Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбооноос Монгол улсын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалалын талаар /2024.12.03/- нд нийслэлийн 9 дүүргийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан уулзалт зохион байгууллаа.

  • 2024-12-06
  • Н.Анхбаяр
  • 39

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбооноос Монгол улсын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалалын талаар /2024.12.03/- нд нийслэлийн 9 дүүргийн гишүүн, дэмжигч ахмадуудыг хамруулсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Уулзалтын үеэр ахмадуудад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээний талаар холбогдох албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний санал, хүсэлтийг сонсож, асуултад хариулсан юм.
Ахмадуудын зүгээс рашаан сувиллын хөнгөлөлт, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн хэт зөрүүтэй байдлыг арилгах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хувь тэнцүүлсэн тэтгэврийн талаар авч хэрэгжүүлж буй хуулийн зохицуулалтыг эргэн харах талаар голчлон асуулт, санал тавьж албаныхнаас хариулт авав.
Мөн хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт, мэс засалд орсны дараа Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог төлбөрийн зөрүү, улсад насаараа ажилласан ахмадуудыг орон сууцжуулах, эмнэлэгт үр дүнтэй оношлуулж, эмчлүүлдэг байх талаар хүсэлт тавьж байв. Түүнчлэн тэтгэвэрт гарах насыг хуулиар зохицуулсан ч гэлээ ахмадуудын ажил, хөдөлмөр эрхлэх насыг хязгаарлахгүй байх талаар ч хөндсөн юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмадууд болон зорилтот бүлгийг орон сууцжуулах, Ахмадын санг бүрэн утгаар нь ажиллуулах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажил орлоготой байх боломжоор хангах, ахмадуудын амралт сувиллын тоог нэмэгдүүлж, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг сайжруулах чиглэлд түлхүү ажиллана гэдгээ онлов. Энэ 2024 оны эхний арван нэгэн сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 499 мянган ахмад тэтгэвэр авч байна. Мөн ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэхээр төсөвлөсөн байна.
2025 ОНД ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛД 400 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгогдож байгаа тэтгэвэр, тэтгэмж, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ахмадуудтай санал солилцлоо.
2021 онд манай улсын нийт хүн амын 9.7 хувь нь ахмадууд байсан бол 2030 онд 11.9 хувь болж өсөж, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан.
Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр болон цэргийн тэтгэвэр авч байгаа 422.0 мянга, нийгмийн халамжийн сангаас 7.0 мянган хүн тэтгэвэр авч байна.
Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх эрхзүйн зохицуулалттай болж, 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд бүх тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байна. Үүнд 400 тэрбум төгрөг зарцуулна.
Энэ хууль хэрэгжсэнээр ахмад настны эдийн засгийн идэвхийг нь хадгалах, эрүүл мэндийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээг сайжруулж, ахмадуудын мэргэжил, туршлага, ур чадварт нь түшиглэж залуу үеийг сургах, хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна. Ахмадууд асуулт асууж, холбогдох хүмүүс хариулт өглөө.
1.Гавьяат эдийн засагч Г.Янсанжав:
Рашаан сувилалын талаар асуулт асууя.
Рашаан сувилалд явдаггүй хүнд урамшуулал өгөх үү?
Эмийн талаар хөнгөлттэй эм авдаггүй хүнд урамшуулал олгох уу?
2 Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны дарга.Совд:
Саяхан манай хамаатангийн нэг хүн хагалгаанд орох гэсэн юм. Хагалгааны үнийн зөрүүг нийгмийн даатгалын сангаас төлдөггүй хүчингүй болчихжээ. Мөнгө байхгүй болжээ үүнийг асуух гэсэн юм.
