Л. Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, гүйцэтгэх засаглалыг удирдсаны гурван жилийн ой энэ сард тохионо.

  • 2024-01-15
  • Н.Анхбаяр
  • 106

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, гүйцэтгэх засаглалыг удирдсаны гурван жилийн ой энэ сард тохионо. Ерөнхий сайд болон түүний танхим гурван жилийнхээ ойгоор ард түмэндээ ажлын үр дүнгээ тайлагнах гэж байна. Ерөнхий сайдын улс төрийн манлайлал болох, Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн онцлох ажлуудыг нэрлэвэл:
ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ.
МАН эрх барьсан найман жилийнхээ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд шинэ өөрчлөлтийг 2023 онд оруулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн манлайлал юм. Энэхүү өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй байх бөгөөд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх арга буюу тойргоос, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх арга буюу жагсаалтаар сонгохоор болсон. 2024 оны УИХ-ын сонгууль Үндсэн хуульд оруулсан дээрх өөрчлөлтөөр явагдана. Том зургаараа энэхүү өөрчлөлт Монгол Улсад тогтолцооны шинэ реформ авчирна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон.
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ АСУУДАЛ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван жилийн хугацаанд олон нийтэд хандан үг хэлэхдээ “АВЛИГА” гэдэг үгийг хамгийн олон хэлжээ. Тэр үг, үйлдлээрээ авлигатай тэмцэх бодит ажлыг эхлүүлсэн. Нам, Төрийн байгууллага, УИХ дотроосоо авлигачдыг илрүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгав.
Хөгжлийн банк, төрийн сангуудын зээлийн мэдээллийг ил тод болгоход Ерөнхий сайд болон түүний Засгийн газар манлайлан оролцов. Хөгжлийн банк болон нүүрсний асуудлаар сонсгол явуулахад ч улс төрийн манлайлал үзүүлж, хүний өөрийн авлигачдыг багагүй илчилсэн. 5Ш нэртэй ажиллагааг хэрэгжүүлж гадаад оронд оргон зайлсан этгээдүүдийг авчрах, төрийн худалдан авалт, зээлийн сангуудын бүх мэдээллийг ил болгох ажлыг эхлүүлсэн гэх мэт.
Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Муу нуухаар сайн илчил” гэдэг зарчмаар авлигатай тэмцлээ.
БООМТЫН СЭРГЭЛТ
Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн Шинэ сэргэлтын бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг онцолсон. Гурван жилийн хугацаанд урд, хойд хөрштэй хиллэдэг 10 гаруй боомтын үйл ажиллагааг сайжруулж, зургаан боомтод бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэжээ. Тодруулбал, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг 6 боомтод бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, Булган боомтын уул уурхайн болон импортын ачаа барааны шинэ гарц нээх, Увс аймгийн “Дэглий Цагаан” нисэх буудалд агаарын замын байнгын ажиллагаатай Олон Улсын боомт шинээр байгуулах, Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох туршилтыг эхлүүлж, Эрээнцав-Соловьевск боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэн ажиллажээ. Боомтын сэргэлт эрчимжсэнээр манай улсын ачаа тээврийн эргэлт анх удаа 105 сая тоннд хүрсэн байна.
ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ.
Төрийн албан хаагчдыг хөдөө орон нутагт шилжин ажиллабал илүү цалин, урамшуулал олгох тогтолцоог нэвтрүүлэв. Мөн Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин, суурьшин амьдрах иргэдэд хөнгөлөлттэй зээл, ажлын байр, орон сууцы дэмжлэг үзүүлэх эрхийг тухайн орон нутгийн Засаг дарга нарт олгосон. Түүнчлэн, төрийн зарим байгууллага, алба хаагчдыг орон нутагт шилжүүлэн ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Том зургаараа сонгуулийн бүсчилсэн тойрогтой болох гэж байгаа нь орон нутгийн хөгжлийг тэтгэх, хүн амын төвлөрлийг хөдөө рүү чиглүүлэх Ерөнхий сайдын гол санаа юм.
МОНГОЛД ЗОЧИЛ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлахад урд өмнө байгаагүй хөрөнгө босгож ажиллав. Олон улсад Монгол бүүм болов. Үр дүнд нь 650 мянган жуулчин Монголд ирж, зөвхөн аялал жуулчлалын салбарын орлого 3.4 тэрбум төгрөг болжээ.
Энэ ажлууд Монголын улстөрд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн реформ гэж хэлэхээс өөр юу гэхэв. Ерөнхий сайдын эхлүүлсэн тогтолцооны шинэчлэл, авлигын тэмцэл, боомтын болон хөдөөгийн сэргэлт Монгол Улсад хөгжил авчрах уу гэдгийг цаашид цаг хугацаа харуулна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний танхимын өнгөрч буй гурван жилд эдийн засагт гаргасан ТАВАН РЕКОРД амжилтыг дурдая.
-Монгол Улсын экспортын орлого анх удаа 15 тэрбум ам.долларт хүрэв.
-Монгол Улс анх удаа жилд 70 сая тонн нүүрс экспортлов.
-Монгол Улсын аялал жуулчлалын орлого анх удаа 1 тэрбум ам.доллар давав.
-Нэг монгол хүнд ногдох ДНБ анх удаа 5.220 ам долларт хүрэв.
-Монгол Улс 165.000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоов.
Түүнчлэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгууль хүртэл Засгийн газраа удирдан ажиллавал сүүлийн найман жилд хамгийн тогтвортой ажилласан Ерөнхий сайд, цаашлаад 2024 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулж, Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллабал сүүлийн 30 жилд хамгийн удаан гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан хүн болно.