын төлөөлөлтэй манай парламент хүн төвтэй хуулийн үзэл баримтлалын хүрээнд “Ахмад настны тухай” болон түүнтэй холбогдох бусад хууль, журмуудын зохицуулалтыг иж бүрнээр боловсронгуй болгох чиглэлээр санаачилгатай ажиллах болно. Мөн энэ цаг үед ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх үүрэг бүхий ахмадын байгууллагууд харилцан сайн туршлагаа солилцож, түгээн дэлгэрүүлж, хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаарх мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриалж байна. Ахмадуудынхаа зөвлөмж, дэмжлэг, нийгмийн оролцоотойгоор Та бид хамтдаа илүү тав тухтай, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.
Дараа нь дурсгалын зураг татуулав.
Монгол улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л. Энхнасан “Ахмад настны тухай” хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар,
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл,хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Л.Энх-Амгалан “Ахмад настны талаар хэрэгжүүлж байгаа бодлого,арга хэмжээ,цаашдын зорилт”,
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Ахмадын эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх төрийн бодлого”,
Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгуулагын оролцоо, хамтын ажиллагаа” зэрэг илтгэлүүдийг тавьлаа.
“Сайн туршлага, идэвхтэй оролцоо, Ахмад үе ба хөдөлмөрийн зах зээл” панел хэлэлцүүлэгт панелистээр УИХ-ын гишүүн Ж. Чинбүрэн, Гэр бүл,хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгдсэн холбооны тэргүүн Г.Атармаа оролцож ахмадын төлөөлөлийн асуултанд хариулт өглөө. Үдээс хойших хуралдаанд: Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг, нар илтгэл тавьж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэдгээрийн шинэчлэл, асаргааны хувилбарт үйлчилгээ болон идэвхтэй насжилтыг дэмжих бодлогын талаар танилцуулсан юм. Эрүүл насжилтыг дэмжих бодлогын хүрээнд анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сэргээн засах, асрах сувилах, хөнгөвчлөх үйлчилгээг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг илтгэлдээ дурдаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг тогтмолжуулах замаар ахмад настны эрүүл мэндэд эрсдэлтэй хүчин зүйлс, хорт зуршлуудыг буруулах, хорт хавдраас сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэхэд тус салбарын бодлого чиглэж буйг ярьсан юм. Харин ахмад настны цогц үйлчилгээний бодлогыг ДЭМБ-аас 2017 онд баталсан тэдний эмчилгээ, халамжийг цогцоор хэрэгцээнд нь үндэслэн олгох “Integrated Care for Older People” (ICOPE) аргачлалд суурилан боловсруулсан хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг онцлов. Цогц үйлчилгээг цогц үнэлгээнд суурилан үзүүлэх бөгөөд ахмад настныг эрүүл, идэвхитэй, бага зэргийн тусламж үйлчилгээ шаардлагатай, бие даах чадвар хязгаарлагдсан гэх гурван түвшинд эрэмбэлж, тохирох үйлчилгээг Нийгмийн халамжийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн үзүүлэх бодлогыг хэрэгжүүлж буй юм. Цогц тусламж үйлчилгээг ахмадын өргөө, ахмадын төв, сэргээн засах төв, идэвхитэй насжилтыг дэмжих төв, дасгалын клуб, олон нийтийн төв болон эрүүл мэндийн байгууллагуудаар үзүүлэх бөгөөд тэдгээрийн байр, санхүүжилт, мэргэжлийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нарийвчлан зохицуулаад байгаа юм.
Мөн ахмад настны эрхийг хангахтай холботой асуудлаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, “Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ж.Жавзандулам илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт, Засгийн газрын тогтоол, журмыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Засгийн газар 2013 оны есдүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар баталсан боловч үүнийг баримтлаагүйгээс ихээхэн хэмжээний тэтгэврийн зөрүү үүссэнийг нэн даруй засах шаардлагатай гэлээ. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож буйг уян хатан болгож, 20-25 жилд ажилласан бол 50 хувь, 25-30 жилд 55 хувь, 30-35 жилд 60 хувь, 35-аас дээш жилд 65 хувиар тогтоох, “Ахмадын сан” байгуулж ажиллуулах журамд төсвийн байгууллага цалингийн нийт сангийн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагааны орлогын 3.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сандаа шилжүүлж байхаар журамлах нь зүйтэй гэсэн юм. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас ахмад настанд зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах ахмад настны тоогоор хүртээмжтэй хуваарилах, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ахмад настны эрүүл мэндийг хариуцсан нэгж болон геронтологийн төв байгуулах ажиллуулах санал дэвшүүлэв.
Дараа нь Орхон, Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал нар болон прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн М.Оюундэлгэр нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, сайн туршлагаас Үндэсний чуулганы оролцогчидтой хуваалцлаа.