МАН олонх болсон шударга ёсыг хүсч байна.Гэвч бид нарын хөрөнгийг идсэн хулгайчууд жип унасан нөхдүүдийг харахаар зэвүү дургүй хүрээд байх юм. Жишээлбэл: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хөрөнгөөс нилээд юм хуссан Содномзундуйн Эрдэнэ гэж хүнийг Монгол даяар мэдэх байхаа.Энэ хүн ямарч хариуцлага хүлээхгүй бөгөөд Хандгайтын амыг тэр чигт нь аваад эзэн суусан байж байна. Нөгөө талаар УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга Хөвсгөл, Булган, Орхон аймгаас сонгогдсон гишүүн бөгөөд их хуралдаа суудаггүй. Өөртэй нь холбогдсон асуудал ирэхээр ирж үг хэлдэг.Саяхан өргөн, нарийн төмөр замын царигийн холболтыг ярихад энэ зүйлийг битгий яриарай өнгөрсөн асуудал гэж хэлдэг бөгөөд өөрөө хөрөнгийг идсэн нөхөр юм. Ахмадын тэтгэвэр тэглэсэн. Тэр мөнгө нь алдагдал болсон. Энэ асуудал бидэнд хамаатай асуудал. Ийм хүмүүсээс болоод бид ядуу зүдүү байгаа шүү. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны нөхдүүдийг магтахаас биш шүүмжлэх зүйл байхгүй. Энэ хэд сайн ажиллаж байгаа. Бидний тэтгэвэрийг нэмэгдүүлж өгсөн. Тэр хулгайчуудаас яаж мөнгөө салгаж авах уу?.
3.БГД 8-р хороо Нямжав
Би бол ганц хоёр санал хэлнэ. Манай улс бол дэлхий дахины хэмжээнд Ахмадын шинэ хууль гаргаад биднийг дэмжиж байгаад баяртай байгаа. Одоо энэ хуулийг хэрэгжүүлэхэд түвшинг ахиулж сайжруулахад ихэд анхаарч байгаа нь их сайн байна. Гэхдээ явц дунд нийгмийн даатгалын санд янз бүрийн муу шийдвэр гардаг үүнийг анхаарах ёстой. Тэгвэл тэтгэвэрийн зээлийг тэглэсэн, хөдөөгийн малчдын тэтгэвэрийн 50%-ыг нийгмийн даатгалын сангаас өгдөг, Тэд бидэнтэй адил хүмүүс шүү дээ. Тэднийг яагаад бидний тэтгэвэрийн сангаас даах болчихов? Ингээд нийгмийн даатгалын санд үр ашиггүй шийдвэр гарчихаад байна. Үүнийг удирдлагууд анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Ажлын амжилт хүсье.
4.БЗД 20-р хороо Дамдин
Энэ жил тэтгэвэрийг 6%-аар нэмнэ. Энэ нь бага тэтгэвэр авдаг хүн бага мөнгө, их тэтгэвэр авдаг хүн их мөнгнө авна. Инфляцитай уялдуулж нэмэх нь шударга хуулийн заалт мөн болов уу?

5.БЗД 16-р хороо ахмад хилчин С.Төмөрбаатар:
Нэг асуудлаар өөр дээрээ жишээ тавиад ярья. Би цэргийн алба хааснаар тэтгэвэрт гарсан хүн. Цэргээс өмнө 8 жил ажилласан.Хоёр жил нь ТМС-д сурсан энэ жилүүд ажилласан жилд орохгүй байна. Ингээд зургаан жилээ ажилласан жилдээ оруулж чадаагүй байна. 2010 онд зохицуулалт гарч ирсэн байгаа. Цэргээс өмнө 10 жил ажилласан бол энгийн тэтгэвэр тогтоолгож болдог. 10 жил хүрэхгүй нь тэр чигээрээ хасагддаг.Ийм хуулийг УИХ гаргасан байна лээ.Би 1999 онд тэтгэвэрт гарсан 75 настай.Социализмын үед ажилласан хүний ажилласан жилийг тэтгэвэрт оруулаагүй харин 2010 оноос хойш ажиласан хүнийг тооцдог ийм амьдралаас тасарсан хууль баталсан нь харамсалтай байна. Ганц энэ биш хариугүй хууль их гарч байна. Мөн хууль санаачилсан гишүүн мөнгө авдаг гэсэн. Би буруу сонссон байж магадгүй. Одоо хууль санаачилж мөнгө авдаг мэдлэггүй туршлагагүй УИХ-ын гишүүн их болж, хууль санаачилдаг болжээ. Над шиг хүн их цөөхөн. Цаашид энэ асуудлыг дуулгачихад илүүдэхгүй. Анхаарна биз.
