Монгол улсын эрчим хүчний салбарын реформийн талаар МАН-ын ахмад гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
- 2024-11-27
- Н.Анхбаяр
- 101
Монгол улсын эрчим хүчний салбарын реформийн талаар МАН-ын ахмад гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уулзалтыг МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нээж тус уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н. Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун нарыг танилцууллаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн “Эрчим хүчний реформ,хуулиудын шинэчлэлт” сэдвээр ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг илтгэл тавилаа. М.Энхцэцэг илтгэлдээ: Шинээр хэрэгжүүлэх мега 14 төсөлд орсон Таван толгойн 450МБт дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90МБт усан цахилгаан станц, Эгийн голын 310МБт усан цахилгаан станц,Сэрггэгдэх эрчим хүч ба тархмал эх үүсгэвэр, Монгол Францын хамтарсан уран, атомын цахилгаан станцын төслүүдийн талаар, мөн дотоодын цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, Цахилгаан дамжуулах сүлжээ,Дулааны станц, Усан цахилгаан станц, Батерей зэрэг хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан үнэ тарифийг шинэчлэх, эрчим хүчний реформ,хуулийн шинэчлэлт, нэгдсэн сүлжээний дүрэм, эрчим хүчний хэмнэлтийн талаарх бодлогын баримт бичгийг боловсруулж хуулиудад өөрчлөлт хийх зэрэг ажлын хэсгийнхээ талаар онцоллоо.Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н. Тавинбэх эрчим хүчний салбарын хийж хэрэгжүүлж буй ажлын тайлангийн талаар дурдаж зайлшгүй үнэ тарифийг шинэчлэх ингэхдээ цахилгаан хэрэглэгчдийг хохироохгүй үе шаттай тооцоо судалгаатай шаталсан хэлбэрээр үнийн асуудлыг шийдэх, гэхдээ дулааны үнийн асуудлыг энэ онд шийдэхгүй ирэх жил хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Дараа нь Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун цахилгааны үнэ, тариф эрчим хүчний системийн алдагдал, өр зээлийг яаж барагдуулах талаар тайлбар өглөө. Уулзалтын төгсгөлд ахмад гишүүдийн төлөөлөл цахилгааны үнэ тарифийн талаар санал бодлоо хуваалцаж асуултандаа ирсэн зочдоос хариулт авлаа. Уулзалтыг МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо хааж намын ахмад гишүүд дэмжигчиддээ талархал илэрхийллээ.