Үндэсний чуулганаас гаргаж буй зөвлөмжид Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, орон нутгийн захиргааны байгууллага болон төрийн байгууллагууд, ахмадын холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, олон нийт, ахмад настнуудад хандан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, эм хангамж, амьдрах нөхцөлийг дэмжих хөнгөлөлт, дэмжлэгийг өргөжүүлж, хүртээмжийг тэлэх, Гэр, бүл хөгжлийн болон цогц үйлчилгээний төвүүдийг байгуулах, эрүүл, идэвхтэй насжилтын үндэсний бодлого, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг тодорхой бүтэц, зохион байгуулалтаар эрчимтэй хангах, хяналт тавьж ажиллах зэрэг олон асуудлыг тодорхой тусгажээ. Мөн “Угийн бичиг”-ийг айл өрх бүр хөтөлж хэвших, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монголын нийт иргэдэд, залгамж хойч үеэ амьдрах ухаанд сургаж, өв соёл, эрдэм боловсрол, тэвчээр хатуужлыг эрхэмлэсэн үнэ цэнтэй иргэн болгож хүмүүжүүлэхийг ахмад настнуудад уриалсан байна.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үндэсний чуулганыг хааж хэлсэн үгэндээ: Энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаснаар ахмад настнууд өөрсдөө ажил хайдаг биш, ажлын байрууд та бүхнийг хайдаг болж өөрчлөгдөнө хэмээн онцлон тэмдэглээд, нийгмийн хамгаалал болон хөдөлмөрийн салбарыг удирдаж байсан цөөнгүй хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тул ахмад настны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бусад салбарын уялдааг хангах, хуулийн бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Монгол улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л. Энхнасан
“Ахмад настны тухай” хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар,
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл,хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Л.Энх-Амгалан
“Ахмад настны талаар хэрэгжүүлж байгаа бодлого,арга хэмжээ,цаашдын зорилт”,
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувийг эзэлнэ.
Төрөөс улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ахмадуудынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих, ахмад настны хэрэгцээ, шаардлагатай нийцсэн урт хугацааны цогц нийгмийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тодорхой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тодруулбал, тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, шинэчлэн тогтоохоор хуульчилж, 2025 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Мөн өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр, эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон.
-Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй, түүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр ахмад настан өөртөө биш үр хүүхдэдээ зориулдаг.
-Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгодог. Ингээд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, өрийн дарамтад орж, ядууралд өртөхөд ихээхэн нөлөө үзүүлж байна.
Иймээс тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг багасгах, өр, орлогын харьцааг зохистой хэмжээнд хүргэх талаар Монгол Банканд хандсан.
-Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцооны нэг хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр тэтгэвэр авагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ.
-2025.01.01-нээс эхлэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлж, ахмад настны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна.
-Цаашдаа ахмад настанд гэр бүлийн цогц төвөөр дамжуулан, тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, идэвхтэй насжилтыг дэмжинэ.
-Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд өмчийн төрөл, бүрийн хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулах зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлнэ.
-Ахмадууд та бүхнийхээ нийгмийн харилцааны идэвх, оролцоог нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхийлэн ажиллах болно.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
“Ахмадын эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх төрийн бодлого”,
УИХ-аас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Ж.Чинбүрэн миний санаачлагаар, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан-ын ивээл доор #АХМАДЫН_ҮНДЭСНИЙ_ЧУУЛГАН-ыг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгууллаа.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувийг эзэлнэ. Иймээс төрийн бодлогын нэг хэсэг нь ахмадууддаа чиглэсэн байх ёстой.
Улсын Их Хурлаас эрүүл мэнд, ахмадын нийгмийн баталгааг хангах талаарх хэрэгжүүлж байгаа бодлогын тухайд:
✔ 2019 онд 407 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, 2025 онд 2,5 их наяд төгрөг болж 6 дахин нэмэгдсэн;
✔ 2020 онд 37 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Эмийн үнийн хөнгөлөлтийн төсөв, 2025 онд 171 тэрбум болж 5 дахин нэмэгдсэн;
✔ 2024 оны 06 сарын 05-ны өдөр батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Нийслэл болон орон нутагт эмийн сан ажилладаггүй алслагдсан хэсэгт эмийн сан байгуулан ажиллуулахыг эмийн бүтээгдэхүүн борлуулдаг аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон зохицуулалтыг тусгасан;
✔ УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгээр иргэн бүрийг 2 жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулдаг байхаар тогтоож, 2025 онд 38 тэрбум төгрөгийг төсөвлөсөн;
✔ Тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилж, 2025 оноос эхэлсэн;
✔ Өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр, эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон;
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн онцлох заалтын тухайд:
– 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулах;
– Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглосон;
– Ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэж үзвэл тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг ажилтан, ажил олгогч тус тус төлөхгүй байхаар;
Монголынхоо нийт ахмадууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар
“Хуулийн хэрэгжилтийг хангахад ахмадын байгуулагын оролцоо, хамтын ажиллагаа