6. СХД 15-р хороо Хумбаа
Сонгинохайрхан дүүргийн олон ахмадуудыг төлөөлөн энд ирсэн.Ахмадууд гадаа сууж байхдаа гомдолтой юм ярьдаг шүү дээ. Энэ нь асрамжийн газруудыг олныг байгуулмаар байгаа асуудал. Учир нь хань нь өнгөрчихөөр ганцаарддаг. Хувийн асрамжийн газрууд 80 мянга 150 мянгаар хардаг юм байна. Улсаас өндөр үнийг багасгаж тогтоож өгвөл сайн байна. Хоёрдугаарт Монголын эмнэлгүүд сайжраад хөгжиж байх шиг байна. Гэвч эмнэлэгүүд 7 хоног л хэвтүүлдэг. Социализмын үед олон хоног хэвтүүлж үр дүнтэй эмчлэгээ өгдөг байсан. Олон жил цас,бороонд, хүнд нөхцөл ажилласан хүмүүс 7 хоногт идгэрэх үү? Дээр үе уушигний хатгалаатай хүн 45 хоног хэвтүүлдэг байсан. Өвчний оношийг тогтоогоод тэрэнд нь тохируулж олон хоног хэвтүүлэх ёстой. Амралтын хоногийг нэмэх шаардлагатай байна.
7.СБД 11-р хороо Бэлтгэл оффицер Цэрэнбат
Социализмын үед ажиллаж байсан 550 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Хувь тэнцүүлсэн гээд нэмэлтээс орхигддог юм. Үүнийг дарга нарт уламжилж өгөөчээ.
8. БГД 27-р хороо Гомбо
Надад хоёр асуудал байна. Улсад 50-60 жил ажилласан ахмадууд орон сууцгүй гэр хороололд амьдарч байна. Ахмадуудыг орон сууцны зээлд хамруулж болох уу? Хоёрдугаарт олон хүүхэдтэй эхчүүдийг эрт тэтгэвэрт гаргасан. Тэр улсуудын ажилласан жил бага байдаг. Тиймээс тэтгэвэр бага нэмэгдэж байна.Энэ дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.
9.Социал Демократ Ахмадын Холбооны хяналтын зөвлөлийн гишүүн Зоригт:
Социал Демократ Ахмадын Холбооны 8-р чуулганд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд 2023 оны Засгийн газрын 238-р тогтоолын 3-р заалтыг хүчингүй болгох талаар ярьсан. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ? Энэ 2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэрийг нэг сая 400 мянгаар хязгаарлаад өгсөн байна. Үнийг 2025 оны 1-р сарын 1-нээс өгөх уу? 70,80,90 настай хүмүүст өгөөд гомдлыг тасалвал ямар вэ?
Хоёр дахь асуудал тэтгэвэр өвлөгдөх байгаа. Энд цэргийн нөхдүүдийнхийг болиулсан гэж байгаа. Батлан хамгаалах яам саналаа өгөх байх. Цэргийн нэгдсэн холбоо ярьж байгаа байх. Энэ асуудлыг анхаарч өгөөчээ.Цэргийнхэн нэг мэдэхэд алга болчихоод байгаа. Даатгалыг нь төлүүлээд гарц гаргаж болох уу? Үүнийг анхаарч үзээч. Дараагийн асуудал тэтгэвэрийн зээлийн асуудал 70|30 гэж байгаа. Үүнийг ахмадууд санал болгож 100 % болгож аваад байгаа шүү дээ. Сайд энэ асуудлаар нилээд ярьж байна лээ. Тэтгэвэрийн зээлийн хүүгийг багасгаж өгөхөөр яриачээ. УИХ-ын гишүүн 13% гэж ярьж байсан билүү.
10. БЗД 3-р хороо СДАХ-ны тэргүүлэгч В.Бат-Эрдэнэ
За би бол 2-3 санал хэлье.
Нэгдүгээрт. Хөдөлмөрийн нас гэж байна. Хөдөлмөрийн хуулинд ийм заалт яг байна уу үгүй юу? Ер нь ахмадууд хоёр дахь амьдралаа эхлэж байгаа гэж хэлж болно. Тийм учраас хөдөлмөрийн наснаас дээш гэж гэж эмэгтэй 55 наснаас дээш, эрэгтэй 60 наснаас дээш гэж ойлгож болохгүй шүү. Энэ бол тэтгэвэрт гарах болзолт нас байгаа юм. Энэ бол хөгжилттэй орнуудад ч байгаа. Тэгэхээр 70, 80 хүртлээ ажиллаж болно. Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч хэдэн настай хүмүүс ажил хийж байгаа билээ. Одоо манайхан 40-50 нас гарсан хүмүүсээ ямар нэгэн шалтгаанаар тэтгэвэрийн насанд хөөж гаргах гээд байгаа бодлого байна уу? Шинэ хуулиаараа тухайн байгуулга нийт ажиллагчдийнхаа 2%- даа ахмадуудыг ажиллуулна гэсэн ийм зүйл яриад байгаа. Энэ бол буруу байна. Аж ахуйн нэгжийн байгууллагад 10%-оос доошгүйг ахмадуудыг ажиллуулах ёстой. Ер нь манай нам бол Социал Демократ Нам шүү. Ер нь бол ахмад, дунд залуучуудын алтан хэлхээ гэж намынхаа бүх зүйл дээр ярьдаг шүү дээ. Энэ бол ер нь буруу тал руу орж ирж байна шүү. Үүнийг сайн бодоорой гэж хэлэх байна. Одоо хөдөлмөрийн нас гэж байхгүй шүү. Яг яс юман дээрээ “Үндсэн хууль” яриад заргалдах юм бол ахмадуудыг насны хувьд хязгаарлах хөдөлмөрлөх эрхийг боож хаах ийм асуудлыг ярьж болохгүй. Иймд асуудалд болгоомжтой хандах шаардлагатай гэж бодож байна.
Хоёрдугаарт “Баялагийн сан”-гийн тухай ярьмаар байна. Бид баялагийн санг мэдэж байгаа 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд баялагтаа эзэн болно гэсэн хөтөлбөрийн дагуу манай ахмадууд маш сайн сонгуульдаа ажиллаж байж өөрийн намын ерөнхийлөгчөө хамгийн өндөр хувиар гаргасан шүү. 67,7% байх гэж санаж байна.Тэгэхээр нэг асуудал байна. Сүүлчийн байдлыг хараад байхад 500 тэрбумыг ипотекийн зээл рүү тэр дундаа залуучуудад анх удаа байр авах асуудалд, орон сууц авах гэж байгаад зориулж байна гэсэн зүйлийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгаалал яамны сайд яриад байгаа. Энэ асуудалд анхааралтай хандах ёстой шүү. Яагаад гэвэл гурван асуудлаар томьёолсон байдаг.Баялагтаа эзэн болох “Баялагийн тухай” хуульд нэгдүгээрт тухайн иргэн өөрийнхөө тэр хуримтлалын санд бий болж байгаа зүйлийг эрүүл мэнд, боловсрол, гуравдугаарт орон сууц гэж байгаа.Тэгэхээр эрүүл мэндгүй, боловсролгүй бол орон сууцны асуудал яригдахгүй ээ. Хоёрдугаарт энэ бол ил тод таны нэрийн дансанд хэдэн төгрөг байна вэ? Тэр бол ил тод харагдана гэж томьёолсон асуудал. Тэр нь байхгүй байна. Ахмадууд бол нэмэлт орлого олохыг хүсдэг хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр нь энэ хуримтлалын асуудлыг хамт оруулж ирж ярьдаг. Үүнтэй холбогдуулаад баялагийн эзэн нь бид нар мөн үү бишүү гэж яригдаж эхэлж байна. Тийм учраас энэ хуулийг сайн харж шийдвэр гаргах ёстой гэж хэлмээр байна.
11. БЗД 33-р хороо Д. Цогзолмаа.
