МАН-ЫН ДЭРГЭДЭХ СОЦИАЛ ДЕМОКРАТ АХМАДЫН ХОЛБООНЫ VIII ЧУУЛГАНЫ ТОЙМ

  • 2024-09-19
  • Н.Анхбаяр
  • 126


МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны VIII чуулган 2024 оны 9-р сарын 11-13-ны өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Монгол- Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар” төмөр замын харьяа Баянбуурал амралтын цогцолборт болж өнгөрлөө. Энэхүү чуулганд 21 аймаг, 9 дүүргийн 181 мандаттай төлөөлөгчид, урилгаар 19 төлөөлөгч оролцож чуулган амжилттай болж өнгөрлөө. Энэ чуулганаар МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Н. Энхболд “МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос зохиож байгаа ажил, цаашид тавих зорилт” тайлан илтгэл, “Мандатын комиссын илтгэл”, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны хяналтын албаны тайланг Хяналтын албаны дарга Ш.Чунаг нар тавьлаа. Дараа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я. Содбаатар нийт чуулганы төлөөлөгчдөд баяр хүргэж, мэндчилэн 2024 оны УИХ-ын сонгуулийн дүн, шинэ хамтарсан засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж, ахмад төлөөлөгчдийн асуултад хариулт өглөө. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх үеэр Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ирж оролцон “Шинэ сэргэлтийн бодлого”,Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар илтгэл тавьж төлөөлөгчидтэй халуун яриа өрнүүлэн, тус холбооны тэргүүнээр Б.Гомбын нэрийг дэвшүүлэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонголоо. Шинээр сонгогдсон тэргүүн тус холбооны тэргүүлэгчид, хяналтын албаны гишүүдийн нэрсийг уншиж танилцуулахад, нийт чуулганы төлөөлөгчид санал нэгтэйгээр 100 хувиар сонгосны дараа тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад Т.Гантөмөрийн нэрийг дэвшүүлж намтарыг танилцуулахад шинээр сонгогдсон тэргүүлэгчид бүгд санал нэгтэйгээр 100 хувийн саналаар сонголоо. Энэ үйл ажиллагааны дараагаар чуулганаас гарах тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Чуулганы үйл ажиллагааны дараа оройн цэнгүүнд “Айзам хамтлаг” ая дуугаа өргөж, чуулганы төлөөлөгчид сайхан бүжиглэж, сэтгэл хангалуун VIII чуулганаа өндөрлүүллээ.