Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойд
- 2024-02-02
- Н.Анхбаяр
- 209
Дамдины Сүхбаатарын бага, нас
МАН, ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжин, монголын ард түмний гарамгай хүү Дамдины Сүхбаатар 1893 оны 2-р сарын 2-нд тэр үеийн Маймаа (одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, 16 насандаа Их Хүрээний дөрвөн босго буюу Нийслэл Хүрээ-Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн өртөөнд ээлжлэн улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу зүдүү амьдралд тусалдаг байв. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Иймээс Д.Сүхбаатар бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С. Жамъянд шавь оруулан Монгол бичиг, тоо заалгуулсан байна. Манж хэлний багш нь Гүррагчаа хэмээх хүн байжээ.
Дамдины Сүхбаатарын идэр нас, цэргийн албанд
МАН, ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжин,
Д.Сүхбаатар 19 настайдаа 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга нар бэлтгэх сургуульд амжилттай суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын даргыг салаан даргатай хавсран хаших болжээ. Д. Сүхбаатарт орчин үеийн цэргийн тактикаар хэрхэн байлдах, пулемёт буугаар хэрхэн буудах зэрэг цэргийн эрдмийг тэр үед Хужирбулангийн цэргийн сургуульд сургагч багшаар ажиллаж байсан хаант Орос улсын цэргийн офицер, монголчуудын дунд “сахалт” хэмээн алдаршсан Васильев гэдэг хүн сайтар зааж сургасан ажээ.
1912-1919 онд Богд хаант Монгол улсад цэргийн алба хааж эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө амь өрссөн амаргүй тэмцэлд гарамгай гавьяа байгуулж явсны учир Богд хааны зарилгаар:
-1912 онд Хужирбулангийн цэргийн дарга нар бэлтгэх сургуулийг онц ялгаран суралцсанд Д. Сүхбаатарт тавдугаар зэргийн цагаан шилэн жинс, тогосын отго шагнажээ.
-1915 оны 6-р сарын 3-нд “Олон цэргийг заан сургах нь сайн бөгөөд цэргийн албанд ер осолдсон, омгойтсон зүйлгүй, ямагт үнэнч шударгаар чармайн зүтгэх нь олноос онц сайшаалтай учир” дөрөвдүгээр зэргээр хөхүүлэн шагнажээ.
-1917 оны 12-рсарын 9-нд Монголын тусгаар тогтнолыг хамгаалж, Баргын нутагт Хятадын хар цэрэгтэй амжилттай байлдсан, гарамгай гавьяа байгуулсан, Зүүн хязгаарт цөмөрсөн “ зах хязгаарын харгис дайсан хулгайч нар лугаа удаа дараа баатарлаг байлдаж газар орныг ариутган цэвэрлэхэд хүчин зүтгэсэн” тул гутгаар зэргээр шагнажээ. Бавуужавын эсрэг дайнд тодрон гавъяа байгуулж Сүх гэдэг нэрнийхээ ард “баатар” хэмээх нэрийг нэмж зүүжээ.
-1919 оны 12-р сарын 8-нд Хууль шаштир хэвлэх газарт сайн ажилласан зарим лам, ардыг хөхүүлэн шагнахад Д. Сүхбаатарыг дэд зэргээр хөхүүлэн шагнаж байжээ.
Д.Сүхбаатар олон хошуу нутгаас дайчлагдан ирсэн ядуу залуусын хамт цэргийн алба хааж байхдаа гадаадын булаан эзлэгчдийн дарлал доромжлолыг үл зөвшөөрч, тэрхүү зовлон зүдгүүрээс улс орноо хэрхэн ангижруулах арга замыг сүвэгчлэн эрэх болжээ. Д. Сүхбаатарын үзэл бодолд нийслэл Хүрээнд ажиллаж байсан монголын тэргүүний сэхээтэн Солийн Данзан, Догсомын Бодоо болон нийслэл Хүрээний орос хэвлэлийн газар ажиллаж байсан М. И. Кучеренко, Я. В. Гембаржевский нарын зэрэг оросын хувьсгалчид их нөлөө үзүүлж тэдэнтэй нягт холбоо тогтоон ажиллах болжээ.
Д.Сүхбаатар 1918 оноос эхлэн Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажилснаар тус орны гадаад дотоод байдал, засаг төрийн бодлоготой нэлээд тодорхой танилцах бололцоотой болжээ. Орос оронд болсон октябрийн хувьсгалын үзэл санаагаар зоригжсон ард ангийн тэргүүний хүмүүс улс орныхоо тусгаар тогтнолыг хятадын түрэмгийлэн эзлэгчдээс хамгаалахын тулд өөрсдийн хүчийг хамтатган, нэгэн байгууллагад нэгдэхийн чухлыг ойлгож зорилго нэгт хань нөхдөө эрэлхийлж байжээ.