Нэгдүгээр асуудал уул уурхайд ажилладаг олон мянган залуучууд байдаг. Ажиллаж байгаад нас барах тохиолдол байдаг. Тэгэхээр 5 жил ажиллаад НДШ-д хэдийг өгдөгийг хууль баталж байгаа хүмүүс мэднэ. Гэтэл ар гэрт нь юу ч олддогүйг та нар мэднэ. Олдлоо гэхэд оршуулгын зардал арай гэж хөөцөлдөж олж авахад 2 сая төгрөг өгдөг юм байна лээ. Хөөцөлдөж явж байж нэг юм авдаг. Бусдаар нийгмийн даатгалд өөр асуудал яригддагүй юм. Хоёрдугаарт: 1990-ээд онд миний ээжийг тэтгэвэрт хүчээр гар гэж тэтгэвэрт гаргачихаад одоо тэтгэвэр нэмлээ гэхэд миний ээжид ямар ч мөнгө нэмэгддэггүй юм. Тэгээд зорилтод бүлэгт ийм юм өгнө, тийм юм өгнө гээд нэг их сайхан юм ярина.Нийгмийн даатгалын хэлтэсээс, халамжаас ажилтнууд ирж бүгд л сайхан юм ярина. Гэтэл тэр зүйл чинь эзэндээ хүрдэггүй. Энэ нь хууль баталдаг гишүүд та нартаа юм уу? Дунд шатандаа байгаа юм уу? Төгсгөлийн шатандаа байгаа юм уу? Би нөхрийнхөө төлөө энэ асуудлаар 3 жил явлаа. Манай нөхөр дэд хурандаа цолтой тэтгэвэр гарах байсан. Тэгсэн чинь 1991 оноос цолоо авч чадаагүй эрүүл мэндийн шалтгаанаар ахмад цолтой халагдсан хүн. Ингээд хувь тэнцүүлэхээр тэтгэвэр тогтооно гээд 9 жил 6 сар болгосон. 1995-1997 оны хоорондох архив олддоггүй юм байна. Олдохгүйн улмаас би нөхрийнхөө төлөө чармайж зүтгэсээр байгаад сүүлийнх нь 3 жилийнх нь мөнгийг төлж байгаад тэтгэвэрт гаргая гээд тус газар дээр очсон чинь наад хуулин дээр чинь түүнийг хасаагүй байна лээ. Яагаад хасаагүй юм бэ? 2013 онд хувь тэнцүүлэхээр тэтгэвэрт гарах хүн 65 настай тэтгэвэрт гарнаа гээд заасан болохоор миний нөхөр суугаа мөртлөө тэтгэвэрт гардаггүй халамжийн хэдэн төгрөг авдаг.Зорилтод бүлгийн түлээ нүүрс нь хайчсан бэ?. Тэр хүлэмж бариад тэгээд ингээд амьдар гэсэн олгох ёстой хөнгөлөлт чинь хаана байна? Энэ асуудлыг хэн шийдвэрлэдэг вэ? Хэн олгох үүрэгтэй юм бэ? Эрх мэдэл нь хэнд байдаг вэ? Би асуултынхаа хариултыг албан бичгээр хүлээж авна. Одоо амаар чинь хүлээж авчихаад хариуг яг хариуцсан сайдаас албан бичгээр хүлээж авна. Дахиад намайг ярихад мэдэхгүй гэх асуудлыг би сонсохгүй. Албан бичгээр авч хариу авч байж ярина. Баярлалаа.

