САНСАР ОГТОРГУЙ гэрэл зургийн үзэсгэлэн

  • 2024-03-19
  • Н.Анхбаяр
  • 140

2024 оны 3-р сарын 18-нд Дэвшилтэт Социал Демократ Клуб санаачилгаараа МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоотой хамтарч 03.18-Монгол цэргийн баярын өдөр, 03.22-Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөрт зориулан “САНСАР ОГТОРГУЙ” гэрэл зургийн үзэсгэлэнг ТТО-ны 1 давхрын үзэсгэлэнгийн хэсэгт нээлээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ санаа-Иннова ерөнхий боловсролын дунд сургуулийн 8-р ангийн сурагч Э.Ихэрбилэг нь сансар огторгуйн гайхамшгийг тольдон, эрэлхийлэгч бөгөөд 6-р ангиасаа одон орон сонирхон судлаж, Celestron 90 eq дуранг гар утастай холбон од, сар, галактикийн зургийг хальснаа буулгаж эхэлсэн байна.
Э.Ихэрбилэг 2023 онд Өвөрхангай, Архангай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудаар аялж, хязгааргүй уудам огторгуй дахь сар, од, галактикийн тухай ажиглалт, судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд олон гайхамшигт хувирал үзэгдлийг нээн, од эрхсийн зургийг буулгах дадлага туршлага хуримтлуулсаар байна. Нар жаргасан хойно од, эрхсийг дурандан үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдээ буулгажээ.
Уг үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гомбо, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүлэгч БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар сансарын нисгэгч Ж. Гүррагчаа оролцож үг хэлсэн бөгөөд уг арга хэмжээнд Монголын Хүүхдийн ордны найрал дуучин хүүхдүүд УГЗ Р. Энхбазарын “Сансарын нисгэгчийн угталт”-ын дууг дуулж сонирхууллаа.