1919 оны 7-р сард нийслэл Хүрээг хятадын гамин цэрэг түрэмгийлэн эзэлж Богд хаант монгол төрийг устгаж монгол цэргийн зэвсгийг хурааж Богд хааныг гэрийн хорионд оруулж улс орны байдал хүнд хэцүү болов. Тэр үеийн монголын төрийн зүтгэлтнүүд, лам хувраг, ард иргэд хятадын гамин цэргийн түрэмгийлэлд ихэд дургуйцэж тусгаар тогтносон Монгол улсаа дахин сэргээх арга замыг эрэлхийлж байв.
Үүний илрэл нь Нийслэл хүрээнд Бодоо, Данзан нарын анх байгуулсан Хүрээний ба Консулын гэсэн эх оронч хоёр нууц бүлэг үүссэн явдал байв. Д. Сүхбаатар эх оронч нууц бүлгийг санаачлан байгуулагчдын нэг байв. 1920 оны 6 дугаар сарын 25-нд хоёр бүлгийн хамтарсан хурал болж, тус хоёр бүлгийг нэг байгууллага болгон нэгтгэж “Монгол Ардын Нам” гэж нэрлэхээр тогтжээ. Энэ хурал дээр Д. Сүхбаатар хэлэхдээ:
„Манай намын нөхөд эв санаа нэгтэй, сахилга бат сайтай, нийтийн төлөө үнэнчээр зүтгэхдээ амь бие үл хайхрах, өөрсдийн нууцыг бусдад задруулахгүй гэж нэг намд багтсан нэгэн тангаргатан болох бидэнд хатуугаар сахиж явах нэг тангараг заавал байх хэрэгтэй“
1920 оны хавар Д.Сүхбаатар хэдийгээр эцэг нь хүнд өвчтэй байсан боловч арга буюу орхин гэр орноо зарж хөл залгах унаа бэлдээд ард түмний их хэргийн төлөө Зөвлөлт Орос улсын зүг зорьжээ. Ийнхүү явахынхаа өмнө тэмцэл, үйл ажиллагааныхаа гол шугамыг тодорхойлж өөрийн эцэгт
„Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн“
гэж хэлж байв. Хятадын гамин цэргүүд монгол-оросын хилийг чандлан сэргийлж байснаас болж Д. Сүхбаатар энэ удаа хил нэвтэрч амжаагүй бөгөөд харин 1920 оны зун хоёр дахь удаагийн явалтаар зорилгоо биелүүлж чадсан юм. Тэд Эрхүү хотноо Коминтерний Дорно Дахины нарийн бичгийн дарга нарын газрын удирдах ажилтан нартай удаа дараа учирч Монгол Ардын Намын нэрийн өмнөөс Зөвлөлт орос улсын засгийн газарт хандан тусламж гуйх тухай бичиг үйлдэж түүндээ хувьсгалт байгууллагаас нэн даруй гүйцэтгэх чухал асуудлыг тодорхойлон бичжээ. Зөвлөлт Орос улсад очсон ардын намын Данзан, Лосол, Чагдаржав нар Омскоор дамжин Москва хот орж тэнд Зөвлөлт Оросын ГЯЯ-ны сайд Георгий Чичеринтэй уулзжээ. Харин Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нар бэлтгэл ажлаа хангах зорилгоор Эрхүү хотод үлджээ. Ардын намынхан Орос улсад очоод улс орноо хятадын цэргээс чөлөөлөхийн тулд зэвсэг гуйж оронд нь зөвлөлт засгийг улс орондоо тогтоох тохиролцоо хийсэн гэдэг.
1921 оны 2-р сарын 24-ний өдөр хаант Орос цэргийн жанжин, азийн морин дивизийн командлагч, хошууч генерал Барон Унгерн фон Штернберг гамин цэргээс монголыг чөлөөлөх зорилгоор дүн өвлийн хүйтэн цагт нийслэл Хүрээ рүү довтолж, арван мянган хятад цэргийн эсрэг мянга хүрэхгүй цөөн цэрэгтэйгээр зоригтой тулалдаж Богд хааныг гамин цэргийн гэрийн хорионоос чөлөөлж нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлөв. Богд хааныг дахин хаан ширээнд залж Монгол улс дахин тусгаар тогтнолоо сэргээв. Барон Унгерн удалгүй өмнө зүг довтолж Чойрт байрлаж байсан гамин цэргийг ялж 1921 оны дөрөвдүгээр сар гэхэд монголын нутгийг хятадын гамин цэргээс бүрэн чөлөөлөв. Харин нийслэл Хүрээнээс Барон Унгерний цэрэгт ялагдаж зугтаасан гамин цэрэг Оросын нутгаар дамжиж зугтаахаар хойд зүгт явж Хиагт хотод бүгсэн байлаа. Энэ үед Д. Сүхбаатар монголын дотоод дахь бодит байдлыг мэдэж, ард түмнийг дарлал зовлонгоос бүрэн ангижруулах их хэргийг эхлэх цаг нэгэнт болсон гэж үзээд намын анхдугаар их хурлыг яаралтай хуралдуулж, монголын ард түмний хувьсгалт тэмцлийг зохион байгуулж удирдах улс төрийн дайчин байгууллага МАХН-ыг жинхэнэ ёсоор байгуулах бүх бэлтгэл ажлыг шууд гардан удирдсан юм.