12.Сонгино Хайрхан Дүүргийн Ахмадын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн
Д. Энхээ:
Би өөрийн амьдралд тохиолдсон, өрөөлийн амьдралыг ч яримаар байна. Миний өвгөн нодлин жилийн өдийд өнгөрсөн. Би 49 жил хамт амьдарсан.Тэтгэвэр өвлөгдөхөд тэдэн жил амьдарсан, тэдэн хүүхэд өсгөсөн гэж орох уу? Нөхрөө алддсан надад зорилтод бүлгийн түлээ түлш олдох уу? Хэсгийн ахлагч нар ажлаа сайн хиймээр байна.Та нарын өгч буй халамж эзэндээ очихгүй байна.Хүнсний толаныг хүнд хүн авахгүй, гэр бүлтэй боломжийн айл авч байна. Үүнийг анхаарах ёстой. Би 5 хүүхдийн ээж үсчин хүн. 15 жилийн ажлыг 3 жил хагаст хийж байсан. Улсын хэмжээний 39 дэх мастер үсчин. Хөдөлмөр хийхдээ явуулаар явж үс засаж байсан. Социализмийн үед хортой нөхцөл гээд үсчин хүнд хими хийдэг гээд 500гр сүү өгдөг байсан. Намайг тэтгэвэрт гаргасан чинь хоргүй гээд гаргасан. Энэ ямар учиртай вэ? Хортой нөхцөл тооцдоггүй юм уу?
13.СБД 8-р хороо Гадийдаваабазар
Би тэтгэвэртээ гарсан хүн. Та нар нийгмийн даатгалын хуулийг батлаад өглөө. Анх 1994 оны 7 сард хууль батлагдсан байх.45 %, 1.5 жил гэсэн хоёр заалт байна. Би энэ зүйлээс илүүг хүртэхгүй юм байна. Тэр үед цэргийнх 60%, Энгийнх 45% энэ заалтыг өөрчлөж чадахгүй өдий хүрлээ. Дээр нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үе үеийн дарга нар идээд дуусгасан байна. Одоо “Үндэсний зөвлөл”-ийн дарга нар дандаа яамны сайдууд байдаг. Хөрөнгийг буруу банкинд байршуулаад алдчихдаг.Энэ даатгалын тогтолцоо бол зөв явсан бол ингэж алдагдалд орохгүй байсан.Юмны үнэ нэмэгдэж байна. Хэрэглэгчийн төлөө газар ажиллахгүй байна.Энэ байгуулагыг засаг даргын мэдэлд өгье.
14.Баянгол дүүрэг 15-р хороо Дорж
Хол гадаадад байгаа хүүхдүүдийн сайн дурын даатгалыг 23 жил төлсөн. Цааш нь төлөөд явах уу? Өндөр төлсөн 5 жил нь хэвээрээ байгаа юу? Гадаадад амьдарч буй хүүхдүүд хоёр улсын тэтгэвэрт зэрэг хамрагдах уу? Ямар улс хамрагдаж байна?
15 Баянгол дүүрэг 14 дүүрэг Отгон:
Нэгдүгээрт: Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамныханаас асууя. Одоо С.Эрдэнэгийн үед ажиллаж байсан хүн байна уу? Нийгмийн даатгалын сангийн мөнгө улайсан гэж дуулсан. Арилжааны банк эзэнтэй, яам эзэнтэй тэр мөнгө хаана явна вэ? Хуримталын мөнгийг Б.Ундармаа, С.Эрдэнээ хоёр идээд дууссан. С.Эрдэнэ амьд битгий хэл, үхсэн хүний мөнгө идсэн гэж ярьдаг .Маргааш элчин сайдаар явна гээд сууж байна. Элчин сайд болох мөнгөө төлсөн гээд байх юм. Та нар ямар арга хэмжээ авсан бэ?
Хоёрдугаарт: Нүдний шил 20.0 мянган төгрөг, шүд захиалахад нэг сая дөрвөн зуун мянган төгрөг байгаа нь үнэн үү? .

16.БГД 3-р хороонд түр оршин суугч Очирын Бадамсэд:
Одоо Хөвсгөл аймаг Цагаан –Үүр суманд тэтгэвэрт гараад очоод хувиараа хөдөлмөр эрхлэсэн. 2001 онд Төмөр замаас тэтгэвэрт гарсан.6-7 жил хотод өөр ажил хийгээд 68 насандаа хөдөө төрсөн нутагтаа очсон.15 жил хувиар хөдөлмөр эрхэллээ. Ингэж ажилласан хүнийг төр засаг яаж дэмжих вэ? Л.Энх-Амгалан сайдтай уулзуулж өгөөч?