ТӨВ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ СОЦИАЛ ДЕМОКРАТ АХМАДЫН ХОЛБООНЫ МЭНДЧИЛГЭЭ, ТАНИЛЦУУЛГА
- 2024-05-01
- Н.Анхбаяр
- 88
2024.04.20 Зуунмод сум
Төв аймагт Монгол Ардын намын хороо байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэж байгаа Төв аймгийн нийт иргэд Монгол ардын Намын 12,000 гаруй гишүүд, 4000 гаруй Социал Демократ Ахмад холбооны гишүүдийн нэрийн өмнөөс энэ өдрийн мэнд дэвшүүлье !
Журмын нөхөд өө!
“Ирээдүйгээ төлөвлөхийн тулд өнгөрснийг заавал судлах ёстой” гэдэг гайхамшигтай сургаал байдаг.
Тухайн үеийн Монголын нийгмийн эрэлт, хэрэгцээ, шаардлагаар МАН-ын дэргэд ахмадын холбоо байгуулах анхны чуулган 1999 оны 11 дүгээр сарын 29 ний өдөр 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй намын төв байранд хуралдаж байгуулсан түүхтэй.
Үүнээс үндэслэн Төв аймгийн МАН-ын дэргэд Ахмадын холбоо байгуулахад Бүрэн сум, нэгдлийн даргаар олон жил ажилласан Г.Батмөнх, алдарт хоньчин Б.Ажваа, П.Базаррагчаа, Саальчин П.Оюун, механикжуулагч Ч.Шаравдорж, М.Бачираа, Ч.Дугарсүрэн, О.Галт, Ч.Чунаг, Ч.Пагма нарын хөдөлмөрийн баатрууд, М.Самдан, Б.Алтангэрэл, Д.Сэмхээ, Т.Гаваа, Л.Хад, Лхагважав, Дамдинсүрэн нарын гавьяатууд тэргүүтэй 1600 гаруй гишүүд бүртгэгдсэн байдаг.
Энэ холбооны анхны даргаар олон жил хот, сумын намын байгууллагыг удирдан ажилласан “Сүхбаатарын одонт” Жанцангийн Цэрэндорж дараа нь Төв аймгийн намын хорооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан МУ-ын малын гавьяат эмч Маналын Самдан, МУ-ын шинэ үндсэн хууль батлалцсан намын анхан шатны байгууллагын ахмад дарга Сансрайн Пүрэвсүрэн, 2013-2018 онд төр захиргааны ахмад ажилтан МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн шагналт зохиолч Шагдарсүрэнгийн Цэрэндоо нар ажиллаж байжээ. Эдгээр чадварлаг удирдагч, дарга нартаа намын дэргэдэх Эмэгтэйчүүд, Залуучууд, Оюутны холбоо болон та бүхний нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлье !
Төв аймгийн МАН-ын дэргэдэх ахмадын холбоо байгуулагдсан цагаасаа хойш нийт 7 удаа дээд чуулганаа хийж, зохион байгуулалт, холбооны дүрэм, журам, үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж иржээ.
Одоо сум бүрд ажилладаг намын дэргэдэх Социал Демократ ахмадын холбооны дарга нар, сумынхаа МАН-ын хорооны Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж, намын бодлого боловсруулах, шийдвэр гаргахад идэвхтэй оролцож байна.
Аймгийн МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо байгуулагдсан цагаасаа УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгуулиудад ялалт байгуулах, уг ажилд намынхаа гишүүдийн оролцоо манлайллыг хангаж, дэмжигчид, нийгмийн бүлгүүдийн хандлага үйл ажиллагааг, өөрийн намаас нэр дэвшигчийг дэмжихэд хандуулан ухуулга сурталчилгаа явуулж, сонгуульд иргэн бүрийг оролцуулах, сонгуулийн хууль, хууль журмыг ягштал баримтлахад онцгой анхаарч ажиллаж ирсэн. Үүний үр дүн нь тоо баримтаар нарийн гарсан байдаг бөгөөд зөвхөн “Ялалт-Ялалт” гэсэн үзүүлэлт гардаг гэдгийг та нөхдөдөө дуулгахад таатай байна.
Намын гол ажил нь гишүүдтэйгээ уулзахад л байдаг, Төв аймгийн МАН-ын хороо түүний дэргэдэх төрийн бус байгууллагуудтай хамтран Жил бүр “Ард түмнээ сонсъё” “Бид хамтдаа”, “Хүчээ нэгтгэе” “Налгар намар” зэрэг аяны хүрээнд жил бүр 900-1100 ахмад гишүүдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсож, тодорхой уулзалт ярилцлагыг зохион байгуулж ирлээ. Дээрх тооны ахмад гишүүдтэй уулзахын зэрэгцээ тэднээс 1,5 дахин олон идэр, залуу насны гишүүд дэмжигчид өөрсдийн хүсэлтээр намын дэргэдэх ахмадын холбооны дарга, тэргүүлэгчидтэй уулзаж цаг үе, орон нутгийн ажил амьдралтай холбоотой асуудлыг ярьж, шийдвэрлүүлэх асуудлыг тавьж байлаа.
Энэ нь бидэнд намын дэргэдэх болон бусад төрийн бус байгууллагуудтай илүү нягт хамтран ажиллах шаардлага байгааг харуулж байна.
Одоо манай Социол Демократ Ахмадын Холбооны Тэргүүлэгчээр Д.Галбадрах, Х.Цэрэнлхам, Д.Ренчиндорж, С.Очирбат, Г.Чогдонхорлоо, Д.Долгорсүрэн, С.Шагшаа нар Даргаар миний бие Б.Нацагням ажиллаж байна.
Төв аймгийн 27 сумын Монгол Ардын намын хорооны 106 үүрт, 4182 ахмад гишүүн буюу нийт гишүүдийн 35% харьяалагдаж байна.
Бид өнөөдөр нэг аймаг бус Бүсчилсэн асуудлыг хөндөж бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр УИХ-ын ээлжит сонгуульд оролцоно.
Ийм хариуцлагатай цаг үед намаа дэмжин туслах, орчин тойрон, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, намын журмын нөхдөдөө намын бодлого, шийдвэрийг зөв талаас нь ярьж, танилцуулж, тайлбарлаж ямар ч нөхцөлд намаа өмгөөлөн хамгаалах нь гишүүн бидний дүрмээр хүлээсэн үүрэг, намдаа оруулж байгаа том хувь нэмэр гэж ойлгож ажиллахыг уриалж байна.
Журмын нөхөд өө !
Монгол Улс, Бүс нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ирэх сонгуульд “үнэмлэхүй” ялалт байгуулахын төлөө хамтдаа хүчээ нэгтгэн ажиллацгаая !
Анхаарал тавьсанд баярлалаа!
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай !