МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүлэгч Ч. Даваадаш Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” номыг Монгол хэлнээ орчуулан хэвлүүлжээ.
- 2024-04-24
- Н.Анхбаяр
- 155
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүлэгч Ч.Даваадаш Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” номыг монгол хэлнээ орчуулан хэвлүүлжээ. Номын нээлт энэ сарын 26 буюу ирэх баасан гарагийн 11:30 цагаас “Интерном” номын дэлгүүрт болно. Тэрбээр шинэ номоо зөвхөн нээлтийн үеэр 50 хувь хямдруулна. Мөн “Иммануил Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” номын тухай” гэсэн 20 нүүр товхимлыг нээлтэд ирсэн хүмүүст үнэгүй тараахаар хэвлүүлжээ.
Ч.Даваадаш гуай 2021 онд Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” бүтээлийг 3 ботиор орчуулан хэвлүүлсэн бол энэ удаад И.Кантыг орчуулснаар монголчууд дэлхийн гүн сэтгэлгээний ноён оргилуудын бүтээлийг эх хэлээрээ унших боломжтой болж байна. Нөгөө талаар агуу Гегель, Кантын бүтээлүүдийг эх хэлнээ орчуулсан ард түмэн гэж дэлхийд хүндлэгдэх эрхтэй болж байна.
Далан насандаа 2 том философичийн агуу бүтээлийг барьж авч, 7 жил суун ард нь гарсан бүтээлч хөдөлмөрч чанарыг бахархахаас аргагүй. Ч.Даваадаш гүн ухааны эдгээр хүнд зохиолуудыг эх хэлнээ буулгахдаа зохиогчдын үндсэн санааг бүрэн тод гаргахын тулд орос, англи, герман хэлээрх хэвлэлтүүдийг харьцуулж, зарим нэр томъёог шинээр оноож, бүхэл бүтэн институт хүрээлэнгийн хийвэл зохих ажлыг ганцаараа бярдан хийж, ард нь гарчээ. Түүний хэл найруулга, бичих ур чадварын тухайд өөлөх үггүйг номын хорхойтнууд хэлүүлэлтгүй мэднэ.