Д.Сүхбаатар намын бодлогыг олон түмэнд таниулах, ухуулах хуудас болон намын анхны дайчин хэвлэл “Монголын үнэн” сониныг хилийн чандад хэвлүүлэн монгол нутагт нууцаар нэвтрүүлэх, партизан цэрэг элсүүлэх зэрэг асар их ажлыг зохион байгуулж байв. 1921 оны 2-р сарын есөнд болсон хувьсгалчдын зөвлөлгөөнөөр ардын журамт цэргийг байгуулах ажлыг түргэтгэх, зэвсэгт тэмцэлд идэвхтэй бэлтгэх зорилгын үүднээс Д. Сүхбаатарыг журамт цэргийн жанжнаар томилсон байна. 1921 оны 3-р сарын 1-3 ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын анхдугаар их хурал Монгол орны улс төрийн байдлын тухай хэлэлцэж, намын Хөтөлбөрийг батлан бүх ард түмний зэвсэгт бослогыг бэлтгэн явуулах, Ардын журамт цэргийн штаб байгуулах, Монгол Ардын Намын Төв Хороог сонгон нам байгуулах тухай асуудал хэлэлцжээ.
Монгол Ардын Намын Анхдугаар Их хурал Ардын журамт цэргийн жанжинаар Д. Сүхбаатарыг томилсон юм. 1921 оны 3-р сарын 13-нд Дээд Шивээ хотноо “Монгол Ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” гэдэг нэртэйгээр Монгол Ардын Түр засгийн газрыг МАН-ын удирдлагаар байгуулсан байна. Түүний бүрэлдхүүнд Д. Сүхбаатар оржээ.1921 оны 3-р сарын 18-ны шөнө Хиагт хотноо бүгж байсан гамин цэргийн гол хүчийг бут цохиж Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж ард түмний зэвсэгт бослогын том ялалт, ардын хувьсгалын эхлэлт болжээ. Монголд ийнхүү хоёр засгийн газар байгуулагдав. Нэг нь саяхан дахин сэргээн байгуулагдсан хууль ёсны Богд хаант Монгол улсын Засгийн газар, нөгөө нь Дээд Шивээ хотноо байгуулагдсан Монгол Ардын Түр засгийн газар байлаа. Хиагтыг хятадын гамин цэргээс чөлөөлөх тэмцэлд Д. Сүхбаатарын зохион байгуулах ур чадвар улам тодорч чин зоригт авьяаслаг жанжин болохоо илтгэн харуулсан юм.
Д. Сүхбаатараар удирдуулсан ардын журамт цэрэг болон Нейман, Шетинкинаар удирдуулсан улаан армийн олон мянган орос цэргүүд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл Хүрээнд орж ирэв. 1921 оны 7-р сарын 8-ны өдөр МАН-ын төв хорооны өргөтгөсөн хурал болж хууль ёсны Богд хаант монгол төрийг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 1921 оны 8-р сарын 10-нд Богд хаант Монгол улсын засгийн газрыг татан буулгаж, Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Ардын засгийн анхны Ерөнхий сайдаар Д.Бодоог томилж, Д. Сүхбаатарыг Ардын засгийн газрын Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилжээ.
Д. Сүхбаатарыг Ардын засгийн газрын Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилсний дараа 1921 оны 8-р сарын 11-нд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэнд тунхаглан зарлажээ. 1921 оны 11-р сард байгуулагдсан Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлын хэлэлцээр бол их бага үндэстний хооронд жинхэнэ тэгш эрх, бие биеэ хүндэтгэх, харилцан туслах зарчмын үндсэн дээр байгуулагдсан олон улсын ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн юм. Монгол Ардын Нам төрийг үндэслэн байгуулагчдын нэг, улсын баатар, цэргийн жанжин Д.Сүхбаатар ийнхүү нам ард түмнийхээ үйл хэрэгт зүтгэхийн үлгэрийг үзүүлж Ардын хувьсгалын ололтыг хамгаалан тэмцсээр 1923 оны 2-р сарын 20-нд таалал төгсчээ
Д. Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө
„Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ! Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!“ хэмээн гэрээсэлжээ.